Британийн тал нэмэлт баримт ирүүлэх ёстой гэж үзсэн учраас Б.Хурцын шүүх хурал хойшилжээ
Б.Хурцын шүүх хурал тов ёсоор 13-ны өдрийн 11 цагт Лондонд хатан хааны дээд шүүхийн танхим /Court of Royal Justice/ -д боллоо. Энэ удаагийн давж заалдах шатны хуралдааныг дээд шүүхийн шүүгч Лорд Мосес даргалжээ. Шүүх хуралд Б.Хурцын өмгөөлөгчөөр хуульч Алун Жонс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж профессор Сэр Э.Лаутерфахт нар оролцжээ.
Мөн Гадаад харилцааны яамнаас ТНБД Д.Цогтбаатар, Монгол Улсаас Их Британи улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь хуралдаанд байлцсан юм байна.
Британийн талыг тус улсын прокурорын байгууллагын төлөөлөгч ноён А.Уоткинс, Британийн Гадаад Хэрэг Хамтын Нөхөрлөлийн Яамны хуулийн зөвлөх хатагтай С.Доббин нар төлөөлсөн аж.
Харин шүүгч Мосес хоёр талын мэтгэлцээнийг сонссоны дараа Британийн Гадаад Хэрэг Хамтын Нөхөрлөлийн Яамны хүсэлтийн дагуу талууд нэмэлт баримтуудыг зургаадугаар сарын 6-ны өдрөөс өмнө Дээд шүүхэд ирүүлсэн байхыг анхааруулжээ. Улмаар дараачийн хуралдааныг зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд багтаан явуулах болсноо мэдэгдэж, шүүх хуралдааныг завсарлуулсан байна.
Дашрамд өгүүлэхэд, Английн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрээ гаргахын тулд таван сарын хугацаа зарцуулж, хурлыг долоон удаа хойшлуулсаны эцэст шийдвэрээ гаргаж байсан. Тэрчлэн давж заалдах шатны шүүх хурал нь хэдэн ч удаа хойшилж болзошгүй юм. Европын холбооны arrest warrant-ын дагуу баривчлагдсан бол шилжүүлэх эсэх асуудлыг 90 хоногийн хугацаанд багтаж шийдвэрлэх ёстой. Англи улсад бол 21 хоногийн дотор шийдэгдэх ёстой гээд байгаа. Тэгвэл Б.Хурцыг баривчлаад 8 сар болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гараад 86 хонож байна.
Нэг ёсондоо Лондонгийн шүүх Б.Хурцтай холбоотой асуудлыг хуулийн хугацаанаас хэтрүүлэн хэлэлцэж, шийдвэрлэж байгаа дүр зураг харагдаж буй юм.
Энэ тал дээр Ажлын хэсгийн ахлагчаас байр суурийг нь тодруулахад “шилжүүлэх үндэслэлтэй л гэж үзсэн бол аль хэдийнэ шилжүүлчихсэн л байгаа байх. Манай талаас тавьж буй асуудал жинтэй байгаа учраас шууд шийдчихэж чадахгүй байгаа юм болов уу. Уг нь Анхан шатны шүүхийн шүүгч есдүгээр сард эхний хурлаараа л шийдчихэж болох байсан байх. Гэтэл энэ оны хоёрдугаар сар гартал хойшилсон. Шийдэж чадахгүй л байна гэсэн үг юм… Давж заалдах шатны хурал болох гэж хоёрдугаар сараас тавдугаар сарын 13 хүртэл гурван сарын хугацаанд удлаа гэдэг чинь энэ материалтай танилцах хугацаа л хэрэгтэй байгаа гэсэн үг. Тиймээс үүнийг нухацтай авч үзэж байгаа. Бид хангалтгүй баримт өгсөн бол аль хэдийнэ шийдээд явуулчихсан байгаа байх” гэж байсан. Мөн давж заалдах шатны шүүхэд ч нэлээн баримтыг бүрдүүлж өгсөн тухай хэлж байгаа.
Энэ дашрамд, 2003 онд Д.Энхбат агсныг европын холбооны улсуудын хууль журмыг зөрчин баривчлан авчирсан хэрэгтэй холбоотойгоор Б.Хурцыг өнгөрөгч оны есдүгээр сарын 17-нд Английн цагдаагаас баривчилсан гэдгийг эргэн сануулахад илүүц болохгүй байх. Ингэхдээ дээр дурдсанчлан Европын холбооны 27 улсад үйлчлэх ёстой баривчлах ордерын дагуу Английн нутаг дэвсгэр дээрээс Б.Хурцыг баривчилсан. Германы талын хүсэлтээр Английн цагдаагаас түүнийг баривчилсан учраас Лондоны анхан шатны шүүх Б.Хурцыг Герман руу шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Харин давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.
Д.Энхбат агсныг тухайн үед С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, улмаар хууль бусаар баривчлан авчирсан. Энэ нь тухайн үеийн төр засгийн болоод хүчний байгууллагын оролцоотой хийгдсэн ажиллагаа гэдэг талаар өнгөрөгч жилүүдэд ярьж ирсэн.
Тэгвэл баасан гаригт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татсан асуудал юм. “Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Хурц иргэн Д.Энхбатыг гадаад улсад баривчлан саатуулж, авч ирэхдээ Ц.Нямдоржийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэдэг нь ташаа ойлголт бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн байгууллагын удирдлага, ажилтнууд аливаа нэг хэлбэрээр оролцоогүй. Тагнуулын ерөнхий газар нь хуулиар Ерөнхий сайдад харъяалагддаг бөгөөд уг байгууллага аливаа шийдвэр гаргаж, үйл ажиллагаагаа явуулахдаа Хууль зүй, дотоод хэргийн яам, Сайдад урьдчилан болон хожим нь танилцуулдаггүй, бас зөвшөөрөл чиглэл авдаггүй” хэмээн мэдэгдлээ.
Тэгэхээр Б.Хурцыг шилжүүлэх эсэхийг Лондонгийн шүүх хэлэлцэж, шийдвэрлэх процесс үргэлжлэхтэй зэрэгцэн 2003 оны хэрэгтэй холбоотой мэдэгдлүүд ч улстөрийн хүрээнээс ямар нэг байдлаар гадагшлах бололтой байна.
Э.Болорхажид
URL: