ДОХ-ын халдвартайгаа мэдэхгүй 600 гаруй хүн бий

0e91963b21fe806fc300b9b37c13dd9f_L“ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах өдөр” буюу жил бүрийн 12 дүгээр сарын 1-ний өдрийг энэ жил манай улс “Халдварын тархалтыг тэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Дэлхий нийт ДОХ-ын эсрэг үйл ажиллагаагаа 2015 он гэхэд шинэ халдварын тоог тэглэх, нас баралтыг тэглэх, ялгаварлан гадуурхалтыг тэглэх гэсэн уриан дор хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү өдрийг угтан ЭМЯ, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ зэрэг байгууллага өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, “Монгол улс залуучуудын орон. Иймд энэ халдварт өртөхгүй байхын тулд та бүхэн ялангуяа залуучууд, хосууд бие биедээ үнэнч байх нь урьдчилан сэргийлэх чухал арга юм. Монгол улс өнөөдрийн байдлаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын бага тархалттай орон. Гэвч эрсдэлт бүлгийн хүн амын дундах халдварын тоо өссөөр байгаа нь энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг харуулж байна” гэв.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн багийн ахлагч Наоми Китахара, “ХДХВ-ээс үүдэн хүнийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлох нь хүний эрхийн зөрчил бөгөөд үүнээс болж дэлхийн өнцөг булан бүрт ДОХ-ын эсрэг тэмцэлд саад учирч байна. Үүний улмаас ХДХВ-ын халдвартай хүмүүс эмчилгээнд тэр бүр хамрахгүй байгаа юм. Ялгаварлан гадуурхалтыг тэглэснээр халдварын тархалтыг тэглэх, нас баралтыг тэглэх нөхцөл бүрдэнэ” гэв.
Өнгөрсөн оны байдлаар манай дэлхийд 35.3 сая хүн ХДХВ/ДОХ-той амьдарч, 1.6 сая хүн ДОХ-ын өвчлөлөөр нас баржээ. Харин манай улсын хувьд энэ оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 149 тохиолдол бүртгэгдээд байна.

ХДХВ-ын халдварын тархалт насанд хүрэгчдийн дунд 0.1 хувиас бага байгаа бөгөөд 2011 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 674 хүн байж болох тооцоо бий. Нийт халдвартай 149 хүнээс 19 нь нас барж, 80 хувь нь эмчлүүлж байгаа аж. Эдгээр тохиолдлын 75 хувь нь сүүлийн таван жилд бүртгэгдсэн нь халдварын илрүүлэлт сайжирсантай холбоотой боловч нөгөө талаас ХДХВ-ын тархалт нэмэгдэх хандлагатайг харуулж байгаа юм.

ХДХВ/ДОХ-ын халдвар нь манай оронд хувь хүний бэлгийн харьцаа, хүмүүжилтэй холбоотой нь бэлгийн замаар дамжин халдварласан тохиолдлоос харагдаж байна. Нийт тохиолдлын 70 хувь нь Улаанбаатарт, үлдсэн 30 хувь нь хөдөө орон нутгаас илэрчээ. ХӨСҮТ нь ХДХВ/ДОХ бэлгийн замаар дамжих, халдварлах тусламж үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр оношилж, эмчилж байгаа аж.
Монгол улс өнөөдрийн байдлаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын бага тархалттай орон. Гэвч эрсдэлт бүлгийн хүн амын дундах халдварын тоо өссөөр байгаа нь энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Ж.Болор

МОНЦАМЭ


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих