Ч. ДАВААБАЯР: МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД ГОМДОЛ ГАРГАЛАА
МҮОНРТ-ийн ерөнхий захирал М. Наранбаатар нь “Үндэсний зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, өөрийг нь ажлаас халах тушаал гаргасан, мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг цахим хуудсуудаар тарааж, нэр хүндэд халдсан” гэж үзээд Ч.Даваабаяр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд гомдол гаргалаа.
Үйл явдлыг эргэн сануулбал, МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн энэ сарын 21-ний өдрийн тогтоолоор МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр болон хэсэгт уран бүтээлчдийн дунд үүсээд байгаа маргааныг 10 хоногийн хугацаанд судалж, арилгах, мөн эрх мэдлийн хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт үүрэг болгосон. Гэтэл тус телевизийн ерөнхий захирал М.Наранбаатар ажлын хэсэг ч гаргаж судалж шалгалгүй нэг талыг барьсан шийдвэр гаргаж, улмаар 1 хоногийн дотор Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.
Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа цахим хуудсуудаар тарааж, үндэсний телевизийн нэр хүнд болон хувь хүний нэр төрд халдсан байна. Ер нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлын тушаал шийдвэр гарахаасаа өмнө л цахим хуудсуудаар /Ч.Даваабаяр халагдах гэж байна, халагдах нь тодорхой боллоо, халагдлаа гэх мэт/ цацагдаж эхэлсэн. Уг нь бол үндэсний телевиз олон нийтийн гэдэг утгаараа Монгол Улсын хууль дүрмийг чандлан сахих ёстой. Гэсэн ч тус телевизийн ерөнхий захиралд хууль дүрэм үйлчилдэггүй нь Ч Даваабаярыг ажлаас чөлөөлж, тушаалыг нь олон нийтэд зарлаж, нийслэл хот цаашлаад дэлхийн өнцөг булан бүрт хүргэж, хувь хүний болоод байгууллагын нууцыг задруулснаас харж болохоор байна. Мөн Ч.Даваабаяр “11 дүгээр сарын 21-нд болсон Үндэсний зөвлөлийн хуралд М.Наранбаатар өөрийн биеэр оролцоогүй, маргааш нь ажилдаа ирээгүй байж хууль бус тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж үзэж байгаа юм байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж:
-10 хоногийн дотор асуудлыг шийд гэж Үндэсний зөвлөл тогтоол гаргасан. Гэтэл ганц хоногийн дотор Ч.Даваабаярыг ажлаас халах тушаал гарчихсан. Энэ ямар учиртай юм бол?
-Үүнийг тушаал гаргасан хүнээс нь асуу. Үндэсний зөвлөл бол шалгах зүйлс байна л гэж үзсэн. Тийм учраас хугацаа өгсөн. Шахуу хугацаа гаргаад өгчихвөл асуудлыг судалж амжихгүй байж магадгүй гэж бодсон.
-Ажлаас чөлөөлөх тушаал цахим ертөнцөөр тарж, нийслэлийнхэн мэдэж байсан бол хөдөө орон нутаг гадаадад хүртэл мэдэгдэх хэмжээнд хүрсэн. Төрийн байгууллага гаргасан тушаал шийдвэр бүрээ цахим хуудсаар тараагаад байх талаар үндэсний телевиз жишиг тогтоолоо. Энэ талаар таны бодол?
-Хэн яаж тушаал тараасныг би мэдэхгүй байна. Бид бол Үндэсний зөвлөлийн гишүүдэд л өгсөн.
- Энэ гомдлыг хэзээ шийдвэрлэж өгөх вэ. Ер нь М.Наранбаатар захирал Үндэсний зөвлөлийн тогтоолыг зөрчиж Ч.Даваабаярыг ажлаас халсан гэж үзэж болох уу?
-Үндэсний зөвлөлийнхөө гишүүдэд тараана. Тэгээд ярилцаж, танилцана. Одоогоор уншиж үзээгүй байна. Үндэсний зөвлөлөөс зөрчлийн маргааныг л судал, судлаад өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ аваад мэдэгд л гэсэн. Маргааныг ямар журмаар судлах юм, аудитын шалгалт хийлгэх юм уу, хуулийн байгууллагаар шалгуулах эсэх нь тэр хүний асуудал. Тэгээд эргэж мэдэгд гэсэн. Одоо хүртэл эргэж мэдээлээгүй л байна. Үндэсний зөвлөлийн тогтоол бол маргааныг судалж, арилга гэсэн. Маргааны шалтгаан яг юу юм бэ гэдгийг судлах тухай л байсан.
-Ер нь бол та тушаал хэн тараасныг мэдэхгүй байгаа юм байна, тийм үү?
-Тийм.
-Ингэж болох уу?
-Намайг орой 17 цагийн үед гэртээ байхад Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлөх тушаал гарлаа гэж МҮОНТ-ийн Тамгын газрын дарга Нарангэрэл утсаар хэлсэн. Ажил арай тараагүй байсан. Би энд сууж ажилладаг хүн биш учраас Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргыг тушаалыг ав гэсэн. Нарийн бичгийн дарга тушаалыг авч Үндэсний зөвлөлийн гишүүдэд тарааж өгсөн. Яагаад цахим хуудсаар тарсныг бол би мэдэхгүй.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн Өргөдөл, гомдол шалгах хорооны дарга Д.Гоошоохүү:
-Би энэ Өргөдөл, гомдлын хорооны дарга мөн. Би ҮЗ-ийн гишүүнийхээ хувьд өөрийнхөө удирдлагыг хүндэтгэж, энэ гомдлыг хүлээн авч хамт олноороо хэлэлцэнэ. Зарчмын хувьд бид хамт олноороо ярьж асуудлыг шийддэг. Тиймээс би Ч.Даваабаярын гомдлыг албан ёсоор хүлээж авлаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Yasmeen Un homme averti en vaut deux. Desges