Дэлхийн кикбоксын аварга Монголоос төрлөө
Украйны нийслэл Киев хотод кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ. Тэмцээнийг Украйн улсын Засгийн газар, дэлхийн кикбоксын холбоо хамтран зохион байгуулсан байна.
Энэ удаагийн дэлхийн аваргын тулаанд улсаа төлөөлж “Мишээл Кикбокс төв”-ийн тамирчин Ө.Төрбаяр, Б.Наадам нар хүч үзжээ. Ингээд тэмцээний 65 кг-д тулалдсан Ө.Төрбаяр эхний өдөр эзэн орны тамирчин Максим Петронког оноогоор хожиж гараагаа тун сайн эхлүүлсэн байна. Тэрээр жиндээ дэлхийн аваргын рингнээс алтан медаль хүртэн эх орныхоо төрийн дууллыг Киевийн тэнгэрт эгшиглүүлжээ. Ө.Төрбаяр гурван үеийн турш өрсөлдөгчөө оноогоор илүүрхэн ялалт байгуулсан байна.
Тэгвэл тэмцээний 75 кг-д өрсөлдсөн Б.Наадам Афганистаны тамирчин Саедапамауд Субаезыг 3:0 харьцаагаар хожиж хүрэл медалийн эзэн болжээ. Энэ удаагийн дэлхийн аваргад Монголын багийн бүрэлдэхүүн 10 тамирчинтай явах байсан хэдий ч зардал санхүүгийн асуудлаас шалтгаалан хоёр л тамирчин дасгалжуулагч багш О.Алтанпүрэвийн удирдлага дор Украйныг зорьсон байна.
Энэ сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 50 гаруй улсын 2000 тамирчин кикбоксын зургаан төрөлд өрсөлдсөнөөс манай тамирчид нэг алт, нэг хүрэл медаль өвөртлөн өнөөдөр эх орондоо 23 цагт газардах юм байна. Дашрамд дуулгахад, кикбоксын тамирчдыг ирэх есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд хойд хөршид болох дэлхийн цомын тэмцээн хүлээж байгаа ажээ.
Б.Номуун
URL: