Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ
Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хийлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо дэмжсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун танилцууллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, нийгмийн баялгийн тэгш хуваарилалтаар амьдралын түвшинг сайжруулна гэж Ногоон хөгжлийн үзэл баримтлалд тусгажээ. Хэрхэн тэгш хуваарилах вэ. Ногоон зээл гэсэн нэр томьёог тодруулаач, ямар эх үүсвэртэй байх вэ хэмээн лавласан.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны тайлбарласнаар, орон нутаг нь байгалийн баялгаа хамгаалах, зөв ашиглах, ашигласан баялгаас олж буй орлого орон нутагт орсноор баялгийн шударга хуваарилалт хангагдах нь. Сайд С.Оюун Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкууд зээл өгөхдөө байгаль орчинд ээлтэй төсөл хэрэгжүүлэх шаардлага, зөвлөмжийг өгдөг болж байгаа гээд худалдан авагч иргэд, зээл олгож буй байгууллага ч эхнээсээ ийм шаардлага тавьж, ногоон зээл олгож эхэлж байна хэмээн хэлсэн.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа усаа үнэлсэн, дахин ашиглах талаар хангалттай тусгаагүй байна гэж үзэж байлаа. Тэрбээр, аль болохоор усыг их хэрэглэхийг дэмжээд байгаа заалт эмзэглүүлж байна гэсэн.
Сайд С.Оюун, Дунд хугацааны хөтөлбөрт усны нөөцийг хамгаалах, дахин ашиглах асуудлыг дэмжих тодорхой заалт орсон байгаа. Гүний ундны усыг үйлдвэрлэлд ашиглахгүй байх бодлогыг үзэл баримтлалд тусгасан. Засгийн газар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй усны төлбөрийг нэмэх асуудлыг ярилцаж байгаад үнийг нь 2-4 дахин нэмэгдүүлэхээр болж, дахин ашигласан тохиолдолд хөнгөлөлтөд хамруулахаар шийдвэрлэсэн гэж хариуллаа.
Түүний хэлснээр гол мөрний сав газруудын захиргаад байгуулагдаж байгаа аж. Энэ жил 10 гаруй байгуулагдсан бөгөөд нийтдээ 29 сав газрын захиргаа байгуулагдах юм байна. Тэдгээр газрууд усны сав газрын нөөцөө хэрхэн хамгаалах, ашиглах менежментийг боловсруулж байгаа бөгөөд ингэснээр сав газрууд эзэнтэй болж байгаа ажээ.
Гадаргын усыг ашиглах талаар яамны зүгээс ихээхэн анхаарч байгаа бөгөөд тодорхой судалгаанууд эхлүүлсэн юм байна. Цаашдаа яамны зүгээс гадаргын усыг харимтлуулах, дахин эргэлтэд оруулахыг дэмжсэн бодлогыг явуулах болно гэж сайд хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Ганбат Улаанбаатарчууд шаардлага хангасан ус хэрэглэж чадаж байна уу гэж лавласан. Сайдын хариулснаар Улаанбаатарчуудын хэрэглэж буй ундны усны чанар стандартад нийцэж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гаднын орнууд хуучин компьютер, цахилгаан хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэдэг. Хуучин, шинэ гэхгүй хилээр оруулж ирж байна. Гэхдээ энэ нь гадны орнууд устгаж чадахаа больсон аюултай хог хаягдлаа манай улс уруу явуулаад байгаа юм биш байгаа гэсэн хар төрүүлээд байдаг. Энэ талаар тодруулмаар байна гэсэн.
Хог хаягдлын менежментийн асуудлыг баримт бичигт тусгасан байгаа гэж сайд тайлбарласан. Ер нь нийслэл, орон нутагт аюултай хог хаягдлыг хаях тусгай цэг байгуулах ёстой бөгөөд энэ асуудлыг судлах Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэж сайд хэлсэн. Трансформаторын шингэн, принтерийн хог зэрэг аюултай хог хаягдлыг хаях хогийн цэг байгуулж, дахин боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг удахгүй шийднэ гэж тэрбээр нэмж хэлсэн.
Энэ асуудлыг чуулганы үдээс хойшх хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: