Цалингаа өгсөнгүй хэмээн бригадын ахлагчаа бетонд цутгаж амийг нь хороожээ
Энэ сарын 25-ны өдөр Нижегородын цагдаагийн ажилтнууд шинээр баригдаж байсан барилгын суурийн хэсгээс бетонд цутгасан 33 настай эрэгтэй хүний цогцос олсон байна. Энэхүү аймшигт хэргийг урьдчилсан мөрдлөгийн явцад аллага 10-аад хоногийн өмнө үйлдэгдсэн болохыг тогтоосон байна. Мөрдөн байцаагчдийн таамаглалаар 2013 оны 11 дүгээр сарын 15-нд ажил тарсны дараа есөн барилгачин “цалинг нь өгөөгүй бригадын ахлагчаа гэсгээхээр” шийдсэн аж. Тэдний дунд ширүүхэн маргаан өрнөж, ажилчид ахлагчаа төмөр хоолой, бүдүүн гуалингаар зэрлэгээр зодсон байна. Дараа нь тэд хийсэн хэргийнхээ ул мөрийг баллахын тулд түүнийг подвальд хаяад дээр нь бетон цутгачихсан ажээ.
Уг хэрэгтэй холбогдуулан 24 болон 30 насны хоёр хүнийг сэжиглэн саатуулаад байгаа юм гэнэ. Энэ талаар Нижегородын Эрүүгийн мөрдөн байцаах тасгийн Олон нийттэй харилцах албаны дарга Юлия Склярова мэдээллэхдээ “Одоогоор хоёр сэжигтэнг саатуулаад байна. Үлдсэн хүмүүсийн байгаа газрыг тогтоож эхлээд байгаа. Эрүүгийн энэ хэрэг дээр мөрдлөгө явуулж хүний амь насанд санаатайгаар халдсан этгээдүүдэд зохих хуулийн хариуцлагийг нь ногдуулна” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: