БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахгүй байх санал тавилаа
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж БНСУ-ын Цагаачлалын алба, Прокурорын ерөнхий газрын даргын урилгаар 11 дүгээр сарын 21-24-нд тус улсад ажлын айлчлал хийжээ.
БНСУ-ын талаас Цагаачлалын алба, Прокурорын ерөнхий газрын дарга Жон Дун Мин, Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга, Албадан гаргах хэлтсийн дарга, Инчон олон улсын нисэх онгоцны буудлын дарга нар Б.Пүрэвдорж тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзсан байна.
Энэ үеэр талууд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн биелэлт, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Манай талаас Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахыг болиулах, визийн хүсэлтийг 14-21 хоногт шийддэг хугацааг богиносгох, холбогдох ЭСЯ-наас виз авсан иргэдийг зарим тохиолдолд онгоцны буудлаас буцаахыг зогсоох санал тавьсан байна. БНСУ-ын тал виз олгохдоо Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг харгалзан үзэж иргэдэд визийг нааштайгаар шийдэж байх зэрэг хүсэлтийг Солонгосын тал сайтар судлан ойрын хугацаанд шийдвэрлэн хариу өгөхөөр боллоо.
Түүнчлэн тус улсад ашиглаж буй дэвшилтэт технологи, цахим бүртгэлийн системийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцуулж байхаар тогтсон талаар тус газраас мэдээллээ.
URL: