А.Гаукар:Тайваньд 360 төгрөгийн үнээр зарагддаг гэрэлт зулыг манайхан 30 дахин нугалж зардаг
Иргэдийн сүсэг бишрэлээр түрийвчээ түнтийлгэдэг хүмүүсийг дэмжихээ больё. Зул өргөх дээдийн дээд буян болдог гэлцэнэ. Гэхдээ зул өргөх ёслол нь тухайн улс орныхоо ёс заншил, ахуйн хэрэглээнээсээ шалтгаалаад олон янз байдаг байх. Маргааш “гэрэлт зул өргөх” ёслол гэгч зан зүйл болох ажээ. Энэ талаар “Урт нэртэй” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн А.Гаукараас зарим зүйлийг тодрууллаа.
-Та нар “Урт нэртэй” хэмээн байгууллагаа нэрлэсэн нь ямар учиртай юм бэ?
-Уг нь “Монголын сайн сайхны төлөө нийгмийн ил тод байдлын нэгдсэн судалгаа” гэдэг Төрийн бус байгууллага юм аа. Ийм урт нэртэй болохоор нь бид товчлоод ингэж бичиж байгаа.
-Гэрэлт зул өргөхтэй холбогдуулан Нийслэлийн удирдлагад мэдэгдэл хүргүүлсэн гэж сонссон. Яг ямар учиртай, юуны тухай мэдэгдэл байв?
-Манай “Урт нэртэй” төрийн бус байгууллагын зүгээс хоёр ч удаа мэдэгдэл хүргүүлээд байгаа. Мэдэгдэл гаргах болсон шалтгаан нь гэрэлт зул өргөхөд ямар нэгэн хяналт байхгүйгээс болж, байгаль орчинд хор хөнөөл учруулах, цаашлаад гэрэлт зул өргөх нь өөрөө бизнесийн шинж чанартай болж байгаа нь ажиглагдаж байгаа юм. Гэрэлт зул өргөх ёслолын тухай хаанаас ямар шийдвэр гаргасан, хэн зөвшөөрөл олгосон, эсвэл хувийн байгууллагууд өөрсдөө зохион байгуулж байгаа эсэхийг тодруулах, цаашид таслан зогсоох хүртэл арга хэмжээ авахуулахын тулд мэдэгдлээ хүргүүлсэн юм. Бид 8 дугаар сард Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт гэрэлт зул өргөх ёслолын арга хэмжээний талаар мэдэгдэл хүргүүлж, иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасан хугацаа буюу ажлын 10 өдөрт багтаан бидний мэдэгдэлд хариу өгөхийг хүссэн боловч хариу ирээгүй. Тиймээс бид дахин 11 дүгээр сарын 19-нд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд мэдэгдэл хүргүүлсэн. Одоо хариугаа хүлээж байна. Хэрэв НЗДТГ-аас энэ тухай тодорхой хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авах болно.
-Таслан зогсоох хүртэлх арга хэмжээ авахуулахын тулд тодорхой үндэслэлд тулгуурлах ёстой байх. Тэгэхээр танай байгууллагын зүгээс ямар үндэслэл гаргаж тавив?
-Гэрэлт зул өргөх ёслол гэдэг бол гадны шашныг Монголд дэлгэрүүлэх гэсэн бас нэг санаа юм шүү дээ. Бидэнд ийм ёс заншил байхгүй. Гэрэлт зул өргөх ёслол нь Тайванаас гаралтай бөгөөд далайн орнууд далай руугаа хөөргөдөг энэхүү ил галыг нь хүн ам ихээр суурьшсан, шатахуун түгээх станцууд олноор төвлөрсөн нийслэл хотдоо хөөргөж, улмаар ил гал хаана очиж буухыг хэн ч мэдэхгүй. Тэгээд богд уул руугаа хавар, намрын улиралд ил галыг олноор нь хөөргөснөөр эргэж газарт буухдаа хог хаягдлыг бий болгохоос гадна байгаль орчинд гал түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Мөн ашиг хонжоо олох сэтгэлгээг бий болгож байгаа юм. Энэ үйлдэл нь байгаль орчныг бохирдуулж, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх үндэслэл болж байна. Хуульд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулах зохицуулалт байгаа боловч дээрх үйлдлээс болж хохирол учирвал хэн хариуцах, түүнд тавих хяналт байхгүй байгаа зэрэг нь хууль зөрчсөн үйлдэлд хүргэж байна.
-Та дээр хэлсэн. Гэрэлт зул өргөх ёслол нь хэн хэгний ашиг хонжоо харсан бизнес болчихоод байна гэсэн. Гэрэлтзул гээд яриад байгаа “цаасаар ороосон дэнлүү”-г яг зах зээлийнх нь үнэ хэд байдаг юм бол?
-Маш зөв асуулт байна. Бид гэрэлт зул өргөх асуудлын талаар мэдээлэл цуглуулаад явж байхад манай наймаачид Тайвань улсаас нэг бүрийг нь 250 цент буюу 360 төгрөгөөр худалдаж авдаг нь тогтоогдсон. Тэгээд тэд 10 мянган төгрөгөөр зардаг. Өөрөөр хэлбэл, 30 дахин нугалж зарж байна гэсэн үг л дээ. Энэ нь өөрөө шулан мөлжих бизнес болоод байна.
-30 дахин нугалж зардаг гээд бодохоор дэндүү харамсалтай юм. Монголчууд бие сэтгэлээсээ гадна, санхүүгээрээ бас хохирдог болж таарч байна уу?
-Харин тийм. Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зулын 25 болох гэж байна. Монголчууд хэзээ тэнгэр рүүгээ гал хөөргөдөг байсан юм. Гэр гэртээ зул өргөөд мацаг бариад л энэ өдрийг буян үйлдэж өнгөрүүлдэг байсан. Шашин шүтэх, эс шүтэх нь нээлттэй ч ард иргэдийн сүсэг бишрэлээр бизнес хийгээд байгаа нь харамсалтай юм. Дараа нь тэд ямар ч хариуцлага үүрдэггүй, нөгөө ууттай дэнлүү нь хог болж, ТҮЦ-ний ажлыг нэмж, хотын гудамжаар хөглөрч байгаад л дүргүйцлээ илэрхийлж байгаа нэг хэлбэр юм даа. Үүнтэй адил хор хохирол ихтэй асуудлуудад хотын удирдлагууд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна.
URL: