Д.Индра: Монголчууд бие биеээ хайрладаг болчихвол миний сэтгэл ханана

Нэрт Соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбар агсаны охин Д.Индратай ярилцлаа.
- Юуны өмнө бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу. Төмөр замын 20 дугаар сургуульд сурч байсан гэлүү?
-Тийм ээ. Ээж минь төмөр замын эмнэлэгт насаараа ажилласан хүн. Би багадаа вокзалын ойролцоо тоглож, ээжийнхээ ажил дээгүүр байнга очдог байсан. Тиймээс төмөр зам гэдэг их айл миний амьдралын салшгүй нэгэн хэсэг гэж боддог. Төмөр зам гэхээр сэтгэлд нэг л дотно, Дулаахан санагддаг юм.
- Таны гэрэл зургийн цомгоос харахад аавын эрх охын байж гэсэн бодол төрлөө?
 -Би аав ээжийнхээ отгон охин нь болохоор эрх байлгүй яахав. Энэ ч утгаараа аав минь миний хүндлэл хайрын дээд нь байдаг. Миний ертөнцийг үзэх үзэл, бусдад хандах хандлага зэрэг хүнд байж болох бүх л эрхэм зүйлийг тодорхойлж өгсөн болохоор миний хувьд аав минь миний оюуны тэнгэр.
Ааваа санаж, үгүйлсэн сэтгэл, өнгөрүүлсэн хоног, өдрүүд гэж ямар хүнд, хэцүү байдгийг магадгүй аавыгаа алдсан хүмүүс л илүүтэй мэдрэх болов уу. Хүний хамгийн жаргалтай мөч нь эцэг эхтэйгээ хамт байгаа үе гэдэг шүү дээ. Тиймээс аавынхаа шүлэг, өгүүллэгийг уншаад, хамт авахуулсан зургаа харахаар яг л ярилцсан юм шиг сайхан санагдаж, сэтгэл онгойдог
-Ертөнцийг үзэх үзлийн суурийг аав тань бүрдүүлж өгсөн гэдэг , утгаараа магадгүй та соёл судлаач, багш мэргэжилтэй болсон юм болов уу?
-Хүн өөрийгөө олно гэж ярьдаг даа. Өөрийгөө эртнээс олчихсон хүн ч байдаг Насаараа өөрийгөө таньж мэдэхгүй явдаг хүмүүс ч бий. Миний хувьд аавынхаа хүсэл зорилго, санаж бодож явсан зүйлийг аль болох олон хүнд хүргэж, туслах юмсан, өөрийнхөө хэмжээнд залуусынхаа сэтгэхүйд бусдыг хайрлах энэрэх, илтгэл сэтгэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахсан гэсэн хүсэлтэй л явдаг
-Далай лам гэснээс “Тэнгэр шиг бай”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” зэрэг аавын тань олон сайхан бүтээл өнөөгийн залууст ухаарал, гэгээрэл хайрласан, яруу найраг гэхээсээ илүү бурханлаг тал . нь давамгайлсан өнгө аястай санагддаг? 
-Аав минь Буддын шашны том төлөөлөгч нь байсан. Тиймээс аавын гол үзэл санаа дандаа зөв зүйлд тулгуурладаг байв уу гэж боддог. Зөв бодол, зөв баясалгал, зөв зан үйл гээд л… тийм ч учраас тэр олон ажлыг чин сэтгэлээсээ хийж амжуулдаг байсан байх. Ямар ч хүнийг ялгаварлаж харьцдаггүй. Уран бүтээлийн ажлаа ихэвчлэн оройн цагаар сууж хийдэг байсан. Бодоод байхад аав минь сэтгэлийн орон зай уужимтай хүн байжээ.
-Зүс царай, үзэл санаа гээд ааваасаа олон зүйл танд шингэсэн байх? 
-Ааваасаа яруу найрагчийн авьяасыг нь л өвлөж аваагүй. Аав шиг минь яруу найрагч байна гэдэг хүн бүрт тохиодоггүй ховор авьяас. Тийм ч болохоор би аль болох үгийн гайхамшгаар оролдохыг хүсдэггүй. Гэхдээ утга зохиолын тухайд шүү дээ.
Аавын минь энэрэнгүй, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, байгаль дэлхийтэйгээ үргэлж ойрхон байдаг үзэл санаанууд нь надад өвлөгдөж үлдсэн юм болов уу. Ээжийн минь үзэл санаа ч тийм. Хүнтэй ойр ажилладаг. Хүний төлөө үйлстэй хүмүүс болохоор аав, ээжийн минь энэ сайхан чанар надад харамгүй өвлөгдсөн.
-Аав минь өнөөгийн нийгэмд хэрэв байсан бол гэж бодох үе гардаг уу?
- Би тэгж бодохыг хүсдэггүй. “Аливаа зүйл цаг цагтаа л төгс” нэртэй аавын минь шүлэг ч бий. Өнөөдөр аавын минь хэлж ярьж байсан үгс, шүлэг найраглалаараа дамжаад олон хүнд хүрч, одоо ч амьдаар оршин байгаа юм шиг байна гэдэг нь өөрөө гайхамшиг
-Аавын тань уран бүтээлийг харж байхад амьд сэрүүндээ нэгэн биедээ ахадсан олон ажлыг амжуулж байсан юм болов уу гэж бодогддог. Тэгж их хөдөлмөрлөж байхдаа гэр бүлдээ зориулах цаг зав хомс байсан болов уу?
-Аав минь улс төр, урлаг соёл гээд нийгмийн бүхий л салбарт өөрийн хүч хөдөлмөрийг зориулаад завгүй явдаг байсан ч гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг завыг хэзээ ч орхигдуулж байгаагүй. Хүүхдийнхээ юу хүсч, мөрөөдөж байгааг хэнээр ч хэлүүлэхгүй нарийн соргог мэдрэмжээр ойлгож чаддаг байсан.
Гэр бүл үр хүүхдээ байгальд, ялангуяа өөрийнхөө төрсөн нутагт дагуулж очих их дуртай байж билээ. Ингэснээрээ гэр бүлийнхэндээ эх орноо яг ямар гэдгийг харуулах, нүүдэлчин Монголчууд хэрхэн аж төрдөгийг хүүхдүүддээ багаас нь мэдрүүлэх гэсэн эцэг хүний агуу ухаан байсан юм болов уу Ер нь, аав минь их эмзэг, нарийн мэдрэмжтэй хүн байсан даа.
-Эх орныхоо, ард түмнийхээ төлөө гэсэн аавын тань хүсэл зорилгын зам тийм ч дардан байгаагүй болов уу?
-Хамгийн сүүлд аавыг минь нэгэн сонины сэтгүүлчд гүтгэн доромжилсон. Тэр их доромжлолыг аав минь яаж хүлээж авсан бэ гэдгийг дэргэд нь байсан болохоор манай гэр бүлийнхэн юу юунаас илүүтэй мэдэрсэн. Аав минь тэр үед уйлаад сууж байсан нь сэтгэлээс гардаггүй юм. Тухайн үед би “Энэ хүмүүс аавыг минь яагаад ингэж гутаан доромжилж байгаа юм бол. Аав минь яагаад нулмис унагаахад хүрэв” гэхчлэн олон зүйлийг бодож байсан.
-Аавын тань тухай нэлээд ярилцлаа. Одоо Индра гэдэг хүн хэн бэ гэж асуумаар санагдаад байна?
-Гоё асуулт байна. Хүн бүр л надтай ярилцахдаа аавтай минь холбож харьцдаг. Ер нь, энэ дэлхийд ирэхдээ агуу хүний үр сад болж төрнө гэдэг асар том гайхамшиг шүү дээ. Хүн бүр л Индра гэдгээс нь илүү Дашбалбарын Индра гэдэг утгаар нь хандаж, намайг хүндэлж хайрладаг болохоор тийм сайхан эцгийнхээ нэр төрийг өндөрт өргөж явах юмсан л гэж боддог.
Миний хүсэл мөрөөдөл бүгд аавын үзэл бодолтой, хийж бүтээж байсан ажил, хийгээгүй үлдээсэн үйлстэй холбогдож байдаг. Яагаад вэ, гэхээр аавын минь ажил хөдөлмөр нь зөвхөн нэг хүн, гэр бүлийн төлөө бус Монголын ард түмний сайн сайхны төлөө байсан болохоор энэ их үйл хэргийг нь өөрийнхөө хэмжээнд үргэлжлүүлэхийн төлөө л явж байна даа.
-Ямар зүйлийг хийчихвэл таны сэтгэл хамгийн ихээр ханах вэ?
-Би одоо “Амьддаа бие биенээ хайрлая” нэртэй төсөл дээр ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд аливаа хүн өөрт байгаа зүйлээ дутагдаж байгаа хүнд нь өгчихдөг сэтгэхүйн суурийг бүрдүүлж өгөх юмсан гэж хүсэж байгаа. Эд хөрөнгөгүй өрх толгойлж, хайраар дутагдаж байгаа бүсгүйчүүд, өнчин хүүхдүүд, баян байлаа ч сэтгэл нь хоосон болчихсон хүмүүст чухам юу дутагдаад байгааг нь мэдэж, тэдэнд хэрэгтэй зүйлийг нь өгч чадах хүмүүсийн хооронд гүүр нь болохсон. Энэ хүсэл минь биелэлээ олж, Монгол хүн бүр бие биеээ хайрладаг болсон тэр цагт сэтгэл ханах болов уу
-Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн төлөөх замд бүсгүй хүний хувьд шантрах зүйл гарч байна уу?
-Хүн бүр өөрөөр бодож, ярьж, сэтгэдэг шүү дээ. “Дашбалбарын голомт залгах хүү нь дуугараагүй байхад охин нь яагаад энэ ажилд хошуу дүрээд байгаа юм бэ?”, “Энэ охин нь аавынхаа бүтээлийг л худалдаж идэх юм даа” ч гэх юм уу ил далд яриа чих дэлсэж л байдаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд ялгаагүй хүн л биз дээ.
Хүн юу бодож, юуг хийхийг хүснэ түүнийхээ л төлөө зүтгэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн бие биеэ хайрлахын төлөө, үр хүүхэд нь эцэг эхийнхээ ачийг хариулахын төлөө л энэ дэлхийд ирдэг. Ийм л ойлголтуудыг аав минь надад үлдээсэн болохоор би аавынхаа үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх үйлсээс хэзээ ч ухарахгүй.
Цаашид энэ хэвээрээ л байна. Харин , эцгийнхээ хүсэл зорилгоос нэгийг нь ч болов үргэлжлүүлэхдээ улам урам зориг эрч хүчтэй болдог. Нэгэнтээ л аав минь үзэл санаа, хүсэл зорилгоо гар бичвэрээсээ эхлээд өвлүүлээд үлдээчихсэнээс хойш.
-Залуу хүний хувьд өнөөгийн нийгмийг ямар өнгөөр харж явдаг вэ? 
-Бүх зүйлээс сайн сайхан талыг нь олж харахыг хичээдэг. Гэхдээ, өнөөгийн нийгэмд тэсэхийн аргагүй бухимдах үе бишгүй гардаг. Учир нь өнөөгийн Монголчууд, тэр дундаас залуусын маань дунд бүхий л юмыг бэлэнчлэх гээд байдаг асар том дутагдал бий болчихсон юм болов уу.
Нэг үгээр хэлбэл залуусын маань сэтгэлгээний, оюуны боловсрол нь үгүйрчихсэн юм шиг Хүн хүнээ хайрлах бүү хэл өөрөө өөрийгөө хайрлах, хүндлэх сэтгэхүйгүй болчихвол асар том эмгэнэл шүү дээ. Залуус маань үүнд анхаарах хэрэгтэй.
“Сэтгэлийн боловсролоо илүү хөгжүүлээрэй” гэж Далай лам хэлсэн байдаг шүү дээ. Тийм ч болохоор хичээл заалгаж буй оюутнууддаа үүнийг л хэлж, захихыг хүсдэг Ер нь хүрээлэн байгаа хүн бүртээ үүнийг хэлэхийг хүсдэг
-Өнөөг хүртэл бүтээхийг зорьсон ажлаа эргээд харвал? 
-Би өнөөдрийг хүртэл өөрөө өөрийгөө л олохын төлөө хичээж явна. Миний хэлж ярьж буй зүйлээс нэг нь ч болов хүний амьдралд хэрэг болоосой. Тийм ч учраас аавынхаа нэрэмжит эрдэм шинжилгээний хурал, яруу найргын наадам, урлагийн тоглолтыг зохион байгуулдаг
Мөн номуудыг нь хэвлүүлж байна. Аавын минь зорьж, хийж байсан ажил үйлсийн үргэлжиллээс нэг ч хүн болов амьдралын гэрэл гэгээг олж, хар барааныг умартаасай гэж боддог
-Саяхан хэвлэлтээс гарсан “Аавын минь бэлэглэсэн улаан дэвтэр”-ийн тухайд?
 -Намайг багад аав минь энэ дэвтэр дээр 1000 хүн сэтгэгдлээ бичсэн тэр цагт охиндоо бэлэглэнэ гээд тухайн үед манайхаар орж гарч байсан урлаг соёлын одууд, улс төр, нийгмийн салбарын зүтгэлтнүүдийн надад зориулсан үгүүдийг гарын үсэгтэй нь хамт цуглуулж эхэлсэн юм.
Тэр дэвтэрт 300 гаруй хүн надад зориулсан үгээ үлдээсэн байсан. Үүнийг нь эмхэтгээд ном болгож гаргалаа. Яруу найрагчийн охиндоо бэлэглэсэн номыг хүмүүс ч бас үр хүүхэддээ дурсгал болгон бэлэглээсэй л гэж хүссэн юм.
-Олон нийтээс ирж буй хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ. Зарим нь бүр тэвчихийн аргагүй худал хуурмаг зүйл ярьж, бичиж нийтлэх юм?
-Мэдээж, хүн л юм хойно худал хуурмаг зүйлд бухимдах үе гарч л байдаг Гэхдээ нэг жишээ ярья л даа. Бурхан багш дээр нэг хүн ирээд түүнийг ихэд доромжилжээ. Харин бурхан багш өмнөөс нь юу ч хэлсэнгүй гэнэ. Үүнийг хөндлөнгөөс харж суусан шавь нь багшаасаа
“Таныг ингэж их доромжилж байхад яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ?” гэж асуухад.
Бурхан багш.
-”Хэрэв чи хэн нэгэнд бэлэг өлгөө гэж бодоход тэр бэлгийг чинь тэр хүн авахгүй бол бэлэг хэнд үлдэх вэ? Өөрт чинь л үлдэнэ шүү дээ” гэж хэлсэн гэдэг Миний хувьд бусдаас ирдэг гүтгэлэг доромжлолыг хүлээж авах дургүй. Авахгүй л байхад хангалттай шүү дээ. Цаг хугацаа бүхнийг илчлээд өгнө.
-Таны бодлоор өнөөгийн залуус ямар бодол, санаатай явах ёстой вэ?
-Өөрөө хайраар дутсан хүн л бусдад хайр бэлэглэж чаддаггүй гэдэг шүү дээ. Миний аав ажил дээрээ ч , гэр орондоо ч хамгийн дулаахан хайр хүндлэлийг бусдад түгээж чаддаг хүн байсан. Тийм ч болохоор түүнийг хайрладаг хүндэлдэг хүн олон байдаг болов уу. Гэтэл өнөөгийн нийгэм нэлэнхүйдээ хүн хүнээ хайрлах үзлийг эрхэмлэхгүй болчихсон юм шиг
Аливаа зүйлд хүн чанар гээч байхгүй болчихсон. Ардчилсан нийгэмд хүн бүр хэлж ярих, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байлаа ч нөгөө талаараа бусдын эрхэнд халдахгүй байх үүрэгтэй шүү дээ. Энэ бүгдийг эмчилж анагаах ганцхан зүйл нь хайр. Хүн хүнээ хайрладаг, хүндэлдэг эрхэмлэдэг тийм л нийгэм оршин байсан цагт ардчилал, эрх чөлөө гэдэг жинхэнэ утгаараа байх юм болов уу.
Залуусын хувьд үг хэл, үйлдэл, үзэл бодол, хүсэл мөрөөдөл нь хүртэл хийсвэр, өнгөц зүйл дээр тулгуурладаг болчихжээ. Ингээд л байгалиасаа хэтэрхий холдоод, зохиомол ертөнцөд ороод ирэхээр хүн хүнээ хайрлахаа байдаг. Мэдрэмж гэдэг зүйл нь арилж эхэлдэг
 -Соёл судлаачийн Xувьд өнөө цагт даяаршил, голбалчилалыг юу гэж тайлбарлах вэ?
-Маш их зөрчилддөг. Хүн сэтгэлээрээ нүдээ хийдэг. Ялангуяа нүүдэлчин соёл иргэншилтэй бидний дунд суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж байгаа ч бид өөрийн гэсэн соёлын дархлаатай л байх ёстой. Өөрийнхөө амьдрах дөч, тавин жилийг бус үр удам маань амьдрах дөрөв, таван мянган жилийг харж амьдрах хэрэгтэй.
Даяаршил, иргэншил гэж яриад байгаа энэ зүйл ямагт суурин соёл дээр тулгуурладаг Харин нүүдлийн соёл иргэншил шинээр бууриа сэлгэж, соёлыг ямагт хөгжүүлж байдаг. Гэтэл энэ соёл руу суурин. иргэншил шууд ороод ирвэл мөхөөх аюулд оруулдаг. Тиймээс бид энэ хоёр соёлыг зэрэгцүүлээд тэр тусмаа нүүдлийн соёлоо илүү хадгалан авч явах хэрэгтэй юм болов уу.
Монголын залуус маань газар нутаггүй байх, зовж зүдрэх гэж зүйлийг мэдрээгүй болохоороо л харь соёлыг шүтээд, даган дуурайгаад байна. Гэвч, тэр шүтээд байгаа соёл ямар замыг туулж, ямар хэмжээнд хүрснийг судалж үзэх л хэрэгтэй. “Хүний дотор орж үзсэн биш” гэж Монголчууд ярьдаг даа.
Үүний адилаар тухайн соёлыг яагаад бий болсон. Улс үндэстнийг ямар хэмжээнд хүргэдэг гэдгийг нь сайтар мэдэж байж дараа нь дагаж мөрдөх нь зүйтэй юм болов уу.
-Та ямар улиралд дуртай вэ?
-Намрын улиралд дуртай. Би намар цагаар л хорвоод мэндэлсэн. Намар гэхээр хүмүүс уйтгар гунигт авдаг гэдэгүй санал нийлэхгүй. Ер нь намар цаг гэхээр олон сайхан надад дурсамж бий. Намрын улирал дундаас бүрхэг өдөр бүр ч сайхан.
Яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач гээд уран бүтээлч бүрийн онгод намрын улиралд л ихэвчлэн ордог байх. Энэ улирал бүх л содон өнгийг өөртөө агуулж байдаг. Нөгөөтэйгүүр аавтайгаа өнгөрүүлсэн намрын улирал бүхэн хамгийн сайхан байсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажил хөдөлмөрт тань амжилт хүсье. 
-Баярлалаа. Тээврийн салбарын уншигчиддаа ч хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Дэлгэрхишиг
Эх сурвалж: “Ганзам” сонин

URL:

Сэтгэгдэл бичих