Сүүлчийн Их Хуралдайн өмнө
Зургийн тайлбар: Б. Ринчин докторын хүргэн, Монголч эрдэмтэн Хар Дорж буюу Kara George-ийн хамт
Нийтлэгчийн өмнөх үг
Юуны өмнө эх түүхийнхээ үйл явдлуудаас сурвалжлан судлаж, та бидэнд тодотгон хүргэж байгаа Цахим өртөөний анд Б. Номинчимэддээ гүн талархал илэрхийлье!
Түүхийг бид зүгээр нэг мэдээд өнгөрөх бус юуны өмнө түүнээс сургамж авахын тулд судалдаг гэлцдэг. Энэ үүднээс үзвэл энэ түүх сонирхолхой, дүгнэлт хийх өгөгдлүүдээр баян. Түүхэнд хэрэв гэж байдаггүй гэлцдэг. Өнгөрсөн түүхийн хувьд тийм байдаг юм бол ирээдүйдээ зориулсан дүгнэлт хийж бол лавтайяа болох буй заа. Та байсан бол ямар дүгнэлт хийж, ямар сургамж авах байв? Гол нь дэлхийн талыг эзлэж, Орос, Хятадыг хүртэл эрхшээж явсан Их Монгол гүрэн яагаад бусдын эрхшээлд хүртэл орж, өнөөдрийн энэ хэмжээнд хүрэв? Өнөө үед, цаашид бид яавал энэ гашуун түүхийг шинэ хэлбэрээр, шинэ нөхцөлд давтахгүй байж болох вэ?
Энэ асуултын хариуг бид эх түүхээсээ асууж, ирээдүйдээ зориулсан сургамж дүгнэлтийг гаргаж авах ёстой. Хамтдаа бодоцгооё. Таны оюуны мэлмий тунгалаг байж, дүгнэлт тань мэргэн байх болтугай
Нийтлэгч 2013-11-29
Хятадын өмнөд нутаг Сычуанаас авчирсан Мөнх хааны чандрыг хүү Асутай нь дөрвөн хатных нь өргөөнд аваачиж гашуудал хийлгэжээ. Эхний өдөр нь Хутагтай хатныд, дараах өдрүүдэд нь Кутай, Чабун, Киса хатдын гэрт оруулж гашуудал үйлдсэн байна. Тэгээд Чингис хаан болон Тулуй хан нарыг оршоосон Бурхан Халдуны Их хоригт нутаглуулжээ.
Энэ ажлыг Аригбөх, Асутай нар удирдан хийжээ.
Энэхүү хан хүү Асутай бол Мөнх хааны татвар эм, илжгэн овгийн Куйтаниас гарсан хүү юм. Юань-Шигийн мэдээгээр Мөнх хаан таван хатан, хоёр татвар эхнэртэй байжээ. Түүний их хатан Хутагтайгаас Балт, Уранташ нэрт хоёр хүүтэй, мөн татвар эхнэр Баявчингаас гарсан Ширеки нэрт хүүтэй байсан ч тэрээр Асутайдаа илүү байж, түүнийг ямагт дэргэдээ байлгаж байсан төдийгүй Асутайн дөрвөн хүүг Мөнх хаан өөрийн өргөөндөө онцгой анхааралдаа авч өсгөн бойжуулж байжээ. Тэгэхээр Мөнх хааны хүүхдүүдээс Асутай илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан байна. Ийнхүү Мөнх хааныг оршуулах үеэр хэрэг явдал ундарч гарчээ.
Юуны өмнө Мөнхийн дөрөвдүгээр хатан Чабун Тайжутай, Яку нарын ноёдыг Хубилайд элчээр илгээсэн нь түүнийг Эжоу хотын хэрэмний дэргэд байхад очсон байна. Тэднээр Чабун хатан “Аригбөхийн ахлах ноёд Алаандар, Дорж нар монгол, жавкутаас цэрэг татаж байна. Тэр цэргүүдээ чухам юуны тулд цуглуулж байгааг мэдэхгүй. Одоо хаан суудалд суух хүн Аригбөх та хоёроос өөр хэн байх вэ? Чи яаралтай буцаж очвол сайн байна. Яах вэ?” гэж Хубилайд хэлүүлжээ. Түүнээс хоёр хоногийн дараа Хубилайд Аригбөхөөс элч ирээд “Биднийг өөрийн чинь эрүүл мэндийг мэдээд ир гэж явууллаа” гэж хэлжээ. Хубилай хариуд нь “Аригбөх цуглуулж байгаа цэргүүдээ хааш нь илгээх гэж байгаа вэ?” гэж асуухад “Бид зарц нар. Энэ талаар бид сайн мэдэхгүй юм. Энэ үг дэмий цуу үг байж магадгүй” гэж хариулсан байна. Аригбөхийн элч нар ийнхүү хариулсанд Хубилайд эргэлзээ төрж, “Хэрвээ Аригбөх аль нэг зүгт илгээхээр цэрэг цуглуулсан бол түүнээ юуны учир нуух вэ? Энэ арга заль байж магадгүй” гэж боджээ. Тэгээд Урианхайдай, Бахадур нартай нууцаар зөвлөлдөж, хэлсэн нь “Аригбөх бидний талаар юу гэж бодож байгаа юм бүү мэд. Та хоёр энэ талаар үнэн мэдээ иртэл хүлээж эндээ бай. Би Хар мөрнийг гаталж, Хятадын нутгаас гарсан хойно л чухам юу болж байгаа тухай мэдээг та хоёрт явуулья” гээд өөрөө яаран гэдрэг буцжээ.
Энэ үед өөр өөр замаар гэдэргээ буцаж явсан хан хөвүүн Тогачар, Хадаан, Есүнхэ мэргэн нар цэргүүдийн хамт замдаа таарсан хятадын хот тосгодыг дайлж явав. Хубилай Кайпинд хүрч ирээд Дорж, Алаандар нарын ноёд Ил тарвагатай, Умард хятад дахь эзэмшлүүдээс цэрэг татахаар маш шаргуу шаардаж байсан хийгээд тэд Аригбөхтэй байнгын холбоотой байсныг мэдээд Аригбөхөд элч илгээж “Юуны учир их цэргийг цуглуулна вэ? Тийм хэрэгцээ бий билүү. Бид Сүнтэй нэгэнт тооцоо дуусгасан. Тэгэхээр цэргийг тарааж, иргэдээс татварласан зүйлсээ буцааж өгөг. Мөн надтай хамт байсан Тогачар, Нарийн Хадаан, Есүнгэ нарын цэргийг ч буцааж өгөг. Мөнхийн баруун жигүүр болж явсан Муха, Асутай, Жант нарын цэргийг ч буцааж өгөг” гэж хэлүүлжээ. Энэ үед Алаандар ноён Хархорин руу буцчихсан, Дорж ноён Кайпинд байлаа. Эндээс үзэхэд Хубилай Өмнөд Сүнд явсан бусад замын бүх цэргийг Кайпингаар дайралгүй Хархоринд очиж, Аригбөхөд нийлжээ хэмээн бодож байсан бололтой байдаг юм.
Хубилай арга заль зохион элч нараар Аригбөхөд хэлүүлэхдээ “Чи өөрийн нэг ноёныг элчүүдтэй хамт бидэнд илгээ” гээд өөрөө мөн нэгэн ноёныг элч нартай хамт Аригбөхөд илгээжээ. Тэр үед нэр нөлөө бүхий томоохон ноёдыг элчтэй хамт илгээх нь нэг талаар элчийн хүргэж буй мэдээ сэлтийн ач холбогдлыг өндөрт өргөсөн, итгэлцлийг бататгасан хэрэг байжээ. Хубилайн ноён Аригбөхөд очоод түүнд ихэд аминчлан машид нууцаар ийн хэлжээ. “Хубилай та нарын нуугаад байгаа санааг мэдчихсэн. Тийм болохоор хамгийн сайн арга бол Хубилайд өөрийн ахлах ноёдоос нэгийг их бэлэгтэй явуулбал Хубилайн санаа амарна” гэжээ. Энэ бол Хубилайн зориуд зохион байгуулсан занга байсан байна. Аригбөх ч энэхүү занганд тун хялбархан орчихов. Тэр ахлах ноён Дорж, Туган нарыг нэг зуун элчийн хамт Хубилайд таван шонхор шувуугаар бэлэг хүргүүлэхээр явуулжээ. Энэ нь үнэн хэрэгтээ Хубилайд асуудлыг маш тов тодорхой болгож өгчээ. Өөрөөр хэлбэл Аригбөх хаан ор суухаар бэлтгэж, цэрэг зэвсгийг базааж байгаа нь Хубилайд тодорхой болов.
Ахлах ноён Дорж, Туган нар Хубилайд маш сайхан нялуун үгийг хэлж, “Аригбөх сэтгэлийн цээрийг арилгаж, амар мэндээ мэдэлцэн ирэхгүй юм байхдаа” гэж хэлүүлж байна гэжээ. Мөн “Аригбөх ардуудаас татвар татварлахыг больсон” гэжээ. Хубилай хариуд нь мөн л найрсаг сайхан үг хэлээд “Та нар ирж, үнэнийг дуулган хуурамч цуурхал ярианы учгыг тайлан сэтгэлийг минь амраалаа. Тийм болохоор одоо бүгдээр тайван байцгаая” гэж хэлж тэднийг хуураад Бахадур, Урианхайдай нарт элчийг нууцаар яаран довтолгож “Эжоу хотын бүслэлтийг орхин нэн дариу ирцгээ. Хүмүүний амьдрал, хувь заяа тэнгэрт нүүх үүлэн мэт солигдож байна” гэж хэлүүлжээ.
Гэвч Бахадур, Урианхайдай нар тэндээ цэрэгтэйгээ үлдэж, харин өөр замаар явсан хан хөвүүн Тогачар, Есүнгэ, Хадаан нар Бээжинд ирж, Хубилайд нийлжээ.
Дорж, Туган нар Аригбөх дээр эргэж ирээд болсон явдлыг хэлэхэд тэд “Хубилай бидний явдлыг мэджээ. Тэгэхээр сайн арга бол хан хөвүүдийг цуглуулж, тэдэнтэй зөвшилцөн хаан ширээний хэргийг шийдье” гэж зөвлөлджээ. Ингээд орон даяар элч илгээж хан хөвүүд, ноёдыг зарлан дуудсан байна. Дараачийн Их хуралдай хуралдаж Их хааныг сонгох хүртэл төрийн хэргийг Аригбөх мэдэн шийтгэж байх эрхтэй байлаа. Түүний зарлиг тушаалыг гүрний аль ч хязгаарт үг дуугүй биелүүлэх учиртай байв. Гэвч Тогачарын хүү Наймандай, Чинтөмөрийн бага дүү Тису хоёр л иржээ. Бусад нь ямар нэгэн шалтаг заан ирсэнгүй тул Аригбөх ноёдтойгоо дахин зөвлөлдөв. Тэгээд “Хубилайд дахин нэг элч илгээж худал үгээр тайвшруулан, аюулгүй юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлэх нь зүйтэй” гэж ярилцаад Дорж ноёныг мөн хоёр нөлөө бүхий ноёны хамт Хубилайд илгээжээ. Энэ нь нэг талаар цаг хожих гэсэн арга байв.
Үнэн хэрэгтээ “Мөнх хааны тайлгад оролцохоор Хубилай болон бусад хан хөвүүд ирвэл сайн байна“ гэж хэлүүлээд хууран авчирч барин авах бодолтой байсан хэмээн Рашид–ад-дин тэмдэглэн үлдээжээ.
Аригбөх болон түүний талынхан Хубилайн талаар тийм ч сайн сайхнаар бодож байгаагүй нь өмнөх хэрэг явдлуудаас тодорхой юм. Монгол улс үндэстнээ гэсэн Монголын зарим томоохон ноёд Хубилайг төрийн эргэлтэнд эртнээс бэлтгэж байгааг мэдэж, түүнээс сэргийлэхийг Мөнх хаанд сануулж байсан. Тэгээд ч Хубилайн өмнөд Хятад дахь үйлдлээс түүний бодол санаа улам тодорхой болоод байлаа. Мөнх хааны дараа хаан ширээнд Аригбөх, Хубилай хоёрын хэн нэг л гарах нь тодорхой байсан юм.
Хаан ширээний төлөөх тэмцэл аль ч цаг үед хатуу ширүүн, хэнийг ч ялгахгүй энэрэл өршөөлгүй байсан. Соёлжиж, иргэншсэн өнөөдөр ч засгийн эрхийн төлөөх өрсөлдөөн ямар эрээ цээргүй, нэр нүүргүй байгааг бид сүүлийн арав гаруй жилд болсон удаа дараагийн сонгуулиудаас харж байгаа. Ах дүү хоёр талынхны аль алиных нь хувьд хаан ширээг авах нь үхэх, амьдрахын асуудлыг шийдвэрлэх явдал болоод байжээ. Тэгэхээр ганц Аригбөхийн талынхан л Хубилайг хууран авчирч барин авах гэсэн санаархал байсан гэвэл өрөөсгөл явдал болох юм. Хубилайд ч мөн тийм бодол байсан. Аригбөхөөс Алаандар зэрэг ноёд “Чи биднийг хонь шиг өрлүүлэх гэж байна уу” хэмээн шавдан асууж байсан нь тэд Хубилайн заналхийллийг тов тодорхой мэдэж байсных билээ. Иймд Аригбөх хаан ширээнд далдуур санаархаж, түүнээс сэргийлэхийн тулд Хубилай арга буюу өөрийгөө хаан хэмээн зарласан хэмээн тайлбарлах нь учир дутагдалтай санагдана.
Хоёр тал хоёул хаан ширээнд нууцаар бэлтгэн, хүчээ нөөцөлж байсан хийгээд харин хэн нь өрсөн, давуу нөхцлийг амжиж бий болгох вэ гэдэг асуудал л байсан юм.
Ахлах ноён Доржоор толгойлуулсан Аригбөхийн элч нар Хубилайг Жунду буюу одоогийн Бээжинд байхад очжээ. Энэ үед өмнөд Сүн улсыг дайлах аянаас Тэмүгэ Отчигоны хүү Тогочар, Хасарын хүү Есүнгээ, хаан хөвүүн Нарийн Хадаан болон бусад олон түмтийн ноёд Бээжинд цуглаж таарсан байна. Аригбөхийн элчийн үгийг сонсоод хаан хөвүүд бүгдээр нэгэн дуугаар “Хаан ахыг нутаглуулах ажилд бид бүгдээр оролцох нь зөв, маш чухал хэрэг, бид зайлшгүй очих ёстой. Гэхдээ бид аян дайнаас ирж дуусаагүй байна. Урьдаар гэр гэртээ хариад тэндээсээ цугларан цөм хамт очицгооно” гэж нэгэн дуугаар хэлжээ. Дорж ноёнтон энэ байдлаас ямартай ч сэжиг авч “Миний нөхөд энэ хариуг аваад буцагтун, би баахан хүлээж байгаад та нартай хамт явьяа” хэмээн үлдээд бусад нөхдөө Аригбөхийн зүг илгээжээ. Дорж ноёны ийнхүү үлдсэн нь тэдгээр хаан хөвүүдийг шахамдуулан авчрахаас илүүгээр тэдний хэрэг явдал сэжигтэй байгааг ажиглан тандах явдал байсан гэж үзвэл зохилтой. Тэгээд ч нөгөө талаар өөрөө үлдэн, дагалдагсадыгаа буцаасан байдлаас Аригбөх ямар нэгийг сэтгэн ухах учиртай ч байсан байж болох юм.
Энэ үйл явдлаас хэдэн зууны тэртээд Түрэгийн хаан “Өмнө зүгийн хоёр жаал хүү /Умард ба төв хятадад үүсэн бий болоод байсан Жоу ба Ци хэмээх хятадын хоёр ханлиг/ бидэнд дуулгавартай байсан цагт ядуурлаас айх хэрэггүй” хэмээн хэлэх дуртай байсан гэдэг. Аригбөх эн тэргүүнд газар нутаг том, эд баялаг хийгээд эдийн засгийн асар их нөөцтэй Хятад оронд өөрийн нөлөөллөө баттай тогтоон барих явдал нь дараа дараачийн үйл хэрэгт чухал тустай байсан нь ойлгомжтой юм. Энэ орноос ар газрын монголчууд цэрэг эрсийн хоол хүнсний хангамж, хувцас хэрэглэл болон бусад нэн хэрэгцээтэй олон зүйлсийг татварлан зөөвөрлөж байсан чухал хангамжийн газар болоод дарай хагас зууныг үзэж байв.
Их гүрэнд хүчтэй засаглал тогтооход хятад улсын эдийн засгийн хүчин чадал чухал гол тулгуур болох байв. Гэвч өмнөд газрыг захиран эрхшээж байсан ах Хубилайн эрх ашиг, сонирхолтой уугуул монгол нутгаа захиран үлдсэн Аригбөх болон монголын бусад нөлөө бүхий томоохон ноёдын эрх ашиг шууд огтлолцон зөрөлдсөн нь ах дүү хоёрын хаан ширээний төлөөх тэмцлийн нэгэн учир шалтгаан байсан бизээ.
Ийм эгзэгтэй үед Хубилайд ойр шадар хятад зөвлөхүүдийн ятгалга, Аригбөхөд монгол ноёдын үг голлох нөлөөтэй байх нь тодорхой юм.
Аригбөхийн элч нар умард хятадын Гансу, Сычуан, Саньшийн тойргоор довтолгож, нас барсан их хааны зарлиг нэрээр цэрэг элсүүлэн цуглуулж, Хубилайн хүү Чингэний харьяатыг ч энэхүү зарлан дуудахдаа хамтатгасан байжээ. Харин Чингэн цэрэг дуудаж ирсэн элчийн шаардлагыг хүлээж авсангүй. Аригбөхийн хувьд ч ийнхүү цэрэг цуух эмхлэн цуглуулах нь нэн тэргүүнд хийвэл зохих зүй ёсны хэрэг байв. Хувь заяаны цохилтонд сульдан унаж, дараачийн цохилтыг хүлээн нус нулимс болон зүгээр сууна гэдэг бол зөвхөн сул доройчуудад хамаатай хэрэг. Мөнх хааныг нас барсны дараа Хубилайгаас эхлээд бие даасан байдалд тэмүүлсэн толгойрхог олон ноёд илэрхийгээр үймээн самуун дэгдээх, төрийн эргэлт ч хийхийг эрмэлзэж нэн болзошгүй болоод байсан хийгээд, улс орон даяар задрал, бутралын хонх хангинаж, түгшүүр, самуурлын ирмэгт тулан ирээд байлаа. Энэхүү задрал нь арван жилийн өмнө Мөнхийг хаан ор суухын үед байснаас ч илүү түгшүүртэй, урхаг ихтэй болсон байв. Дураар шийдэх, салан задгай байх, бие даан тусгаарлах хандлага нэгдсэн их гүрний зах хязгаар бүрт харагдах болж, хязгаар нутгийг эзэмшин суусан хан хөвүүд, их жанжид ноёд аливаа хэргийг өөрийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэхийг эрхэмлэх болсон нь улмаар эдгээр олон ашиг сонирхол мөргөлдөн зөрчилдөж, нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байлаа.
Энэ бодит байдлыг харж байсан Аригбөх нь хаан ахын орыг хамааран, улс үндэстнийхээ түүхэн хувь заяаны өмнө их хариуцлага хүлээн үлдсэний хувьд энэ байдалд хөнжилдөө толгойгоо шургуулан уйлан хэвтэх бус харин ч маш идэвхтэй ажиллаж, эрс шийдмэг байж, улс орноо гэнэтийн самуунаас сэрэмжлүүлэх, Монголын уугуул газар нутгийнханы давуу байдал, төрийн сүр хүчнийг хэвээр хадгалахад цэргийн хүчийг нэмэн цуглуулах, үймсэн олны сэтгэлийг хураан нэгтгэх явдал нэн чухал байсан нь ойлгомжтой юм. Тиймээс Аригбөхийн цэрэг зэвсэг базааж буй нь зөвхөн ахын эсрэг хийж буй атгаг санааных ч байсангүй. Харин юуны учир Хубилайгаас нуув? Тэр бүр Мөнх хааны үеэс л хаан сэнтийд санаархаж байсан Хубилайгаас хамгаас илүү болгоомжлон сэрэмжилж байжээ. Тиймээс Хубилайгаас урьдаж хүч цуглуулах, умард өмнөдөд нөлөөллөө баттай тогтоохыг эрмэлзэж байсан юм.
Хубилайн байдал нэн түгшүүртэй байв. Тэрээр Хөх мөрний хөвөөнөө Эжоу хотыг шахамдуулан дайлсны дараа Сүн улсын нийслэл Ханжоу руу дайрна гэсэн цуу дэгдээн яаравчлан гэдэргээ буцаж ирэхэд нь тийм ч сайн сайхан мэдээ угтсангүй.
Хубилайн хувьд нас барсан Их хааны гэр бүлийнхэн төдийгүй монголын нөлөө бүхий томоохон ноёд ихэвчлэн Аригбөхийг дэмжиж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байв. Их хааны гэр бүлийнхэн болон ойр шадар сайд түшмэдүүд бол Мөнх хааныг монгол гүрнийг дахин нэгтгэн нэг гараар чанга атгахад гол хүчин болсон тун хүчирхэг бүлэглэл билээ.
Өмнөд Сүн дэх Их хааны цэргийн хүчний нэг гол хүн болж явсан эцэг нэгтэй дүү Муха нь Хубилайн талын найдвартай хүн байх учиртай. Хубилайгаас гурван сараар дүү Мухагийн эх бол Хубилайн өрлөг эх болж, тэр хоёр нэгэн эхийн хөхийг хөхөж өссөний хувьд Хубилай түүнд бүрнээ итгэж байв. 1259 оны 9 дүгээр сарын нэгний өдөр Хубилай Мөнх хааныг нас барсан тухай баттай мэдээг зөвхөн Сычуан дахь цэргийн хуаранд байсан Муха ноёноос л лавлан асууж дараа өдөр нь Хөх мөрнийг гатлах байлдааныг эрс зохион байгуулан, үйл ажиллагаагаа гэнэт эрчимжүүлэхэд хүргэж байсан нь Мухад лавтай итгэж байсны гэрч юм.
Гэвч Муха Мөнх хааны дараахан Сычуан хавьд нас барсан байв. Гэлээ ч гэсэн Хубилайд хангалттай хүчин хуримтлагдаад байсан нь Хубилайн өөрийн цэргээс гадна Тогачарын удирдсан зүүн замын цэрэг түүний мэдэлд ирээд байлаа. Мөн Урианхайдайн удирдсан өөр нэгэн замын цэрэг нь эх нутагтаа хүрсэнгүй Гансу мужид тогтов.
Ийнхүү Их хааныг нас барсны дараах 1260 оныг Аригбөх, Хубилай хоёр түгшүүр эргэлзээ дүүрэн угтлаа. Урьд нь цээжин цаана бага багаар хуримтлагдан байсан хорсол, гомдол, далдуур өрсөлдөөн ийнхүү Мөнх хааныг нас барсанаас хойшхи жил гаруйхан хугацаанд ил цагаандаа гарч, нэгэн цул биетийг бүрдүүлж байсан эд эс бүхэн нэн идэвхитэй хөдөлгөөнд орж, гэхдээ тэрхүү хөдөлгөөн бүр нь бие биесийг түлхсэн, эсрэгцсэн шинжтэй болов.
Б. Номинчимэд “Хувьгүй хаан Аригбөх” номоос
Жич: Энэхүү “Сүүлчийн Их хуралдай” гэсэн гарчигийн хувьд нэмэхэд үүнээс хойш ийм Их хуралдай огт болоогүй болно.
Б. Номинчимэд
Эх сурвалж: https://www.facebook.com/nominchimed/posts/660819047271802
Өмнөх холбоотой түүхийг дараах холбоосоор орж уншаарай:
Б. Номинчимэд, Түүхэн эргэлтийн золиос http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2193-article_20131127_001
URL: