Н.Мандах: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хэлмэгдүүлэн шалгасан

Н.Номтойбаяр гишүүний өмгөөлөгч Н.Мандах өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр түүнээс дараах хариултыг авлаа.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Саяхан УМБГ-ын дэд дарга Д.Отгонжаргал УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар поркурорт шилжүүлсэн талаар олон нийтэд мэдээлсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн поркурорын газраас хэргийг хянаад шалгах ёстой ажлаа дутуу хийсэн, хуулийн дагуу хийгдээгүй гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх саналыг хүлээж авалгүйгээр уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Бидний зүгээс хавтаст хэрэгтэй танилцаад мөрдөн байцаах ажиллагаа хуулийн дагуу тэнцвэртэй биш явагдсан гэж үзэж байгаа. Мөн шударга зарчимд үл нийцүүлэн явуулж улмаар Н.Номтойбаяр гишүүнийг хэрэг хийсэн мэтээр яллах дүгнэлт үйлдэж поркурорт шилжүүлсэн нь хэт нэг талыг барьж хэлмэгдүүлэн шалгаж байна гэж үзээд байна.
-Яагаад хэлмэгдүүлэн шалгасан гэж үзэж байгаа юм бэ?
-Хэлмэгдүүлэн шалгажээ гэж хэлэхийн учир нь яллагдагч Г.Нямдоржоос хурааж авсан хутгыг өөрөө ч миний гарт байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөөр байгаа. Гэтэл тус хутгыг мөрдөн байцаагчийн зүгээс Н.Номтойбаярын гарт байсан мэтээр анхнаасаа үзсэн.
Тэгээд эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол үйлдэж, дээд удирдлагууддаа танилцуулж, шүүх эмнэлэгт хүргүүлэн, шинжээч эмчийг байцааж поркурорт яллах дүгнэлттэйгээр хүргүүлсэн зэрэг байж боломжгүй ноцтой алдаа гаргасан. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэмт хэрэг хийсэн гэдэгт шууд болон суурь итгэл болж мөрдөн байцаах ажиллагааны эхлэл нь буруу тавигдсан.
-Н.Номтойбаяр гишүүн ЦЕГ-ын даргад гомдол гаргасан гэсэн үү?
-Тийм ээ. Мөрдөх байцаалтын ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, хэт нэг талыг барьж шалгасан, хуудас дутуу, шалгах ёстой зүйлүүдийг шалгаагүй тул нэмж шалгуулах 57 асуудал байгааг судалж тогтоогоод хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтийг гишүүн Н.Номтойбаяр тавьсан байна.
Энэ талаарх дэлгэрэнгүйг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЦЕГ-ын дарга Т.Билэгтэд явуулсан. Энэ албан тоотын хуулбарыг өөрийн цахим хуудаснаа тавьсан байгаа. Энэ дашрамд хэлэхэд, миний бие гишүүн Н.Номтойбаяртай хамт анхнаасаа энэ хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай уулзахаар өчигдөр /уржигдар/ ажил дээр нь очтол байгаагүй. Учрыг нь лавлахад тус мөрдөн байцаагч нь гэнэт өчигдөр /уржигдар/ өглөө өөр ажилд томилогдсон талаар тун хачирхалтай мэдээлэл сонссон.
-Г.Нямдорж нь Н.Номтойбаяр гишүүнээс мөнгө нэхсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Тийм ээ. Г.Нямдорж нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас нэг сая ам.доллар нэхсэн. Энэ одоогийн ханшаар бол 1.7 тэрбум төгрөг.
-Мөн энэ хэрэгт эрх бүхий албан тушаалтнууд холбоотой гэдгийг Н.Номтойбаяр гишүүн хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлж байсан. Ямар хүмүүс болох талаар та мэдэж байгаа юу?
-Энэ хэрэгт Засгийн газрын нэг гишүүн, УИХ-ын гурван гишүүн холбоотой талаар гишүүн Н.Номтойбаяр дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
-Г.Нямдорж гэдэг хүнд үйлдсэн яллах тогтоолыг Н.Номтойбаяр гишүүн твиттер хуудсандаа тавьсан талаар тайлбар өгөөч?
-Г.Нямдоржийг яллагдагчаар татсан тогтоол дээр яллагдагч нь Номтойбаяр гэж андуурч бичсэн нь байж боломжгүй ноцтой алдаа. Ерөөсөө л гишүүн Н.Номтобаярыг бүхий л талаар нь гэмт хэрэг хийсэн мэтээр нэр хүндийг нь харлуулах гэсэн олон дайралтын нэг гэж үзэж байгаа.
Энэхүү алдаа нь санаатай санамсаргүйг би хэлж мэдэхгүй. Харин гишүүн Н.Номтойбаяр өөрөө твиттер хуудаснаа мөрдөн байцаагчид хандан “Зүүдээ яриах гэж байгаа, хулгайгаа илчлэв” гэсэн утгатай байр сууриа тодорхой илэрхийлсэн.
-Н.Номтойбаяр гишүүн энэ тогтоолыг твиттер хуудсандаа тавьсныг мөрдөн байцаалтад албан тушаалаараа нөлөөлж байна гэж зарим хүн хардаж байсан?
 -УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийнхоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42.3.8, 212,2-т заасны дагуу хэргийн материалтай танилцахдаа алдаатай баримтыг олж мэдсэн. Түүнээс биш УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд олж мэдсэн зүйл биш.
Тийм эрх УИХ-ын гишүүн байтугай даргад нь ч байдаггүй. Харин гишүүн Н.Номтойбаяр нь өөрийнхөө халдашгүй байдал, бүрэн эрхийнхээ асуудлыг үл огоорон үнэн зөвийг тогтоохын төлөө өөрийн биеэр шалгуулж байгаа. Н.Номтойбаяр гишүүнийг гэмт хэрэг хийсэн мэтээр олон нийтэд мэдээлэл цацагдаж улмаар нэр хүнд нь үнэхээр унаж байгаа ч тэрбээр асуудалд хууль болон цагдаагийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж хувь хүнийхээ зүгээс туйлын хүлээцтэй байгаа.
Эцэст нь хэлэхэд ЦЕГ-аас энэ хэргийн талаар мэдээлэл хийж байгаатай холбогдуулан мэдээллийнхээ үнэн зөв эсэхийг сайтар магадлаж тогтооход анхаарч ажиллахыг өмгөөлөгч болон Н.Номтойбаяр гишүүний зүгээс хичээнгүйлэн хүсч байна.
Б.Аззаяа

URL:

Сэтгэгдэл бичих