Хүүхдээ номонд хэрхэн дуртай болгох вэ?
Манай хүүхэд байнга хүүхэлдэйн кино үздэг, компъютер тоглодог, номонд дургүй. Хүүхдээ яаж номонд дуртай болгох вэ? гэж биднээс маш олон эцэг эх асуудаг.
Гэтэл хүүхэлдэйн кино, компъютер тоглоом ч гэсэн ном, зохиолоос бүтдэг биз дээ? Тэгэхээр анхнаасаа номонд дургүй хүүхэд гэж байдаггүй бөгөөд бид хүүхдээ өөрсдөө номонд дургүй болгодог ажээ.
Учир нь:
- бид хүүхдээ багаас нь номтой харьцуулж сураагүй
- хүүхдэдээ ном авч өгөөд ганцааранг нь хаядаг
- эсвэл ном, үлгэр уншиж өгөхдөө хүүхдээ заавал анхааралтай, дуугүй сууж сонсохыг шаарддаг
- уншиж өгснийхөө дараа хүүхдээсээ шалгалт шүүлэг мэт асуулт асууж, хүүхэд хариулахгүй бол загнаж залхаадаг
- өөрсдөө ном уншиж үлгэр дуурайл болдоггүй
- ном тогтмол уншиж өгч хэвшээгүй зэрэг нийтлэг шалтгааны улмаас хүүхдээ номоос улам бүр холдуулдаг.
Харин хүүхдээ номонд дуртай болгоё гэвэл яг дээрхийн эсрэг ажиллах хэрэгтэй.
Үүний тулд:
1. Хүүхдэдээ аль болох багаас нь буюу 3,4 сартайгаас нь насанд нь тохирсон ном үзүүлж, ярьж өгч байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн харааны хүлээн авах чадвартай холбоотой. Хэдхэн сартайгаасаа ном үзэж байсан хүүхдэд “Номыг эргүүлж үздэг. Тэгэхээр гоё зүйл үздэг” гэсэн ойлголт тогтдог. Тэр ч байтугай эхийнхээ гэдсэнд байхад нь ээж нь эсвэл аав нь байнга ном уншиж өгдөг байсан хүүхэд гараад ном уншуулах дуртай байдаг гэж зөвлөх нь бий. Дашрамд дурдахад манайд 0-3 насны нялх балчир хүүхдэд зориулсан, насанд нь тохирсон ном олон байдаг.
2. Хүүхдэдээ ном авч өгөөд үз гээд ганцааранг нь орхиж болохгүй. Харин хүүхдээ өвөр дээрээ эсвэл хажуудаа тухлан суулгаад номоо ярьж эсвэл уншиж өгөөрэй. Тэгвэл хүүхэд номын сонирхолтой үйл явдлаас гадна таны өөрт нь зориулж буй анхаарал, хайрыг мэдэрч байдаг.
3. Үлгэр, номоо уншиж өгч байхад хүүхдийн тань сонирхол буурч өөр юм хийхийг хүсвэл эсвэл зүгээр л босоод явчихвал хүчээр суулгаж, сонсуулж болохгүй. Энэ нь хүүхдэд ял болдог. Харин ч заримдаа сонирхолтой кинон дундуурх реклам шиг яг сонирхолтой үед нь уншихаа болиод “Маргааш үргэлжлүүлж уншъя” гэхэд хүүхэд маргаашийн өдрийг хүсэн хүлээдэг.
4. Номоо уншчихаад хүүхдээсээ “Гоё ном байна уу? Чамд юу нь таалагдсан бэ?” гэж асуухад л хангалттай. Харин зарим эцэг эх хүүхдээ ойлгосноо ярь зэргээр тулгадаг нь мөн л номыг ял болгож байгаа хэрэг юм. Харин хүүхэд өөрөө номынхоо тухай ярихыг хүсвэл дэмжиж, харилцан ярих хэрэгтэй.
5. Эцэг эх та өөрөө хүүхдэдээ нэг ч ном уншиж харагддаггүй бол хүүхдээсээ ном уншдаг болохыг шаардаад хэрэггүй. Харин та хааяа ч гэсэн ном уншаад түүнийхээ тухай амтархан ярьдаг бол хүүхэд тань бас ном сонирхдог болно.
6. Та ядаж хагас бүтэн сайнд нэг удаа “Номын цаг” гаргаж хүүхдэдээ ном уншиж өгөөрэй. Ингэхдээ хүүхдийнхээ асуултад байнга хариулж, ярилцаж байгаарай.
Харин өдөр болгон эсвэл долоо хоногт 2-3 удаа уншиж хэвшвэл хүүхдийн тань хөгжил, төлөвшилд онцгой сайн нөлөөлөх болно. Хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэхэд өдөрт 10-15 минут ном уншиж өгөх л хангалттай байдаг.
Та бүхэнд амжилт хүсье.
Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц
URL: