Ж.Амарсанаа: ”ДОХ-ын халдвар авсан хүнийг байнга эмчилгээнд хамруулдаг”
ДОХ-ын талаарх үндэсний VI чуулган өчигдөр боллоо. Манай улс ДОХ-ын халдвар багатай улсын тоонд ордог ч уг халдварыг зогсоож чадахгүй байгаа. Тиймээс одоо хэрэгжүүлж байгаа бодлогоо өөрчлөх цаг ирснийг мэргэжилтнүүд хэлж байсан юм. Чуулганы үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай цөөн хором ярилцлаа.
-ДОХ-ын асуудлаарх үндэсний VI чуулган болж байна. Чуулганы ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Хоёр жилд нэг удаа ХДХВ/ ДОХ-ын халдварын үндэсний чуулган болдог. Чуулганыг зохион байгуулахад ДОХ-ын халдвартай тэмцэж байгаа бүх төрийн бус байгууллагууд, холбогдох яам, тамгын газрын хүмүүс оролцдог. Энэ чуулганаар бид ДОХ-ын халдварыг хэрхэн бууруулж, халдварыг бага хэмжээнд нь хэрхэн барих вэ гэдэг стратеги төлөвлөгөө гаргадаг. Түүнчлэн өмнөх ажлаа дүгнэн хэлэлцэх юм.
-Монгол Улсад ДОХ-ын тархалт хэр байна вэ?
-Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд оношлогдсоноос хойш өнөөдрийн байдлаар 148-д хүрсэн. Манай улс ДОХ-ын халдвар бага байгаа орны тоонд багтаж байна. Энэ оны эхний арван сарын судалгааны дүнг авч үзэхэд ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 19 хүн нас барсан.
Бүртгэгдсэн тохиолдлуудын 114 буюу 76.9 хувь нь ХДХВ-ийн халдварын үедээ, 33 буюу 22.5 хувь нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Одоогийн байдлаар 82 хүн ретровирусийн эсрэг эмчилгээнд орон эмчлэгдэж байна.
-Эрүүл мэндийн яамнаас ДОХ-ын халдвар авсан хүмүүсийг хэрхэн шинжилгээнд хамруулж эмчилгээ хийдэг вэ?
-ДОХ-ын халдвар авсан хүмүүсийг байнга эмчилгээнд хамруулж, халдвараа цааш нь дамжуулахгүй байх тал дээр сургалт, суртачилгаа зохион байгуулдаг. Эдгээр хүмүүстэй тулж ажилладаг гэсэн үг л дээ. Ингэснээр халдвар багасана. Ижил хүйстэн эрчүүдийн дунд ДОХ-ын халдвар өндөр байгаа.
Энэ хүрээнд эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд, биеэ үнэлэгчид орж байгаа. Аюултай асуудал нь юу вэ гэхээр хүрээн дотроо халдвар нь нэмэгдэж байна. Эрчүүдийн дундах халдвар нь 7.5 хувьд хүрсэн.
-Манай улсад анх гаднын иргэд ДОХын вирусыг тараасан гэдэг. Энэ утгаараа хилээр орж гарч байгаа гадаадын иргэдийн эрүүл мэндэд тавих хяналт хэр байна вэ?
-Хил гаалиар орж ирж байгаа гадаад дотоодын хүмүүсийн эрүүл мэндийг ганц манай яам хариуцаж ажилладаггүй. Ялангуяа гаднаас ажилчид оруулж ирж байгаа асуудлыг Хөдөлмөрийн яам хариуцдаг. Гаднаас орж ирж бай гаа хүмүүсийг ДОХ-ын шинжилгээнд хамруулах нь зөв зүйтэй асуудал. Хилээр орж ирж буй хүмүүсийн асуудлаар хууль журамд нь өөрчлөлт оруулбал шинжилгээг нь сайн авах тэр тал дээр хариуцлагатай, анхаарч ажиллах боломж бүрдэх юм.
-Тэгэхээр хилээр орж ирж байгаа гадаадын иргэдийг нэгдсэн журмаар үзлэгт хамруулдаггүй гэсэн үг үү?
-Уг нь бол хамруулдаг. Саяхан журамд өөрчлөлт орсон. Энэ талаар манай яамны хариуцсан мэргэжилтэн мэдэж байгаа.
-Нэг халдвар тээгчийн цаана байх эрсдэлт бүлгийг хэдэн хүнээр тооцдог вэ. Судалгаанаас харахад халдвар тээгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна?
-Энэ асуудалд нарийн судалгаа хийж үзнэ. Манай улсын хувьд нэг халдвар тээгчийн ард 50 хүн байх магадлалтай гэж үздэг. Дэлхийн хэмжээнд бол нэг хүний цаана 500 хүн байна гэж үздэг л дээ.
-Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үнийг өссөн гэх үзүүлэлтээр гаднын томоохон байгууллагууд ДОХ-той хүмүүсийн эмчилгээний зардалд зориулж өгдөг байсан санхүүжилтээ олгохоо зогсооно гэсэн үнэн үү?
-Үнэн л дээ. Энэ асуудалд бид их санаа зовж, анхаарч байна. Гаднын байгууллагууд Монгол Улсын хөгжлийг дундаж гэж үзэж байгаа. Буцалтгүй тусламж бүрэн зогсч байна. Түүнчлэн Глобаль сан, ДОХ-ын халдвар эмчилгээг зуун хувь хариуцаж байгаа гаднын байгууллагууд санхүүжилтээ татна. Иймээс Засгийн газар санхүүжилтээ нэмэх шаардлагатай.
-Гаднын орноос ДОХ-той хүмүүсийн эмчилгээний зардалд зориулж байсан мөнгө их. Энэ байдал зогсохоор Засгийн газар эмчилгээний зардлыг бүрэн даах боломж хэр байдаг бол?
-Өнөөдрийн байдлаар бол боломж байгаа. Яагаад гэвэл ДОХ-той халдвартай хүмүүсийн тоо цөөхөн. Цаашид энэ тоо ихэсвэл Засгийн газраас эмчилгээний бүх зардлыг даана гэдэг хэцүү болж эхэлнэ.
С.Ичинхорлоо
Эх сурвалж:
URL: