Марс гараг руу сансрын хөлөг нисгэх төлөвлөгөөг танилцуулав
Америкийн тэрбумтан Деннис Тито хоёр нисгэгчийн бүрэлдэхүүнтэй сансрын хөлгийг Марс гараг руу нисгэх төлөвлөгөөгөө 2017 оны 12 сард хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн тухай “Вашингтон пост” сонин өнгөрсөн долоо хоногт мэдээллээ.
“Inspiration Mars” төслийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хоёр нисгэгчийн бүрэлдэхүүнтэй хөлөг сансарт 501 хоногийн аялал хийх ба хөлөг Марс гараг дээр газардахгүй ч Марс гарагт хамгийн ойр очоод дэлхий рүү буцах юм.
Марс буюу Ангараг гараг нь нарны аймгийн дөрөвдэх гараг. Монголчууд “Улаан нүдэн гараг” гэж бас хэлдэг. Нарнаас нэлээд алслагдсан учраас дэлхийгээс хүйтэн байдаг. Марс гарагийн туйлууд дээр мөс байгааг эрдэмтэд нээж илрүүлсэн бөгөөд усны нөөцтэй байж магадгүй гэж таамагладаг юм. Ангараг гаргийн хувьд тойргоороо дэлхийгээс хоёр дахин бага, жингээрээ дэлхийн ердөө 1/10 тэй тэнцдэг юм.
“Inspiration Mars” төслийн багийн танилцуулж байгаагаар, 2017 оны 12 сарын 25 –аас 2018 оны 1 сарын 5-ны хооронд сансрын нислэгийг үйлдэх юм. Учир нь яг энэ үе бол Марс гараг манай дэлхийтэй хамгийн их ойртох үе. Тийм ч учраас сансрын хөлөг хамгийн боломжит бага түлшээр хамгийн богино замыг туулах боломжтой юм. Сансрын хөлөг 501 хоногийн аялалын туршид 505 сая километр замыг туулна. “Бид АНУ-ын нэрийн өмнөөс болон хүн төрөлхтний эрх ашгийн төлөө уг төслийг АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА-тай хамтран хэрэгжүүлэх болно” гэж “Inspiration Mars” төслийн багаас мэдэгдлээ.
/Орчуулсан: Э.Эрдэнэсувд/ CHINA RADIO
URL: