Банкны удирдлагуудын хандыг хага дараасай билээ

-ХЭҮК “Капитал” банкийг шүүхэд өглөө-


“Капитал” банкны удирдлагуудын дураараа авирлаж, хүний эрх, хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд нь олон нийтэд ил болсоор худалч хүнд хагас жилийг үдэж байна. Энэ хугацаанд тус банкны удирдлагуудыг ямар нэг байдлаар хуулийн байгууллагаас шалгаагүй.

Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар зөрчил гаргасан, яаж бизнес хийхийг оролдож, тэр бүү хэл хүний хувийн өмчид халдаж, хаалга үүдийг нь эвдсэн хэрэг гарсан ч цагдаагийн байгууллага нүдэн балай, чихэн дүлий байсаар байгаа. Харин ч энэ талаар хөндөж бичсэн сэтгүүлчийг цагдаагаас дуудаж, байцааж байх жишээтэй. Тэд тус банкнаас гаргасан гомдлын дагуу л шалгаж, байцааж байгаа юм гэсэн. За яах вэ, сэтгүүлчийг байцаадаг л юм байгаа биз. Гэтэл ямар учиртай ингэж бичив гэдгийг нь шалгаж, тогтоох ажил хийх дүрэм, журам яагаад байхгүй байгаа нь боож үхмээр.

Тэр ч битгий хэл ХЭҮК-оос тус банкинд шалгалт хийж, хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзээд шаардлага хүргүүлэхэд хүлээж аваагүй. Харин ч “ХЭҮК-ын шаардлага өөрөө хууль бус” гэсэн хариу өгчихөөд хээв нэг байж байгаа юм. Хэтрүүлж хэлбэл, бүхэл бүтэн Хүний эрхийн үндэсний комиссынхны өөдөөс “салаавч” гаргасан гэсэн үг. Гэтэл тус банкны хөдөлмөрийн гэрээ нь хүний өвдөх, төрөх, чөлөө авах, өөрийн хүсэл сонирхлоор ажлаасаа гарах эрхийг тэр чигт нь хязгаарлачихсан байгаа юм.

Ер нь эмэгтэй хүн ажилд ороод, жирэмсэн болбол хөөж явуулах шахуу  заалт хөдөлмөрийн гэрээн дээр нь байна билээ. Бүр цаашилбал, жирэмсэн болсныхоо төлөө ажлаасаа халагдаж, хөнгөлөлттэй нөхцлөөр авсан байраа хураалгасан эмэгтэй байна. Тэр ч бүү хэл ажилтайгаа үлдэхийн тулд хүүхдээ авахуулсан тохиолдол ч гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байна.

Энэ бүхэн хуулт зөрчсөн үйлдэл биш үү. Энэ бүхнээ залруул гэсэн шаардлага өөрөө хууль бус байх уу. Тэгэхээр “Капитал” банкны удирдлагууд зүгээр л “даам гарчихсан” байгаа хэрэг биш үү. Ашгүй өчигдөр Хүний эрхийн үндэсний комисс шүүхэд өгсөн байна. Уг нь аль хэдийнэ шүүхэд өгөөд, цагдаа сэргийлэх, хуулийн байгууллага нь шалгах байсан юм.

Гэхдээ яах вэ, хэрэг ямар хуучрах биш. Тэр дундаа “Капитал” банкны удирдлагуудын ажилчдаа “боолчилж”, дарамталж байсан жишээ дор дороосоо ундарч байхад одоо ч шүүхээр хэргийг тогтоогоод, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахад оройтоогүй байна. Гагцхүү одоо ШӨХТГ-аас авахуулаад холбогдох байгууллагууд нь “даам гарсан” нөхдүүдийг дарж авахын тулд хүч хамсрах хэрэгтэй.

Уг нь тус банкинд ажиллаж байгаад халагдсан, байр саваа хураалгах дээрээ тулаад, эрх нь зөрчигдсөн цөөнгүй иргэд ШӨХТГ-т хандаж үзсэн юм билээ. Харин О.Магнай дарга асуудлыг шалгаж дуусаагүй юу, эсвэл авч хэлэлцээгүй юу мэдэхгүй, одоо болтол дорвитой юм хийсэн талаар мэдээлэл гарахгүй байна.

Хэрвээ “Капитал” банкийг шалгаад, “но”-г нь илрүүлсэн бол өдийд мэдэгдэх л ёстой.  Уг нь ШӨХТГ-аас дорвитойхон шалгаад, ХЭҮК-той хамтраад дайрвал буулгаж авч болох л учиртай. Түүнээс гадна Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк ч гэсэн энэ асуудалд хошуу дүрэх ёстой шүү дээ. 80 гаруй ажилтанд хавтгайруулан байрны зээл олгосон явдлын цаана ноцтой хэрэг нуугдаж байгаа талаар янз бүрийн л мэдээлэл гарч байгаа. Харамсалтай энэ асуудпаар Монгол банкны зүгээс ямар нэгэн тайлбар өгөхгүй л байгаа. Эсвэл шалгаж байгаа байж болох. Үгүй бол нууж байгаа. Ийм хоёр л зам байна.

Ер нь”Капитал” банкны удирдлагууд асуудлыг ганц хоёрхон ажилтан руу түлхэж, тэднийг худал мэдээлэл тарааж байгаа мэтээр иргэдэд ойлгуулахыг оролдож байгаа. Дээрээс нь тус банкны асуудлыг бичсэн сэтгүүлчдийг мөнгө нэхэх гэж оролдсон, хүмүүсээс төлбөр авч захиалгат нийтлэл бичсэн гэх мэтээр телевизээр төлбөрт нэвтрүүлэг явуулж байгаа. Дээрээс нь ХЭҮК-ийн шаардлагыг авч хэлэлцэхгүй, Үйлдвэрчний эвлэлийнхнийг тоохгүй байгаа нь том “бамбай”-тай болохын илрэл ч байж магадгүй.  Тиймээс “Капитал” банкны удирдлагуудын  хандыг хага дарах хэн нэгэн нь ХЭҮК байгаасай.

 

Эх сурвалж: mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих