Эрүүл мэндийн сайд Н.Удвал ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар баригдах Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эмнэлгийн төслийн багийнхнийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад ЖАЙКА-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, төслийг хариуцан ажиллаж буй ЖАЙКА-ийн Япон дахь төвийн эрүүл мэндийн ахлах зөвлөх, мэргэжилтнүүд, түүнчлэн ЭМШУИС-ийн болон тус яамны холбогдох албан тушаалтнууд байлцав.
Уулзалтын эхэнд сайд Н.Удвал Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу шинээр баригдах ЭМШУИС-ийн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, хүчин чадлыг тооцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хариуцан ажиллах болсны дагуу энэхүү уулзалт зохион байгуулагдаж байгааг онцлон тэмдэглээд, Эрүүл мэндийн сайдын хувьд өөрийн байр суурийг илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд шинээр баригдах эмнэлэг нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг гурав дахь шатлалын эмнэлэг байхын зэрэгцээ тус дүүргийн ард иргэдийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлдэг байх нь зүйтэй гэж үзэв.
Ингэхдээ ялангуяа Монгол улсад оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчин, эмгэгийг бууруулах чиглэлээр төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг байхын чухлыг онцлон тэмдэглэв.
Эмнэлгийн хүчин чадлын хувьд 100-150 орноос илүүгүй байлгах талаар ЖАЙКА төлөвлөж байгаагаа дурьдсан бол Эрүүл мэндийн сайдын хувьд санал болгож байгаа тоог дэмжин, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд илүүтэй анхаарал, ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд цаашид эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх бодлого баримтлахгүй тухайгаа мэдэгдэв.
Уулзалтын явцад талууд дээрх асуудлуудаар харилцан санал солилцож, сайд Н.Удвал Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт сэтгэл хангалуун байдгаа дахин илэрхийлж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ЭМЯ-ны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
URL: