АН-ыг “сөрөх” нь Р.Амаржаргалд зохихгүй байна

АН-ыг “сөрөх” нь Р.Амаржаргалд зохихгүй байна

-“Талхан дээр сахар” биш “сахар дээр талх тавьж” иддэг болжээ-

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэрхэх тухай хэлэлцэхэд тэрбээр М.Энхболд, Су.Батболд нартай ам хэлээ нийлүүлэн АН-ынхантай үзэж тарж байх юм. Нүдэндээ итгэмгүй ийм дүр зургийг харах гэж…

Р.Амаржаргал гэдэг хүн хаанаас, хэн болж Ерөнхий сайдаар томилогдоод, аль намаас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод эдү-гээ суудлаа голж “тоглоом” зохион “хөзөр тарааж” суух нь энэ вэ. Ямартай ч Р.Амаржаргал гэдэг улстөрчид Ардчилсан намыг сөрөх хүчин болох, эсвээс тэдэнтэй тохой нийлүүлэн тэрсэлдэж суух нь огт зохисонгүй. Нэгэнт АН-ын ҮЗХ-ноос гарах хүсэлтээ өгсөн түүний хувьд Н.Алтанхуяг суудлаа тавьж өгөхгүй нь ойлгомжтой.

Ерөнхийлөгчийг бүх ард түмний санал хураалтаар сонгосон. Одоо З.Энхболд л “алдаа гаргаж” суудлаа өгөх горьдлого түүнд үлдэв бололтой. Энэ бүхнийг хүсээгүй бол УИХ-ын гишүүнээсээ ч татгалзаж намаасаа ч түдгэлзчихээд “ашигтай” албан тушаалд очих, эсвэл амрах зам үлдэж байна.

Ер нь УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Р.Амаржаргал яг юуг хүсч байсан бэ. Н.Алтанхуяг З.Энхболдтой тэрсэлдвэл юу үүсэх байсныг тэр сайн мэдэж байгаа. Ц.Элбэгдорж бүр ч сайн мэдэж байсан. Тийм ч учраас Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын “бүүр цаана” нь Ерөнхийлөгч байна гэсэн хардлага үнэний ортой байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ыг холоос ажиглаад л явж байдаг юм биш шүү дээ. Тэр намаас сонгогдсоны хувьд дотоод хагарал, бутралаас байнга сэрэмжилж зохицуулж явдаг. Энэ бол Н.Энхбаярын үед ч, бүр Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед ч байсан л зүйл. Тиймээс ч Ц.Элбэгдорж “Н.Алтанхуяг, З.Энх-болд, Х.Баттулга” гэсэн гурван нэрийг “нүдээ аньж” байгаад сугалаагүй. Намынхаа эв нэгдлийг эн түрүүнд тавьсан хэрэг байв.

Фракциуд дотроо МҮДН бол том хүч. Гэхдээ Ц.Элбэгдорж МоАХ-доо хайртай. Бас “Шонхор”-оос эмээхээс аргагүй. Ийм нөхцөлд хамгийн “аюул” багатай сонголт нь Р.Амаржаргал гишүүн байгаагүй гэж үү. “Алтан гадас”-ынхныг тэрбээр гомдоогоогүй ч бүрэн дүүрэн баяр хөөртэй үлдээх боломж түүнд байсангүй. Учир нь бялууны хэмжээ нь тэр шүү дээ. Ийм л нөхцөл байдал үүссэнээс хойш Р.Амаржаргал “насаараа” суусан парламентынхаа “гажиг”-тай талыг гэнэт нүдээ нээн олж хараад шүүмжилж эхэлсэн. Шүүмжлээд зогсохгүй гишүүн нь байж халдашгүй дархан эрхээс нь татгалзталаа “үзэн ядаж”, “зугтаж”, “тэчъяадав.

Өнөөдөр Ардчилсан нам түүнийг аргадаж байна. Магадгүй өрөвдөөд ч байгаа юм бил үү. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдгийн нэгэн адил эмээж ч байж болох юм. Тиймээс амьд сэрүүн байгаа түүнийг тогтоон аргадахын тулд  бараг л “эмгэнэлийн” гэмээр үгс хэлж “Та бол Ардчилсан намын үнэт зүйл”. “Таньгүй бол бид юусан билээ” гэхчлэн “гоншгонож” байна. Өөр яалтай билээ. Ямар “З.Энхболд та бос, Р.Амаржаргал суух ёстой”. “Н.Алтанхуяг та огцор” гэлтэй биш. Ерөнхийлөгчийн тухайд эрх мэдэл нь бүр ч хүрэхгүй.

Дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Миний хүсэлтийг санал хураагаад шийдчих л дээ” хэмээн маасганан сууна. Дүрмийг нь мэддэг тоглоомоо харсан хүүхэд шиг баярлан хөөрч суугаа нь илт харагдав. Гэвч энэ бол марзагнах сэдэв биш. Учир нь түүнийг сонгосон Сүхбаатар дүүргийн олон мянган сонгогчийн сэтгэл рүү ус цацах эрх байхгүй. Энэ тохиолдолд МАН-ынхан Р.Амаржаргалыг түших нь холгүй байж яаж ийгээд явуулчихыг хүсэж буйг харахад эмгэнэлтэй л байлаа. Тэдний хувьд “талх” Ч.Ганхуягт боломж гарах нь гэж таамаглаж байж мэдэх юм. Аа тийм, Р.Амаржаргал гишүүн өөрийгөө “Цай бүхэнд уусдаг сахар биш” гэсэн. Тэгэхээр “талхан дээр сахар” биш, “сахар дээр талх” байх ёстой гэдэг тэс өөр цаг үе ирсэн бололтой.

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих