Увсын Тариалангийнхан сая төгрөгөө СЕХ-д буцааж өгөхийг хүсэв

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 35.18.1-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно” гэсэн заалт бий.
Хэрвээ мөнгө тараасан нь тогтоогдвол хуулийн 35.29-д зааснаар “Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж байгаа билээ. Хуулийн энэ заалтаар Увс аймгийн Тариалан сумын 13 иргэн сая төгрөг авсан юм.
Тэгвэл тэдгээр сая төгрөгөө авсан Увс аймгийн Тариалан сумынхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, СЕХ-г хуулиа биелүүлж ажиллахыг шаардаж байгаагаа илэрхийлэв. “Монгол Улс хуультай, тэр хуулиа биелүүлье. Хууль биелүүлснийхээ төлөө хүн гүтгэсэн хэрэгт унах нь. Бид хууль адилхан хэрэгждэг байх ёстой гэдэг үүднээс зөрчлийг илрүүлсэн. Түүнээс биш сая төгрөг авахын төлөө ийм зөрчил илрүүлж мэдэгдээгүй” гэж тэд ярьж байна.

URL:

Сэтгэгдэл бичих