Бидний хийсэн бүхэнд 20 жил хамт байсан сонсогчдын минь сэтгэл шингэсэн
Энэ удаагийн дугаартаа Монголын рок попын түүхэнд өөрсдийн ул мөрөө баттай үлдээсэн, 20 жилийнхээ ойг угтаж буй Монголын амьд хөгжмийн шилдэг хамтлагуудын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаяртай ярилцлаа.
-Ярилцлагаа “Хурд” хамтлагийн хамгийн анхны тоглолтын тухай дурсамжаар эхэлье. “Хар Салхи” нэртэй тоглолт байсан шүү дээ?
-”Хар салхи” тоглолтыг 1995 оны гуравдугаар сард Улсын циркт тоглож байсан. Тухайн үед гэрэл, тайз, хөгжим гээд байх зүйл Монголд бараг юу ч байхгүй. Юун тэр хөгжмийн техник хэрэгсэл оруулж ирж концерт, шоу хийх манатай л байсан цаг үе шүү дээ.
Худалч хүнд бараг зургаан ширхэг яригч тавиад л тоглож байлаа. Яаж ч тоглож байсан юм. Тэгсэн мөртлөө “маш сайхан тоглолт боллоо” гэсэн үгийг олон хүний амнаас сонсч байсан.
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Хурд” хамтлаг бараг жил бүр сонсогчиддоо бүрэн хэмжээний тоглолтоор бэлэг барьдаг байсан. Нийт хэчнээн тоглолт хийсэн байна вэ?
-Хорин жилийн турш “Хурд” хамтлаг 17 удаа бүрэн хэмжээний тоглолт хийсэн. 1997, 2003 онд л завсарласан байдаг
-Эдгээр тоглолтуудаас “Симфони Хурд” тоглолтыг онцолмоор санагдлаа. Их том тоглолт болж байсан?
-Энэ тоглолтыг 2001 онд Монгол бөхийн өргөөнд тоглож байсан. Маш олон буюу 180 орчим хүний бүрэлдэхүүнтэй тоглолт болж байлаа. Энэ тоглолт манай хамтлагийн анхны симфони оркестртой хамтарсан тоглолт шүү дээ.
УДБЭТ-ийн симфони найрал хөгжимчид бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, манай хамтлагийн 21 дууг хамтран тоглож байлаа. Тэр тоглолтын бичлэг хамтлагийн архивт байдаг Удахгүй хамтлагийн тухай баримтат кино хийгдэнэ. Тэр тоглолтын бичлэгээс бас орох байх.
-”Алтан Пянз” хэвлүүлэх ажлыг хэзээнээс эхэлсэн бэ. Их олон шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой байх?
-Миний хувьд багадаа гадны хамтлаг, дуучдын алтан пянзыг харж, бахархаж байсан болохоос биш өөрийнхөө хамтлагийн алтан пянзыг гаргана гэж зүүдлээ ч үгүй явсан. Энэ бол амьд хөгжим тоглодог хамтлагуудын бараг л мөрөөдөл. Тэгэхээр бидний мөрөөдөл биеллээ гэсэн үг
Энэ алтан пянзаа хэвлүүлэх ажил өнгөрсөн зунаас эхэлсэн. Маш их цензур, шалгуур байдаг юм байна лээ. Хэдэн цомог гаргасан, хэдэн тоглолт хийсэн, хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг вэ, хамтлагийн дуунуудаа өөрсдөө зохиосон байна уу үгүй юу гэх зэргээр шалгуур тавьдаг Янз янзаар шалгаж байж эрхийг нь өгдөг юм байна лээ.
Гэсэн ч эдгээр шаардлагыг хангаж пянзаа гаргасандаа баяртай байна. Манай пянзыг АНУ-ын Лос Анжелес хотын Холливиуд дахь студи хийсэн. АНУ-ын дуучин Леди Гагагийн алтан пянз яг манайхаас өмнө энэ студид хэвлэгдсэн. Ер нь дэлхийн бараг ихэнх одууд энд пянзаа хийлгэдэг юм билээ. Энэ бол манай хамтлагийн зүгээс Монголын рок поп хөгжмийн хөгжилд оруулж байгаа нэг томоохон хувь нэмэр гэж бодож байна.
-”Хурд” хамтлагийн түүхийг өгүүлсэн баримтат кино хийгдэнэ гэлээ. Кино хэзээ бэлэн болох вэ?
