М.Уранцэцэг Токиогийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

185aee0183792f6e5ff0626fc0762c4d_LТокио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртэв.

Алтан медалийн төлөө М.Уранцэцэг Японы тамирчин Ами Кондод ялагдсан. М.Уранцэцэг сугалаа ёсоор эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайванын тамирчин Вэй Тин Каог 2:06 минутад цэвэр ялсан. Зооны аваргын төлөө Украйны М.Черньякийг 4:42 минутад цэвэр ялж, хагас шигшээ барилдаанд Японы Мири Тодаг 3:24 минутад ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болжээ.

Токиогийн “Их дуулга” тэмцээн 150 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн 46 орны эрэгтэй 187, эмэгтэй 149 жүдоч тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Манай улсаас 11 тамирчин Токиогийн татамид ур чадвараа сорихоор очсон юм.

Өчигдөр хуваарь ёсоор эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн барилдаан бол аваргаа тодруудсан. Эмэгтэйчүүдийн 52 кг-д манай улсаас тамирчин оролцоогүй. Харин 57 кг-д ОУХМ Д.Сумъяа өрсөлдсөн ч хоёрдугаар тойрогтоо ялагдснаар тэмцээнээ дуусгав. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар өрсөлдөж медаль хүртэж чадсангүй. Энэ хоёр бөхийг ялсан БНСУ-ын Ким Вон Жин мөнгөн медаль хүртжээ. ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг-д өрсөлдсөж хоёрдугаар тойрогт Францын Д.Драгинд ялагдаж тэмцээнээ дуусгав. Тэмцээн өнөөдөр, маргааш үргэлжилнэ.

Д.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих