“Дарга хаалга”

 

“МУИС-ийн гурван багшид нэг дарга ноогддог. Энэ бол үнэн. Бас гурван хаалга тутмын нэг нь даргынх. Тэдгээрийг “дарга хаалга” ч гэж ойлгож болно”. Сургуульдаа нөлөө бүхийд тооцогддог эрдэмтэн багш хэдхэн хоногийн өмнө ийн сонирхуулж ярьсан юм. “Дарга хаалга”-ыг яаж таних вэ хэмээн сониучирхвал “Харахад л андашгүй дээ. Хаалган дээрээ доктор гэх мэт том хаяг хадсан, өнгөлөг байвал бүгд дарга нарынх. Харин хичээлийн анги танхим, багш нарын өрөөнийх бол “дарга хаалга”-аас өөр, хуучны голдуу. Яагаав дээ, дээр үеийн модон хаалга байдаг даа” хэмээн тун ч бухимдангүй өгүүлсэн.

 

Сүүлийн үед МУИС-ийг тойрсон шинэчлэл, бүтцийн өөрчлөлттэй зэрэгцээд “дарга хаалга” гэх сэдэв яах аргагүй содон бас сонирхол татав. Иймээс тус сургуулийг шинэчлэхээр мориндоо мордож зэвсэг агссан том жижиг дарга нартай нь бус зүгээр л МУИС-ийн “дарга хаалга”-тай танилцахаар өчигдөр зориуд орлоо. Юуны өмнө тус сургуулийн Хичээлийн хоёрдугаар байраар орж, нэгээс гурван давхар хүртэл нь явлаа. Багшийн маань хэлсэн дүр зураг харагдаж л байна. Хоёрдугаар байрны нэг, хоёрдугаар давхрын баруун жигүүрээр явах үед тэр ч доктор, энэ ч профессор гэсэн том шар хаягтай хүрэн модон хаалганууд голдуу таарах. Хоёрдугаар давхарт байх “дарга хаалга”-нуудын олонхи нь цоожтой. Харин тэдгээрийн дунд ганц нэг тааруухан буюу хуучин модон хаалга таарсан нь хичээлийн танхим.

 

Шагайгаад үзвэл хананд нь ногоон самбар, хичээл нь завсарласан, эсвэл багш нь түр гараад явсан уу хэдэн оюутан ширээгээ тойроод суучихсан “буу халцгааж” байх жишээтэй. Харин зүүн жигүүрт нь баруунаа бодвол “дарга хаалга” цөөн юм. Хичээлийн танхим, лаборатори гэсэн хаяг байх бөгөөд зарим нь гажаад хаагдахаа больсон бололтой. Бас оюутнууд  орж гарч гүйгээд нааш цааш хөлхөлдөх. МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны “дарга хаалга”- тай танилцсаныхаа дараа нэгдүгээр байраар орлоо. Энд ч ялгаагүй, “дарга хаалга” олон юм. Доктор, профессор гэсэн өмнөтгөл хаягтай хэд хэдэн хаалгаар шагайвал ширээнийхээ ард, нүднийхээ шилний цаанаас харах тоомжиргүй харцтай тулгарав. Уг нь МУИС-ийн шинэчлэлтэй зэрэгцээд багш нар нь хэдэн хэсэг болчихсон муудалцаад байгаа, оюутнууд нь ч энэ асуудлыг дэмжих нь дэмжиж зарим хэсэг нь эсрэг байр суурьтай байгаа гээд манай улсын хамгийн том сургуулийг тойрсон дуулиан шуугиан хэвлэлээр нэг дэлгэгдэж байгаа болохоор дотроо ч бас нэлээд дуу шуутай байгаа болов уу хэмээн төсөөлсөн ч байдал эсрэгээрээ байна. Багш нар нь ч, оюутнууд нь ч нам гүм.

 

Зарим багш нь зургийн аппарат барьсан биднийг хараад нүүр буруулан алхаагаа түргэтгэх янзтай. Харин хичээлийнхээ цагаас түрүүлээд ирчихсэн бололтой хэдэн оюутантай уулзаж сургуулийн шинэ захирал, бас шинэчлэлийн талаар асуувал “Мээдэхгүй” хэмээн мөрөө хавчив. Хичээл зүгээр л орж байгаа шүү дээ. Харин зарим сургуулийг нэгтгэнэ л гэсэн. Естой мэдэхгүй” гэх нь мөнгөө төлөөд сурч байж өөрсдийнхөө төлөө анхаарал тавьдаггүй нөхөд байна уу даа гэж дүгнэж болохоор. Энэ үеэр тус сургуульд шинэчлэлийг “үнэртүүлсэн” нэг зүйл таарсан нь нэгдүгээр байрны хоёрдугаар давхрын баруун жигүүрт буюу бас нэг “дарга хаалга”-ны ойролцоо тус сургуулийн багш, нийтлэлч Аанхаагийн бичсэн “Муухай МУИС” нийтлэлийг хэд хэд хувилаад хананд наачихсан байв. Бодвол түүнийг дэмжигч залуус зориудаар наасан бололтой. Ерөнхийдөө үүнээс өөр шинэчлэл үнэртүүлэхээр зүйл МУИС-иас харагдсангүй.

 

Багш, оюутнуудаас энэ тухай тодруулбал, дарга багш, “дарга хаалга”-ны тухай асуухыг хүссэн ч нэг л багш түр саатаж “Тийм, үнэн шүү дээ. Манай сургууль шинэчлэгдэх цаг болсон. Одоо юу ч мэдэхгүй нөхөд доктор, профессор болоод байна. Тэр хүмүүс ийм хаалганы цаана суудаг юм. Ийм байж болдог юм уу. Одоо манай сургууль, Увс, Говь-Алтайнхаар дүүрсэн. Толгойдоо мэддэггүй хүмүүс оюутнуудад хичээл заадаггүй юм. Уг нь би энэ тухай оюутнууддаа хэлдэг. Та нар мөнгөө төлөөд сурч байж шаардлага тавь гэж. Гэвч ад болох шинжтэй. Уг нь би шинэчлэлийг дэмжиж байсан.

 

А.Галтбаярыг гарч ирээд энэ тухай ярихад сайхнаар хүлээж авсан. Гэтэл одоо арга зам нь буруу болоод байна. Багш нар энэ шинэчлэлд ийм санаа оноо байна гээд орохоор та нар юу юм бэ гэсэн байдлаар ханддаг. Ер нь хүнтэй харилцах чадвар муутай нөхөр” хэмээн бухимдсан юм. МУИС-ийн шинэчлэл, гурван багшид нэг оногддог дарга бас “дарга хаалга”-ыг тойрсон ийм дүр зураг өчигдөр харагдав. Уг нь МИУС-д сүүлийн үед өрнөж буй үйл явдлыг ажиглаад байхад ирээдүйд энэ сургууль байх уу, үгүй юү гэдэг асуудал ч тавигдаад байгаа. Учир нь, тус сургуулийн шинэ захирал А.Галтбаяр бүтцийн өөрчлөлт хийх нэрээр 12 сургуулийг хүчээр нэгтгэж дөрвөн том сургууль болгох мөн гурван багшид нэг дарга буюу “дарга хаалга”-ыг цөөлөх асуудлыг давхар хөндсөн нь цаг үеэ олсон гэсэн бодлыг олон хүнд төрүүлж байсан байх. Гэвч шинэчлэл нэг иймэрхүү дүр зурагтай, багш нар нь ч, оюутнууд нь ч энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Тэр ч бүү хэл шинэчлэл хийнэ хэмээн амлаад буй А.Галтбаяр болон түүний багийнхныг зан харилцааны гэх мэт аахар шаахар асуудлаас нь болоод зарим нь дэмжихгүй болсон бололтой.

 

Иймээс А.Галтбаяр захирал үнэхээр ярьж байгаа шигээ шинэчлэл хийж чадах уу, гурван багшид оногддог нэг дарга буюу “дарга хаалга”-аа цөөлж чадах болов уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байсан юм. Бас багш нар нь ч цалингаа аваад мөрөөр ажлаа хийгээд явъя гэж бодож буй биз гэхэд үүнээс болж өчнөөн мөнгө төгрөгөө төлөөд сурч буй оюутнууд нь яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Учир нь, зарим залуу багш “Энэ сургууль 20-30 жилийн өмнөх лекц уншиж байсан багш нараар бас бүх тэнхим, салбар сургуулиуд нь Ховд, Говь-Алтайнхан буюу нэг нутаг усныхнаар дүүрчихсэн. Тэнхмийн эрхлэгч, салбар сургуулийн захирлууд нь шинээр багш авахдаа шударга сонгон шалгаруулалт явуулдаггүй. Зар тавьж баахан хүнийг шалгаруулсан болчихоод өөрсдийн хүнээ авчихдаг” гэсэн хатуу зэмлэл хэлдэг.Тэр ч бүү хэл зарим багш нь дархлагдчихсан, тэднээс ямар ч олигтой бүтээл гардаггүй, оюутанд өгөөжгүй гэх мэт шүүмжлэлийг гадаадад төгсөөд ирсэн залуу багш нар нь хэлдэг юм. Тэгээд ч энэ шинэчлэлийг хийхэд бас л асуудал гарч ирсэн нь “дарга хаалга”-тай танилцах үеэр анзаарагдаж байлаа. Уг нь ажлаа мөрөөрөө хийгээд явж буй багш нарт, төлбөрөө төлөөд сурч байгаа оюутнуудад А.Галтбаяр захирал энэ муухай тогтолцоог халаад өгчихвөл, оюутнууд багшаа өөрсдөө сонгодог эрхийг нь нээгээд өгчихвөл үеэ өнгөрөөсөн бас докторуудын цүнхийг барьж гүйж байгаад багш болж цаашлаад зэрэг цол хамгаалан “дарга хаалга”-ны цаана суусан нөхдөөс ангижирч магадгүй. Гэвч өчигдөр “дарга хаалга”-тай танилцахаар МУИС-иар орж, багш оюутны байр байдлыг харахад хэцүүхэн л харагдсан шүү үнэндээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих