З.Энхболд дарга аа! 40 гэсэн тоог хэн дур мэдэн 60 болгов

 

УИХ 2014 оны төсвийн хуулийг батлаад арав хонож байна.Дөрвөн удаагийн хэлэлцүүлгээр баталдаг төсвийн сүүлийн гурван хэлэлцүүлгийг гишүүд дөрөв хоногт амжуулсан. Соёрхон баталсан гарын үсэгнийх нь бэх хатаж амжаагүй шахам байхад уг хуулиас ноцтой зөрчил гараад эхэллээ. Хэдийгээр төсвийн хэлэлцүүлэг нэгдсэн чуулган дээр олигтой өрнөөгүй ч, намын бүлгүүдийн түвшинд нэлээн яригдсан гэдэг юм. Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр хоёр намаас сонгогдсон ажлын хэсэг гарсан ч, гол хэд хэдэн зүйл дээр тохиролцож чадахгүй байсаар нэлээдгүй хугацаа алдсан. Хамгийн эхнийх нь улсын өрийн тухай.2014 оны төсвийн төсөлтэй хамт орж ирсэн Тогтвортой байдлын хуульд улсын өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг өөрчилж, 60 хувьд хүргэхээр тусгасан. Харин УИХ дахь МАН-ын бүлэг уг саналыг хүлээн авбал Монгол Улс ирээдүйд өрийн дарамтад орох бодит нөхцөл үүснэ хэмээн үзэж, эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдэж байв.

 

Тиймээс эцсийн мөчид МАН-аас гадна УИХ дахь бусад бүлгийн зарим гишүүн эсрэг кноп дарснаар улсын өрийг өсгөх заалт унасан юм. Энэ бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг дээр гарсан шийдвэр. Ингэснээр өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас давахгүй байх хуучин заалт хэвээр үлдсэн гэсэн үг. Хачирхалтай нь өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганд гишүүдэд тараасан төсвийн хуулийн эцсийн найруулгын баримт бичиг дээр өнөөх өрийн хэмжээг ДНБ-ий 40 биш 60 хувьтай тэнцэхээр болгоод биччихсэн ирсэн гэнэ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын хэлж байгаагаар эцсийн найруулгыг сонсгохдоо 40 байсныг 60 болгон уншиж, алх цохисон бололтой. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн гаргасан шийдвэрийг дур мэдэн өөрчилсөн хүн хэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Энэ бол ноцтой зөрчил. Яг ийм асуудалтай Монголын парламент 2007 онд таарч байсан. УИХ-ын дарга асан Ц.Нямдорж дур мэдэн хууль зассаныг Үндсэн хуулийн цэц баталж, улмаар УИХ дахь сөрөг хүчний шахалтаар Их хурлын даргын суудлаасаа бууж байсан удаатай. Харин энэ удаагийн зөрчлийг хэн гаргав.Олон нийт, хэвлэл мэдээлэл хардах эрхтэй.Хамгийн түрүүнд мөн л Их хурлын дарга уу гэсэн хардалт төрж байна. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд саяхны нэгэн ярилцлагадаа “Засгийн газраас өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 60 хувьд хүргэх тухай хуулийн төсөл оруулж ирсэн ч дэмжлэг авсангүй.
Ингэснээр Засгийн газар дахиад бонд босгох эрхгүй болж байна” хэмээн хэлж үүнийх нь уршгийг ирэх онд төлөвлөсөн их бүтээн байгуулалтуудаа хийх мөнгөгүй хоосон суухдаа л ойлгоно маягийн зүйл байсан. Тэгэхээр  40 байсан тоог 60 болгон уншиж, алх цохисноо спикер З.Энхболд өөрөө ч мэдээгүй яваа бололтой. Магадгүй энэ нь УИХ-ын Тамгын газрынхан редакцийн алдаа гаргасан уу гэх бас өөр нэг хувилбар байж болох юм. Ямар ч байсан хэлэлцүүлгийн хоёрдугаар шатанд гишүүдийн олонхийн саналаар унасан заалт босоод ирчихэж. 40 гэсэн тоог хэн дур мэдэн 60 болгосныг Их хурлын дарга хэлэх учиртай. Улмаар хуулиудынхаа бүрэн бүтэн байдлыг харж хамгаалах ёстой Үндсэн хуулийн цэц ч үүнд хамаатай.Энэ бол хоёр тоо сольсон, андуурч бичсэн төдий асуудал биш. Монгол Улс ирээдүйд дааж давахгүй өрийн дарамтад орох эсэх цаашлаад үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой холбоотой. Тиймээс УИХ-ын удирдлага, Тамгын газрын хаана нь алдаа гарч, унасан заалт “амь орсон”-ыг эрэн сурвалжлах болно.

 


URL:

Сэтгэгдэл бичих