Тун удахгүй замын цагдаа бэлэн мөнгөөр торгохгүй болно

6e0438a921df117c4a98b3784f412e5d_x3Зөрчил гаргасан жолоочийг замын цагдаа бэлэн мөнгөөр торгохгүй болох гэж байгаа билээ.

Энэ талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч Х.Одбаяраас тодрууллаа.

-Замын цагдаа зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй болох гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Цагдаагийн алба хаагчид бэлэн бусаар торгодог болно гэсэн амлалт бий. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Смарт солюшн” компанид цагдаагийн биед байнга авч явах боломжтой багажийг захиалсан. Одоогоор манай Замын цагдаагийн газарт 400 ширхэг багажийг нийлүүлсэн байна.

-Уг багажийг замын цагдаа нар сайн ашиглаж мэдэхгүй, иргэд ч ямар нэгэн ойлголтгүй байгаа. Тиймээс эхний ээлжинд нэлээд асуудал гарах болов уу?
-Энэхүү багажийг хэрхэн хэрэглэх талаар Замын цагдаагийн алба хаагчдад сургалт зохион байгуулсан байгаа. Тиймээс алба хаагчид Засгийн газраас дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэл өгсөн тохиолдолд хэрэгжүүлэхэд бэлэн байна.

-Ирэх сараас шинэ журам хэрэгжиж эхэлнэ гэсэн мэдээлэл байсан шүү дээ?
-Тийм ээ. Бид ч гэсэн бэлэн мөнгөөр торгохгүй болох арга хэмжээ ирэх сард хэрэгжиж эхэлнэ гэсэн мэдээлэлтэй байгаа. Яг албан ёсоор тэднээс эхлээрэй гэсэн үүрэг даалгавар өгөөгүй байна. Гэхдээ тун удахгүй хэрэгжээд эхэлнэ.

-Зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг цагдаа нарт тараах багажны тусламжтайгаар мэдэх боломжтой болно гэсэн?
-Энэхүү багажны ажиллах зарчим нь Замын цагдаагийн алба хаагч зөрчил гаргасан жолоочийг зогсоогоод тухайн жолоочийн жолооны үнэмлэхний дугаарыг багажаар шалгана. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан жолоочийн талаархи хувийн мэдээллүүд гарч ирнэ.
Тухайлбал, ямар ангилалтай, хэдэн онд жолооны курс төгссөн, өмнө нь ямар төрлийн зөрчил гаргаж байсан жолооны үнэмлэх нь хүчинтэй эсэх гээд бүх төрлийн мэдээлэл нь тухайн багажаар шалгахад гараад ирнэ.Тиймээс тухайн жолоочид зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ.

Зөрчил гаргасан жолоочид цагдаа торгуулийн мэдэгдэх хуудас хэвлэж өгнө. Хоёр хувь хэвлэгдсэн торгуулийн хуудсанд зөрчил гаргасан жолоочийн гарын үсгийг зуруулаад нэг хувийг нь өөрт нь нөгөөг нь Замын цагдаагийн алба хаагч авна. Ямар ч бэлэн мөнгөөр тооцоо хийгдэхгүй. Тиймээс жолооч замын цагдаагийн алба хаагчдын хооронд үүсдэг байсан асар олон маргаан үгүй болно. Тухайлбал, иргэд тэр бүр бэлэн мөнгөгүй явдаг тиймээс цагдаатай маргалдах нь түгээмэл.

Түүнчлэн замын цагдааг авлига авлаа гэх хардлага байхгүй болно гэж бодож байгаа.

-Нийслэлд ажиллаж байгаа нийт замын цагдаад 400 ширхэг багаж хүрэлцэхгүй юм биш үү?
-Мэдээж нийслэлийн гудамж, замд үүрэг гүйцэтгэж байгаа нийт алба хаагчдад багаж хүрэлцэхгүй. Гэхдээ 60-70 хувийг нь хангаж чадна. Тиймээс цагийн хуваарийн дагуу ээлжилж ажиллах учир зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, өглөө үүрэг гүйцэтгэсэн цагдаа оройн ээлжийн хүндээ багажийг шилжүүлэх маягаар зохицуулах боломж байгаа.

-Торгуулийн хуудас хүлээж авсан жолооч хэрхэн торгуулиа тушаах вэ?
-Нэгэнт зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд торгуулийн хуудас хүлээн авсан жолооч өөрийн хүссэн банкинд торгуулиа тушааж болно. Хэд хоногийн дотор тушаах, тушаахгүй бол ямар хариуцлага хүлээлгэх зэрэг асуудал нь одоогоор арай тодорхой болоогүй байна.

-Хэрэв жолооч зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байвал яах вэ?
-Энэ журам хэрэгжиж эхлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг Засгийн газраас баталж өгөөгүй байна. Тиймээс ирэх бямба гарагийн Засгийн газрын хуралдаанаар бүх зүйлсийг нь заагаад өгөхөөр тодорхой болно.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих