МАН-ын даргын санаачилсан Үндэсний зөвшилцөл тогтвортой үргэлжилнэ
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Монголын улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг Улаанбаатар зочид буудалд нээлттэй хүлээн авч уулзлаа.
Нийт 16 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт урилга хүргүүлснээс Монголын Ногоон Нам, Иргэний зориг Ногоон нам, Монголын уламжлалын нэдсэн нам, Бүгд Найрамдах нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хамуг Монгол Хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын төлөөллүүд ирж оролцлоо.
Монгол Ардын Нам саяхан болсон XXVII Их хурлаараа ард иргэд, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, тогтвортой хөгжлийг бий болгох, улс орны эрх ашгийн төлөө үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд намууд зөвшилцдөг байх шийдвэрийг гаргасан. Улмаар үндэсний зөвшилцлийн соёлыг бий болгоход улс төрийн нам, эвслүүдийг уриалж байгаа билээ.
Үүнийг ажил хэрэг болгох эхлэлийг Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд тавьж, энэ сарын эхээр Монголын улс төрийн намын дарга нарын нэгдсэн уулзалтыг санаачлан зохион байгуулсан.
Тодруулбал, намууд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган, баялгийн хуваарилалтыг Монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгоход харилцан ойлголцож хамтран ажиллахаа илэрхийлж, санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ ажлын үргэлжлэл болгож, өнөөдрийн уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар намын удирдлагууд Монгол Ардын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын санаачилснаар
Тогтвортой хөгжлийн загвар
Үндсэн хуулийн өөрчлөлт
Хэт намчирхал, талцлаас ангид төрийн тогтолцоо
Сонгуулийн хууль, тогтолцоо
Улс төрийн намуудын тухай хууль
Стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүд
Баялгийн шударга хуваарилалт
Гадаад харилцаа
Залуучуудын хүмүүжил боловсрол, хөгжил гэх үндсэн 9 сэдвийн хүрээнд улиралд хоёр удаа уулзаж байхаар тогтлоо.
Ингэхдээ парламентад суудалтай намууд бусаддаа Их хурлаар хэлэлцэж буй асуудлаар сонсгол мэдээлэл өгч, санал солилцож байх, мөн өмнө нь ярьсан зүйлс ажил хэрэг болж, бодит хөрсөнд буусан эсэхэд дүн шинжилгээ хийж, бүтээлч ажиллаж байхаар тохиролцсон байна.
Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь эдийн засгийн нөхцөл байдал, тодруулбал 2014 оны төсөв, өрийн асуудал, валютын ханшийн өсөлт байлаа. Иргэд, улс төрийн талцал хуваагдал газар авсан, нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед улс эх орныг чиглүүлэн залах намууд хоорондоо ойлголцож, зөвшилцдөг байх, нэгдмэл нэг зорилго, бодлоготой байх нь хамгаас чухал гэдгийг Монгол Ардын нам олж харан энэхүү ажлыг санаачлан зохион байгуулж байгаа нь цагаа олсон хэрэг гэж уулзалтад ирсэн Ерөнхий нарийн бичгийн дарга нар сайшааж, 100 хувь санал нэгтэй дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Монголын улс төрийн намын дарга нарын уулзалт өмнө нь ч болж байсан. Гагцхүү ажил хэрэг болж тууштай явсан нь үгүй” гэдгийг өмнөх уулзалтад ирсэн намын дарга нар хэлж байсан. Тэгвэл өмнөхөөсөө хоёр долоо хоногийн дараа үргэлжилж буй өнөөдрийн уулзалт энэ бүхэн зөвхөн ганц удаа болоод өнгөрөх зүйл биш, Монгол Ардын Нам Үндэсний зөвшилцлийн асуудалд нухацтай, тууштай, ажил хэрэгч хандаж буйн илрэл юм.
URL: