Одоо биш бол оройтно
Далай тэнгисийн усны мандал 1901-2010 онд өмнөх хоёр мянган жилийнхээс 19 сантиметрээр дээшилсэн төдийгүй илүү бүлээсч, хүчиллэг болсон.
Грийнланд, Антарктидын мөсөн бүрхүүл болон мөнх цэвдэг, мөсөн голууд хайлж дэлхийн бөмбөрцөгийн умард хагаст хур тунадас, ялангуяа хаврын цас үлэмж багассан нь агаар дахь нүүрстөрөгч, метан, азот зэрэг “хүлэмжийн хийн” агууламж өнгөрсөн зууны эхэн үеэс 40 хувь нэмэгдсэнтэй холбоотой.
Хүлэмжийн хий цаашид энэ байдлаар нэмэгдвэл XXI зууны дундаас хойш агаар мандал улам дулаарч урьд нь 20 жилд нэг удаа тохиож асан халуун өдөр хоногууд 1-2 жил тутамд давтагдаж болзошгүй аж. Уур амьсгалын өөрчлөлт хийгээд түүний үр дагаварыг багасгах, дасан зохицох зорилгын үүднээс улс орнууд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид 1992 онд нэгдэн орсон. Далай тэнгисийн усны мандал 1901-2010 онд өмнөх хоёр мянган жилийнхээс 19 сантиметрээр дээшилсэн төдийгүй илүү бүлээсч, хүчиллэг болсон.
Грийнланд, Антарктидын мөсөн бүрхүүл болон мөнх цэвдэг, мөсөн голууд хайлж дэлхийн бөмбөрцөгийн умард хагаст хур тунадас, ялангуяа хаврын цас үлэмж багассан нь агаар дахь нүүрстөрөгч, метан, азот зэрэг “хүлэмжийн хийн” агууламж өнгөрсөн зууны эхэн үеэс 40 хувь нэмэгдсэнтэй холбоотой.
Хүлэмжийн хий цаашид энэ байдлаар нэмэгдвэл XXI зууны дундаас хойш агаар мандал улам дулаарч урьд нь 20 жилд нэг удаа тохиож асан халуун өдөр хоногууд 1-2 жил тутамд давтагдаж болзошгүй аж. Уур амьсгалын өөрчлөлт хийгээд түүний үр дагаварыг багасгах, дасан зохицох зорилгын үүднээс улс орнууд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид 1992 онд нэгдэн орсон.
Хүлэмжийн хийг бууруулахад уг конвенцийн заалтууд дангаар хангалттай бусыг ойлгож, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн хүч чармайлтыг эрчимжүүлэхээр хоёр жилийн турш яриа хэлэлцээ өрнүүлсний эцэст 1995 онд Киотогийн протоколыг баталсан байна. Киотогийн протокол нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг, аж үйлдвэр өндөр хөгжсөн улсуудад 2008-2012 онд энэ төрлийн хийн ялгаруулалтаа бууруулах тодорхой үүргийг ногдуулсан боловч Хятад, Энэтхэг, Бразиль зэрэг түргэн хурдацтай хөгжиж байгаа орны ялгаруулдаг нүүрстөрөгчийн хэмжээ дээрх хөгжингүй улс орнуудын хэмжээнээс давсан, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.
Эдүгээ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид 195 улс, Киотгийн протоколд 192 улс нэгдэж ороод байна. Польш Улсын нийслэл Варшав хотноо 2013 оны 11 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид оролцогч улсуудын сайд нарын 19 дүгээр бага хурал, Киотогийн протоколд нэгдэж орсон талуудын 9 дүгээр бага хурал болж өнгөрлөө. Киотогийн протоколд заасан эхний үе шат нэгэнт дууссан тул 2013-2020 онд юу хийх, 2020 оноос хойш хэрхэх талаар яриа хэлцэл явагдсан дээрх бага хурлуудад Монгол Улсын засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлт бол байгаль орчны асуудал боловч ядуурал, ажилгүйдэл, хүн амын шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил зэрэг олон салбар чиглэлийг хамардаг, нэн өргөн хүрээтэй үйл явц учир нарийн судалгаа, алс хэтийг харсан ухаалаг шийдэл шаарддаг. Хэдий ийм боловч хүний хүчин зүйлийн нөлөөгөөр буй болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн үр нөлөөтэй арга зам бол хүлэмжийн хийг бууруулахад оршино гэдгийг шинжлэх ухаан хөдөлбөргүй нотолсон байна.
Дэлхийн агаарын температурын өсөлтийг 1850 оныхоос цельсийн 2 хэмээс илүү ахиулахгүйн тулд хүлэмжийн хийг 2010 оны түвшинд тогтоон барих шаардлагатайг бага хуралд оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна.
Киотогийн протоколын 2010 онд Канкунд, 2011 онд Дурбанд, 2012 онд Доха-д баталсан нэмэлт өөрчлөлтүүд болон цаашид урт хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн, 2020 оноос хойш жил бүр 100 тэрбум ам долларын хөрөнгө бүхий “Уур амьсгалын ногоон сан” байгуулж хөгжиж байгаа орнуудад туслах зэрэг арга хэлбэрийг авч хэлэлцсэн Ажлын хэсгүүдийн хурал болон бусад олон арга хэмжээ энэ үеэр явагдсны дотор Польш Улсын Засгийн газар, Дэлхийн нүүрсний ассиоцаци хамтран “Нүүрс ба уур амьсгал сэдэвт уулзалтыг зохион байгуулсан нь мөн анхаарал татлаа. Эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг нүүрснээс гарган авдаг тус улсын хувьд нүүрсийг гүн боловсруулах технологийг боловсронгуй болгосноор хүлэмжийн хийг багасгаж болно гэж үздэг байна.
Бага хурал болон дээрх уулзалтад оролцогчид уур амьсгалын өөрчлөлтийг тогтоон барих энэхүү бүх нийтийн үйл явцад бизнесийн салбар голлох үүрэгтэй оролцохын чухлыг цохон дурдаж байлаа. Учир нь уур амьсгалын өөрчлөлт бүхий л төрлийн бизнест эрсдэл учруулдаг төдийгүй түүнийг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалж цоо шинэ нөхцөл байдал бий болно.
Улс орнууд эдийн засаг аж ахуйгаа энэхүү шинэ нөхцөл байдалд дасч зохицохоор уян хатан, нүүрстөрөгч бага ялгаруулдаг, өндөр бүтээмжтэй, товчоор хэлэхэд “ногоон” болгохыг чармайж байна. Харамсалтай нь зарим улс орон энэхүү бодит байдлыг ойлгохгүй, тулгарч буй сорилтод бэлэн бус суугаа нь алдагдалд орж, хохирол амсан, аргацаах байдлаар өнөөг хүрч байна. Уур амьсгалын өөрчлөлт бизнест төдийгүй улс орны амьдралд үлэмж эрсдэл учруулдагийг Тайландад 2011 онд тохиолдсон үер, саяхан Филиппинд учраад буй “Хайяан” хэмээх хар шуурга зэрэг үер усны гамшигт үзэгдэл илтгэн харуулж байна. Эдийн засгийн боломж сайтай АНУ ч Нью Жерси мужид тохиосон хар шуурганы хохирлыг бүрэн арилгаж амжаагүй байна. Олон хүний амь насыг хөнөөж, эд материалын үлэмж хохирол учруулдаг энэ мэт гамшигт үзэгдлийн уршигт үр дагавар жилээс жилд өсч нэмэгдсээр байна.
Нөгөөтэйгүүр ган гачиг, хэт халууны улмаас хөдөө аж ахуйд болон эдийн засгийн бусад салбарт өртөг зардал үлэмж нэмэгдэж байгааг харж болно. Манай орны хувьд нэгэнт дулааралт болж халуун өдрийн тоо цаашид нэмэгдэхээр зун намрын улиралд мал сүргийн бэлчээрт өнгөрүүлэх хугацаа богиносч бэлчээр хуурайшиж доройтохтой хавсран малын амьдын жин буурч, бие нь давжаарах, газар тариалангийн хувьд ургац жилд дундажаар 15 хүртэл хувь буурах магадлал бий юм байна.
Тиймээс, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд дэд бүтэц, үйл ажиллагаа, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтыг уян хатан байдлаар төлөвлөх, бүтээн байгуулах, тууштай ажиллах шаардлага тавигдаж байна. Ингэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг тогтоон барьснаар шинэ төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, эрэлт хэрэгцээ, өөрөөр хэлбэл шинэ боломжууд бий болно. Жишээ нь шатахуун бага зарцуулж, нүүрс төрөгч бага ялгаруулдаг тээвэр, дулааны алдагдал багатай барилга, орон сууц, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулах нь урт хугацаанд, тогтвортой ашиг олох эх үүсвэр болно.
Хувь хүмүүс, олон нийт эдгээр давуу талыг ойлгож мэдэхийн хэрээр нүүрстөрөгч багатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдээд зогсохгүй иргэд, төрийн бус байгууллагууд ч улсын төсвийн хөрөнгө мөнгийг чухамхүү эдгээр салбарт зарцуулахыг аяндаа шаардах болно. Иймээс нүүрстөрөгч бага ялгаруулдаг горимд шилжих, эс шилжих тухай бус харин хэдийд, хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудал хурцаар тавигдаж байна. XXI зууны хоёрдугаар хагаст нүүрстөрөгч бага ялгаруулж, эрчимтэй хөгжих шинэ сорилт, шинэ нөхцөл байдал нэгэнт бий болоод байгааг бизнес эрхлэгчид төдийгүй бодлого боловсруулагч нар ойлгох ёстой. Хямралт нөхцөлийг давж, тулгарсан шинэ сорилтыг шийдвэрлэсэнээр эдийн засаг эрчимтэй хөгждөгийг жишээг өнгөрсөн үеийн түүх тухайлбал, 1850 онд эхэлсэн аж үйлдвэржилтийн хувьсгал, 1945 онд шувтарсан дэлхийн хоёрдугаар дайны дараах хүнд хэцүү цаг үеүд илтгэн харуулдаг. Өдгөө эдийн засгийн өсөлт саарч, төсвийн орлого буурч, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нэмэгдэж байгаа боловч мэдээлэл, холбооны технологийн хувьсгал шинэ боломжийг олгож байна. Эдийн засаг нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уян хатан болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, техник технологи улам боловсронгуй болж, шинэ арга барил, дадлага туршлага, ажлын байруудыг бий болгоно.
Үүний тулд ногоон эдийн засагт хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Чингэвэл шинэ мэдлэг, шинэ загвар, зах зээлд суурилсан шинэ шийдэл, шинэ оролцогчид аяндаа бүрдэж бий болно. Аж үйлдвэрийн салбарын бодлого, үндсэн зарчмыг ингэж шинээр тодорхойлоход уян хатан дэд бүтэц, өндөр бүтээмжтэй, байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчинд түшиглэсэн, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхлэх бизнесийн салбарынхны оролцоо нэн чухал. Журам дүрэм, бодлого шийдвэрээ илүү нээлттэй, шударга болгохыг төр засгаас шаардахад тэд ч ихээхэн үүрэг гүйцэтгэх болно.
Уур амьсгалын өөрчлөлтийг тогтоон барих талаар шахуу зорилт бүхий хэлэлцээр байгуулахад болон зах зээлд оролцон бүтээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололтуудыг нэвтрүүлэх замаар нүүрстөрөгч багатай үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихийг хувийн хэвшил мөн хичээх ёстой. Эс тэгвэл эрсдэл ихтэй, зардал өндөр, зоримог шийдвэрийг гарган хэрэгжүүлэхэд төр, засгийн газруудад амаргүй байх болно.
Бизнесийн салбар л төр, засгийн газарт тийм итгэл, урам зориг төрүүлж чадна. Эдийн засгийн болон аж үйлдвэрийн салбарууд дотроо болоод өөр хоорондоо ил тод ярилцаж хамтарч ажиллах замаар тууштай ажиллах цаг тулж ирээд байна Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ бүх яриа хэлэлцээнд бизнесийнхнийг татан оролцуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх замаар эдийн засгийн тогтвортой өсгөлтийг бий болгох ёстой.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид оролцогч улс орнууд яриа хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлж, Киотогийн протоколыг үргэлжлүүлэн залгамжлах дараачийн хэлэлцээрийг 2015 онд Парист болох уулзалтаар батлахын тулд уг баримт бичгийн эхийг нь аль болох эртхэн эцэслэн тохирох ёстой. Одоо эс амжвал оройтно хэмээн шамдаж байна.
ГХЯ-ны ОУБГ-ын захирал Г.Ганболд
URL: