Оюутан залуусыг ногоон ажлын байраар ханганаыг ногоон ажлын байраар хангана
БОНХЯ, Монголын залуучуудын холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б. Эрдэнэбаттай ярилцлаа.
-Дээрх гурван байгууллага ямар чиглэлээр хамтран ажиллахаар болж санамж бичиг байгуулав?
-Ногоон ажлын байр бий болгох зорилгын хүрээнд БОНХЯ, МЗХ, МАОЭНХ хамтран ажиллаар болж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Гол зорилго нь оюутан, залуусыг ажлын байраар хангахад оршино. Энэхүү санамж бичгийн хүрээнд гурван төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо.
-Ногоон ажлын байр гэдгээ тайлбарлана уу?
-Ногоон ажлын байр гэдгийг мод, бут тарих, цэцэрлэгжүүлэх зэрэг хязгаарлагдмал хүрээнд ойлгох нь буруу. Эдийн засгийн өсөлтийг байгаль орчинд ээлтэй байлгах, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хангах чиглэлээрх бүхий л ажлуудыг ногоон ажлын байр гэдэг ухагдахуунд авч үзэж байгаа.
-Хамтын ажиллагааны хүрээнд ямар гурван төсөл хэрэгжүүлэх вэ?
-Эхний хэрэгжүүлэх төслийн нэр бол “Ногоон ажлын байр”. Ногоон ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэх зорилгоор шинэ ажлын байр санаачлах, хэрэгжүүлэх замаар байгаль орчны чиглэлээр суралцдаг болон төгсөгч оюутан залуучуудыг цагийн түр ажлын байр болон байнгын ажлын байраар хангах, ажил хөдөлмөрийн дадал олгох боломжийг бүрдүүлэхэд энэхүү төслийн зорилго оршино.
Дараагийн төсөл бол “Сумын залуус”. Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангахад орон нутгийн буюу тухайн нутгийн ажилгүй залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг ногоон ажлын байраар хангах зорилготой төсөл юм.
Гуравдахь төсөл бол “Эко залуус”. Оюутан залуусын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, сайн дурын байгаль хамгаалагчдыг бэлтгэх сургалтуудыг зохион байгуулах, байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг салбарын мэргэжлийн байгууллагад дадлагажуулах зорилгоор энэ төслийг хэрэгжүүлэх юм.
-Дээрх гурван төсөл ямар хугацаанд хэрэгжих вэ?
-Хоёр жил үргэлжилнэ. БОНХЯ санхүүжүүлж, МЗХ-ны Залуучуудын хөдөлмөрийн төв бирж гүйцэтгэгчээр нь ажиллана.
Д. Бат /Аravt.mn/
URL: