Хүмүүс минь амьдрах сайхан

Хүмүүс минь амьдрах сайхан

“Ай даа хүмүүс минь амьдрах сайхан” хэмээн эхлэхээр уншигч та юу талаар өгүүлэх гэж байгааг бага ч гэсэн гадарлаж байгаа байх.

Учир нь сүүлийн үед монголчуудын дунд амиа хорлох нь ихэсчээ гэсэн харамсалтай мэдээлэл чих дэлсэх болсонтой холбоотой юм.

Тэр дундаа өсвөр насны хүүхдүүдэд энэхүү харамсалтай явдал элбэг байгаад өөрийн эрхгүй халаглах сэтгэл төрлөө.

Тэдний амьдралаас уйдах шалтгаан ихэвчлэн хайр дурлал, шохоорхолоос болдог байна. Харин цөөн хэсэгт нь ар гэрийн шалтгаан буюу хүчирхийллээс үүдэлтэй ийм сонголтод хүргэдэг аж.

Нэг үгээр хэлбэл, ийм шалтгаанаас болж бүхэл бүтэн хүний амьдралаас зугтааж, эцэг, эхээ элгэн саднаа хагацлын зовлон эдлүүлдэг байна.
Тэдний насан дээр үхэл хагацлын тухай бодох нь бүү хайр дурлал гээчийг мэддэггүй байсан.

Аав, ээжийнхээ хайр халамжинд жаргаж, айлын эгчээс чихэр горьдож, үеийн хүүхдүүдтэй бөмбөг, дээс тоглож өдрийг өнгөрүүлдэг байсан.

Бидний үед гар утас, цахим сүлжээ гэж байгаагүй. Одоотой адилхан ийм олон телевизийн суваг ч байсангүй. Гэтэл өнөөгийн нийгэмд бүх зүйл нь байна. Гар утас, цахим сүлжээ, чөлөөт цагаа өнгөрүүлэх өчнөөн төчнөөн тоглоомын газар, номын сан, кино театер гээд уйдах завгүй өдрийг өнгөрүүлэх боломж маш их байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байгаа бүх хүнд хорвоо дүүрэн боломж байна. Бүх зүйл нь нээлттэй байна. Хүний эдлэх нь хүртэл хангалттай байна. Өөрөөр хэлбэл, дутах зүйл үнэхээр алга.

Нөгөөтэйгүүр, Солонгосын олон ангит кино өсвөр насны хүүхдүүдийн сэтгэхүйг маш их эвдэж байгааг нэгэн эмэгтэй ярьж байсан юм.

Тодруулбал, бага байхдаа бие биенээ шохоорхож, том болохдоо хайр дурлал нь өөрчлөгдөхөд нэг нь амиа хорлох жишээний үйл явдалтай кинонууд их байдаг. Энэ байдал их нөлөөлж байна гэж тэр эмэгтэй хэлж байсан санагдана. Энэ бол зүгээр л кино.
Биднээс тэс өөр соёл иргэншилтэй улсын урлагын ертөнц нь энэ юм шүү дээ. Яагаад гэхээр уур амьсгал нь өөр төдийгүй ертөнцийг үзэх үзэл нь ч биднээс ялгаатай. Тэд амиа хорлолтыг хамгийн баатарлаг үхэл хэмээн боддог.

Ингэж хорвоогоос явсан нэгнээ үе удмаараа хүндлэн биширдэг. Улмаар манай удамд ийм баатарлаг хүн байсан гэдгээ үр хойчдоо захиж, үлдээдэг сонин үзэлтэй ард түмэн. Энэ улсад амиа хорлох явдал элбэг байдаг нь дээрх үзлээс болдог төдийгүй хүмүүсийнх нь амьдралын болохгүй бүтэхгүй бүхнийг сөрөх тэвчээр байдаггүйгээс ийм зүйл их гардаг гэдэг.
Гэтэл манайд улсад амиа хорлохыг үхлийн муугаар тооцдог төдийгүй хүмүүс ч их цээрлэдэг.

Манай удамд ийм зүйл байсан гэдгээ ярих нь бүү хэл нэг насаараа гутарч гуниж явдаг. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарлаа өндөрсгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн хүүхдүүдтэйгээ найз нөхөд нь юм шиг харилцах төдийгүй тэдний мөнхийн туслагч гэдгээ үргэлж харуулж байх ёстой бөгөөд кинон дээр гарч буй үйл явдлыг багаас нь эхлээд урлаг талаас ойлгуулахыг хичээх хэрэгтэй байдаг байна. Ингэснээр эцэг, эхчүүд нялх үрээ үхлийн хар сүүдрээс хамгаалж чадах ажээ.

Б.Пүрэвжав


URL:

Сэтгэгдэл бичих