Хонио чононд хадгалуулчихаад…
-Гадаад эзэнтэй асрамжийн газар гэх хаалттай ертөнцөд нэвтэрсэн минь-
Францын буяны байгууллагын хоёр ажилтан Чадаас Франц улс руу 103 Африк хүүхдийг хууль бусаар
зөөвөрлөх гэж байсан хэрэг нь илэрснээр хоёр жил шоронд хоригдох ял авч байв. Хэрэгтнүүд хүүхдүүдийг онгоцоор зөөвөрлөх гэж байгаад баригдсан бөгөөд Чадад баривчлагдсан нь францчуудыг цочирдуулсан юм. 103 хүүхэд шүү дээ. Xарин саяхан ..Монгол Улсын төрийн халамжинд байдаг асран хүмүүжүүлэх төвийн 14 хүүхдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байрлах сургуульд сургах нэрээр хил давуулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгажээ. Шалгалтаар хүүхдүүдийг тутаргын талбай, хөдөө аж ахуйд ажиллуулсныг тогтоосон байна…
…Монгол улсын харъяат насанд хүрээгүй иргэдийг Сингапур улсад тоглолтонд оруулах нэрээр хил давуулсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Шалгалтаар 2009 оноос хойш давхардсан тоогоор нийт 18 хүүхдийг авч явсан нь тогтоогдсон байна…гэсэн мэдээллүүд цувж олон нийтийг цочирдуулав.
Францыг цочирдуулсан 103 хүүхдийн наймааны асуудал гурван сая хүрэхгүй хүн амтай Монголын 14, бас 18 хүүхдээс илүү гарахааргүй тоо биз. Манайхан дээрх мэдээллийг гарсны дараахан хэсэг бужигнаад л өнөөдөр таг. Тэгвэл “ Монголд жилд дунджаар 3000-5000 хүн хүний наймааньт золиос болдог. Харин энэ тоог 3-4 дахин ихэсгэсэнтэй тэнцэх хэмжээний бага насны хүүхэд болон насанд хүрэгчид Англи, Америкт хүний наймааны золиос болж байгаа…” талаар www.Globalpost.соm цахим хуудаст мэдээлжээ.
2009 оны Women news Network breaking news portal хуудаст М.Пүрэвбат гэх иргэн 100 монгол охиныг хил дамнуулан худалдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар бичсэн байна. Түүнчлэн “Монголд 2006 онд хүн худалдаалсан 12 хэрэг бүртгэгдсэн ч хангалттай нотолгоо байхгүйгээс нэг ч хүнд ял өгөөгүй” хэмээн www.human trafficking.org цахим хуудаст бичсэн байх юм.
Хүний наймаа, тэр дундаа хүүхэд худалдаалах гэмт хэрэг яагаад гардаг вэ. Монгол Улс яагаад дэлхийн улс орнуудын анхаарлыг энэ сэдвээр ингэтлээ татах болов гэдэг асуулт яахын аргагүй гарч ирнэ. Хариулт нь ч бас тов тодорхой ажээ. Асрамжийн газар гэх байгууллагын хяналтыг гадаадын иргэдэд бүрэн өгчихдөг улс орон манайхаас өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Одоогоор Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 30-40 гаруй асрамжийн газар байдаг гэнэ. Эзэн нь Герман, Япон, АНУ, Австралийн иргэд. Тэд үнэхээр Монголын өнчин ядуу хүүхдүүдэд туслаад байна уу гэвэл эргэлзээтэй. Учир нь тэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийг асрах сонирхолтой байдаг ажээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр “Халамжийн төвд байгаа хүүхдүүдийн тоо хэлбэлзэлтэй байдаг. Зарим нь 18 нас хүрээд амьдрал зохиогоод асрамжийн төвөөсөө гардаг. Урьд нь 1000 гаруй байсан бол одоо 930 болжээ. Тэгэхээр 100 нь хаачсан бэ гэж гайхаж магадгүй. Бид сая тооллого явуулахдаа тухайн асрамжийн газарт “Танай бүртгэлд 60 хүүхэд байна. 60 л байх ёстой” гээд хүүхдүүдийн баримтыг нэхсэн. Тэгээд нийт байгаа хүүхдийг тоолоод, байхгүйг нь ямар шалтгаантай вэ гэдгийг тогтоосон” гэжээ.
Аль ч талаас нь харвал хүүхдийг хууль бусаар хил давуулах гэмт хэргийн золиос нь энэхүү гадаад эзэнтэй асрамжийн газар байх магадлал маш өндөр байгаа юм. Тэгээд ч ямар шалгуураар асрамждаа авч, яаж асраад, хэн гэдэг хүн болгож, эцэст нь манай нийгэмд буцааж “тавьдаг” эсэх нь тодорхой бус. Дээрээс нь монголчууд нэвтрэх бараг боломжгүй, шуудхан хэлэхэд асрамжийн газар нэртэй хаалттай ертөнц бий болоод даруй 15 жил орчим болжээ.
Бид энэ талаар сурвалжлахаар Улаанбаатарт байдаг асрамжийн газруудын хаяг, байршльтн жагсаалтыг олж аван, ийм газар олноороо байдаг Баянзүрх дүүргийг зорьсон юм. Баянзүрх дүүргийн 3ДТГ – ын үүдний жижүүрээс 12, 20 дугаар хорооны дарга нарын суудаг конторыг заалгаж аваад гарлаа. Эхлээд Жанжин клуб гэж нэрлэж заншсан 12 дугаар хорооны байранд очиход Засаг дарга нь ашгүй байж байна. Хорооны Засаг даргыг Н.Мөнхтуяа гэнэ. Түүнээс хороонд нь үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” хүүхдийн асрамжийн төв хаана байдаг талаар асуулаа. Тэрээр “Энэ ажлаа аваад удаагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна” гэж байна. Мөн Засаг дарга “Саяхан “Альфа коммунитиз” компанийн захирал гэх эмэгтэй хороон дээр ирж оюутан болж байгаа хоёр хүүхдийн тодорхойлолт авсан. Түүнээс манай хорооны хагас өнчин хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх боломжтой юу гэж асуухад “Манайх бүтэн өнчин хүүхэд авдаг” гэж хэлсэн хэмээн ярьж байлаа. Хорооны дарга бидний тавьсан асуултыг Нийгмийн ажилтнаасаа асуухад “ Манайд Мишээл гэсэн нэртэй төв байхгүй. Харин “Альфа коммунитиз” нэртэй олон улсын хүмүүнлэгийн байгууллага бий” гээд хаягийг нь өгсөн юм. Өгсөн хаягийнх нь дагуу нэлээд хайсны эцэст зорьсон газраа ирлээ. Модон хаалгатай банзан хашаа байна. Xаалгыг нь удаан балбасан ч хүн гарч ирсэнгүй. Хашааны завсраар харахад суудлын жижиг тэрэг, дан шавар байшин, хоёр жижиг амбаараас өөр зүйл харагдсангүй. Харин шавар байшинтай залгаа төмөр төрөн хашаан дотор хоёр давхар, модон улаан байшин байв. Хашаан дотор жижиг хашаа байсан л гэсэн үг л дээ. Тэгж байтал шавар байшингийн цонхоор эрэгтэй хүн харж байхаар нь бушуухан гараараа даллаж амжив. Төд удалгүй байшингийн хаалга нээгдэж нөгөө залуу хоолойгоо засч “Сайн байна уу” гэсээр ирлээ. Түүнээс “Энд хүүхдийн асрамжийн газар байдаг уу” гэхэд “Ямар хэргээр явна” хэмээн хариуасууж байна. Бид “Танай асрамжийн газартай танилцах гэсэн юм” хэмээн учир байдлаа хэлбэл дотогш орохыг зөвшөөрч хаалгаа нээлээ. Яг үнэндээ дотор ортлоо сэтгүүлч гэдгээ хэлсэнгүй. Учир нь Монгол дахь асрамжийн газар гэдэг хаалттай ертөнц байдаг билээ. Хашааны зүүн урд нохойны саравч байх. Бидний нохойноос айсныг анзаарчээ. “ Нохой байхгүй. Хажуу хашаанд бий, гэхдээ дайрахгүй” гэж өнөөх залуу биднийг тайвшруулж байна. Биднийг тэр Хүүхэд өргөж авах гэж байна гэж бодсон уу, аль эсвэл хүүхдийн хаягтай улсын байгууллагаас явна гэж санасан уу, их л уриалгахан хандсаар дотогш нэвтрүүлэв.
Үргэлжлэл бий…
URL: