Л.Жанчивдорж агсны хүү Ж.Жамъянсүрэнд туслая

 

Монголын урлагийн нэрт мастеруудын нэг, гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү, үзэгч та бидний “Мөрөөдлийн хөлөг” онгоц олон ангит киноны дүрээр сайн мэдэх жүжигчин Ж.Жамъянсүрэн 2009 оноос бөөрний дутагдал гэсэн оноштой хүнд өвчний учир уран бүтээлээс түр завсарлага аваад байгаа билээ. Тэгвэл  “Таны телевиз”  уриатай, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “TV9” телевизийн уран бүтээлч хамт олон “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн багийнхан түүнд туслахаар болжээ. Тэд нэвтрүүлгийнхээ шугамаар БНСУ-ын “Wonkwang” их сургуулиар дамжуулан  “Wonkwang” бөөр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандсанаар бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр  хийлгэхээр болсон байна.  Тус эмнэлэгт ийм төрлийн мэс заслыг хийлгэхэд монгол мөнгөөр  70-80 сая төгрөг, тэгвэл 50 хувь хөнгөлснөөр 45-50 сая төгрөгийн зардал гарах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн ийм боломж тэр болгон олдоод байдаггүй. Иймд нэгэнт боломж олдсон дээр мэс засалд орохыг хүсч байгаа ч шахуу хугацаанд зардал олоход хүндрэлтэй байгаа тухайгаа дуулгаж байсан.  Мэдээллийн ивээн тэтгэгчээр  “Зууны мэдээ” сонин,  “TV9” телевиз  хамтран ажиллаж байга аж. ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга, Ж.Жамъянсүрэнгийн төрсөн дүү, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Ларьдма”, “Цагаан шөнө” киног найруулсан авьяаслаг найруулагч Ж.Сэнгэдорж болон  найз нөхдийг нь төлөөлж н.Алтангэрэл,  “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн  реадктор  н.Алтанзул нар  ард түмэндээ хандан хэвлэлийн бага хурал хийсэн юм.  Жүжигчин Ж.Жамъянсүрэн бие нь тааруухан байгаа ч  үзэгч түмнээ хүндэтгэж өөрийн биеэр хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн юм.
Тэгвэл өчигдөр жүжигчин Ж.Жамъянсүрэн БНСУ-ыг зорьсон юм. Түүнд туслахыг хүссэн хэн бүхэн түүний ХААН банк 5027613885 дансанд хандан хандив өргөж болох бөгөөд  өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг хүртэл 150950 тусгай дугаарт мессэж илгээн хандив өгөх боломжтой болж байгаа юм шүү.
Ингээд хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүсийг яриаг хүргэе.

 

Ө.Уянга: Урлаг, соёлын салбарынхан нэг өдрийн цалингаа хандивлая

-Бид 2012 онд Ж.Жамъянсүрэнгийн эмчилгээний зардалд хандив цуглуулахаар “Нэгэн нарны дор” тоглолт зохион байгуулж 17 сая төгрөг олсон. Бөөрний аппаратад орох зардал, эм тариа монголд үнэтэй. Долоо хоногт 3-4 удаа аппаратад орох шаардлагатай, нэг удаагийн үнэ 150 мянган төгрөг  байдаг. Тиймээс бидний цуглуулсан 17 сая төгрөг эмчилгээний зардалд зориулагдсан. Энэ удаа Ж.Жамъянсүрэнд  маань БНСУ-ын эмнэлэгт 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хагалгаанд орох боломжийг “TV9” телевизийн  “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хамт  олон олгожээ. Нэгэнт ийм боломж олдсон дээр хүнд өвчинд шаналж байснаас бөөр шилжүүлэн суулгах мэс засалд яаралтай  орох нь түүнд хэрэгтэй байна. Хагалгаанд 70-80 сая төгрөг зарцуулагддаг, 50 хувь хөнгөлж буй учраас 45-50 сая төгрөг орохоор байна. Би түрүүнд хэлсэн  бөөрний аппаратад орох, эм тарианы мөнгө гээд зардал өндөр тул өмнө тоглолтоор олсон мөнгөө түүнд зарцуулсан. Тиймээс хагалгааны зардлыг олоход урлаг соёлын салбарынхан, яамнаас эхлээд улсын болон хувийн театрууд, хөдөө орон нутгийн театр, соёлын ордон, хошин урлагийн продакшнуудад ажиллаж буй урлагийнхан маань нэг өдрийн цалингаа хандивлаач гэж уриалж байна. Тэгвэл нэлээд том асуудлыг шийдэж чадахаар байна.


Ж.Сэнгэдорж: Урлагийн далайг гатлах гэсэн аавынхаа мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хамтдаа  зүтгэнэ

-Ах бид хоёр нэг алхмаас, нэг ертөнцөөс урлагийн зам мөрт зэрэг орж ажилласан. Урлагийн ертөнцийг хөлөг онгоц гэвэл түүнийг барьж явж  хуурай газарт нь хүргэхийн төлөө ажилласан аавынхаа мөрөөдлийг биелүүлэхийн  төлөө бид хоёр зүтгэж ирсан, цаашдаа ч зүтгэнэ. Амьдрал гашуун бас чихэрлэг бүгдийг хольж хутгадаг шиг хэнд ч  янз бүрийн зовлон бэрхшээл ээлжилдэг. Түүний нэгэн адил ах минь хүнд өвчин тусч бэрхшээлтэй тулгарлаа. Гэхдээ энэ бэрхшээлийг туулна гэдэгт итгэж байна. Ахыг минь хүнд өвчнөөс ангижрахад тусалж дэмжихийг та бүхнээс хүсч, уриалж байна. Мөн энэ дашрамд миний ахад тусалж, дэмжих аян өрнүүлсэн TV-9 телевизийн  хамт олон, Мөрөөдөл биелдэг юм” багийнхан, Солонгосын Wonkwang их сургууль,   Wonkwang бөөр шилжүүлэн суулгах эмнэлэгийн хамт олонд баярласнаа илэрхийлье.

н.Алтанзул: Эмнэлгийн хөнгөлөлт, донороо олсон давуу талууд дээр зардал нэмэгдвэл бүтэхээр байна

-Манай нэвтрүүлэг уг нь хүмүүсийг үнэ төлбөргүй оношлогоо, эмчилгээ хагалгаанд авч явдаг . Гэтэл Ж.Жамъянсүрэнд тохиолдсон энэ асуудал нь яалт ч үгүй эрхтэн шилжүүлэх мэс засал учраас хагалгааны зардал шаардагдаж байгаа юм. Тиймээс хандивын аяныг өрнүүлж байна. Хагалгаа 50 хувийн хөнгөлттэй үнээр бүтэхээр болж, нөгөө талаас донороо олчихсон зэрэг давуу талууд байгаа учир сайхан сэтгэлт монголчуудаа  тусалж, дэмжихийг уриалж байна. Нэг ч гэсэн монгол хүн, залуу уран бүтээлч, өрхийн тэргүүн эрүүл саруул сайхан болоосой гэж хүсч байна.

Ж.Жамъянсүрэн: Эрүүл болж ирээд урлагтаа зүтгэнээ

-Надад тусалж, дэмжиж байгаа бүх хүнд талархал илэрхийлье. Солонгос явж хагалгаа хийлгэж эрүүл болж ирээд та бүхний төлөө, монголчуудынхаа төлөө, урлагийнхаа төлөө зүтгэнэ гэж бодож байна.

Сайхан сэтгэлийн гал хэзээ ч  унтдаггүй, унтардаггүй. Таны сэтгэл зүрхэнд ч гэсэн ийм гал, ийм сэтгэл дүрэлзэж буй гэдэгт итгэж байна.
Дахин сануулахад, түүний дансны дугаар, ХААН банк 5027613885, ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн 31-ныг хүртэл 150950 тусгай дугаарт мессэж илгээн хандив өргөх боломжтой болж байгаа юм шүү.

Жүжигчин Ж.Жамъянсүрэнд сэтгэлийн дэм өгцгөөе.
Г.Даша EAGLE


URL:

Сэтгэгдэл бичих