-Баримтат кино 2014 онд гарна. Юуны өмнө киноны зохиол их гоё байх хэрэгтэй. Энэ кинонд миний анх гитар тоглож эхэлж байх үеийн бичлэгээс авахуулаад өмнөх тоглолтуудын тайзны арын бичлэгүүд гэх мэтчилэн маш гоё гоё сонирхолтой дүрс, бичлэгүүд багтана. Ер нь хамгийн их фондтой хамтлагийн нэгэнд манайх зүй ёсоор орох байх.
-”Black box”-ын тухай дэлгэрүүлж яриач. Хичнээн дуу багтсан байгаа вэ?
-Энэ 20 жилийн хугацаанд гаргасан бүх 12 цомгоо бид нэг ” Black box” болгон нэгтгэсэн. Энэ бол сонсогчдодоо зориулсан маш том бэлэг гэж бодож байна. Бас хамтлаг дуучдын хувьд анхдагч. Хамтлаг урын сандаа 180 гаруй дуутай. Харин Black box -т маань 160 гаруй дуунууд багтсан. Ер нь манай хамтлагийн зарим цомог надад өөрт ч байдаггүй. Тийм болохоор нэг дороос “Хурд” бүх дууг сонсох боломжтой болж байна гэсэн үг
-Энэ удаагийн тоглолтонд хичнээн дуу дуулагдах вэ?
-Тоглолт хоёр өдөр тоглогдоно. 33 дуу дуулагдаж, гурван цаг гарангийн тоглолт болно. Тоглолтоо би өөрөө хөтөлнө. Үзэгчдээ уйдаахгүйн тулд он цагийн хэлхээсээр тоглолтынхоо найруулгыг хийсэн байгаа.
-Хамтлагийг 1987 онд анх үүсгэн байгуулж байсан анхны бүрэлдэхүүнээс ойн тоглолтонд урилгаар оролцох уу?
-Оролцоно.
-”Хурд” хамтлаг өмнө нь тоглолтуудаараа гурван DVD гаргаж байсан. Энэ удаагийн тоглолтыг DVD болгож гаргах уу?
-Өмнө нь гурван тоглолтоороо DVD гаргасан. Энэ удаагийн тоглолтын DVD бас гарна. Мэдээж манай заалны багтаамж ямар билээ, гадаад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань хэр их байдаг билээ. Тэр бүгдийг бодолцож үзсэн. Тоглолтын уур амьсгалыг үзэх, мэдрэх хүсэлтэй мянга мянган сонсогч, үзэгч байгаа учраас тэдэндээ зориулж DVD гаргах нь зүйн хэрэг
-Танайх аялан тоглолтоор хамгийн их явдаг хамтлагийн тоонд зүй ёсоор орно. Энэ тоглолтын дараа аялан тоглолт төлөвлөж байна уу?
-Орон нутаг, гадаадад амьдарч байгаа монголчууддаа маш их очиж тоглосон. Энэ тоглолт дуусаад бид Өвөрмонголын таван хотоор тойрч аялан тоглолтоо хийнэ. Мөн ирэх онд АНУ-д энэ тоглолтоо албан ёсоор очиж тоглоно. 2014 онд бол манай хамтлагийн хувьд аялан тоглолтын жил байна.
-”Хурд” нэрийн дурсгалын тухайд?
-Бид бүхэн 20 жилийнхээ ойг угтан өнөөдрийг хүртэл биднийг сонсч ирсэн сонсогчиддоо бэлэг болгох үүднээс эдгээр ажлуудыг хийлээ. Бид гадны хамтлаг дуучдын алтан пянз, бусад сувинеруудыг сонирхож авдаг байсан бол одоо монголынхоо, тэр дундаа манай хамтлагийн энэ бүх зүйлсийг өөртөө авч үлдээх, цуглуулгатай болох боломжтой боллоо.
Үүнд “Хурд” нэрийн гарын зүүлт, гинж, хуанли, гитарын цохиур, бөмбөрийн цохиур, хоёр өөр төрлийн акустик гитар манай хамтлагийн зураг футболка хийгдсэн байгаа. Эдгээр нь амьд хөгжмийн холбогдолтой, амьд хөгжим сонирхогч залууст хэрэгтэй зүйл байх. Ялангуяа гитар, бөмбөр сонирхдог хүүхдүүдэд бүр илүү хэрэгтэй. Бидний хийсэн энэ бүх зүйлд “Хурд”-тай 20 жил хамт байсан бүх хүний зүрх сэтгэл шингэсэн байгаа гэж бодож байна.
А.Халиун
Эх сурвалж:
URL: