СТА, Дуучин Г.Эрдэнэтунгалаг: Би хүнд хаягдаж шархалж үлдэх ямар байдгийг мэдэрч байсан, Харин одоо сайхан хайртай учирсан
12 дугаар сарын 1-нд “Best of Erdentungalag” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Тэрээр 2003 онд “Ханьсахын жаргал” хэмээх анхны уран бүтээлээ СТА, дуучин Т.Батсайхантай хамтран дуулж олны хүртээл болгосноос хойш “Бодолд өнжсөн хайр”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу “Дуулж л явахаас даа”, “Хайрлаарай”, “Зангаараа амраг” гээд олон хит дууг тайзнаа эгшиглүүлэн, хэдийнээ арван жилийг үджээ. Энэ удаагийн тоглолт нь 10 жилийн ойн хүрээнд үзэгч фенүүддээ барьж буй бэлэг юм.Энэхүү тоглолтоороо шинэ өнгө аяс, шинэ дүр төрх, шинэ хэмнэлтэйгээр үзэгчидтэй уулзах юм байна. Учир нь түүний хувьд фитнес дасгал сургуулилтаар гадаад дүр төрхөндөө нилээн өөрчлөлт хийсэн түүнтэй тоглолт болон хувийн амьдралынх нь талар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тун удахгүй бие даасан тоглоолтоо хийх гэж байна.Тоглолтынхоо нэрийг яагаад “Best of Erdenetungalag” гэж нэрлэсэн юм бэ?
-Баярлалаа. Танай сонинг шимтэн уншдаг уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. 2003 онд би уран бүтээлч болох гэж зүтгэж байлаа. Өөрийн гэсэн дуутай ч болж сонсогчдийнхоо алга ташилтыг сонсох маш сайхан байсан. Түүнээс хойш 10 жилийн турш дуучин гэдэг тодотголтой явсан байна. Тийм ч учраас тоглолтоо ингэж нэрлэсэн. Хамгийн анх “Ханьсахын жаргал” дуугаа дуучин Т.Батсайхан ахтай хамтарч “өлгийдсөн”. Энэ дуу аав, ээж хоёрын минь бүтээл гэдгийг хүмүүс мэдэх байх. Тоглолт маань арванхоёрдугаар сарын 1-нд UB паласын концертын их танхимд ганцхан удаа тоглоно.
-Тоглолт бүр өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Таны тоглолтын сьюрприз юу байна.
- Миний хувьд энэхүү тоглолтооро шинэ өнгө аяс, шинэ дүр төрх, шинэ хэмнэлтэйгээр үзэгчидтэй уулзах болно. Мөн миний хувьд гадаад дүр төрхөндөө нилээн өөрчлөлт хийснээс гадна олон олон гэнэтийн бэлгийг тоглолтынхоо найруулганд оруулж байгаа.
-Тоглолтонд урилгаар ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?
-“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, “Voice” группийн дуучин А.Эрдэнэжаргал, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, саксфончин Ч.Болдбаатар, Улсын Филармонийн симфони оркестр оролцоно. Би СУИС-аас Дуурийн дуулаач гэсэн мэргэжил эзэмшсэн болохоор энэ тоглолтдоо мэргэжлийн хэдэн дуу дуулахаар төлөвлөсөн. Гэхдээ тоглолтынхоо төгсгөлд дуулна. Хүч чадлаа шавхсан хэрнээ гэсэн үг шүү дээ. Өөрийгөө ямархан чадалтай дуучин бэ гэдгээ үзэгчиддээ харуулах гэж тэр.
-Тоглолтонд цоо шинэ дуу эгшиглэх үү?
-Зөвхөн өнгөрсөн 10 жилд би ямар дуу дуулсан бэ гэдгээ л үзэгчиддээ хэлэхийг зорьж байна. Тиймээс “Хайрлаарай”, “Дуулж л явахаасаа даа”, “Зангаараа амраг”, “Ижий минь бодогдоно”, “Навчин дээрх шүүдэр”, “Нарт тэнгэрийн дор” зэрэг миний нэрийн хуудас болсон дуу дуулагдана. Шинэ уран бүтээлээсээ сонгоогүй гэсэн үг. Харин сүүлийн үеийн уран бүтээл гэвэл, УГЗ Д.Цэвээнравдан багшийн хөгжим, яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн үг “Хайрын булаг“ гэдэг дууг гавьяат жүжигчин С.Ганзориг ахтай хамтарч дуулсан. Одоогоор хараахан цацаж эхлээгүй байна. Мөн “Нюанс” хамтлагтай ээжийн тухай нэгэн сайхан дуу дуулсан. Түүнчлэн “Voice” группийн дуучин А.Эрдэнэжаргалтай ч нэг дуу дуулсан. А.Эрдэнэжаргал бид хоёр оюутан байхдаа хүмүүсийн ярьдагчлан “халтуур” их хийдэг байлаа. Тэр үед халтуур гэдэг бол бидний хувьд дасгал байсан. Тэгж явахад миний анхны хамтран дуулсан хүн бол А.Эрдэнэжаргал. Бидний нэрний эхний үе ч адилхан болохоор хүүхдүүд “Хоёр эрдэнэ” гэж их дуудна. Азийн хатан хаан гэгддэг “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй ч саяхан хамтарсан.
-Гэхдээ эдгээр дууны зарим нэгийг нь өөр дуучин дуулж байсан шүү дээ?
-Тийм. “Навчин дээрх шүүдэр”, “Нарт тэнгэрийн дор” дууг өөр хүн дуулж байсан. Гэхдээ намайг ямар нэгэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоход хүмүүс “Навчин дээрх шүүдэр” эсвэл “Нарт тэнгэрийн дор” дуугаа дуулаач гэдэг. Тэгэхээр эдгээр дууг миний л бүтээл мэт сонсогчид төсөөлдөг болсон байгаа биз дээ.
-Өнгөрсөн 10 жилд таны амьдралд хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл нь юу вэ?
-2003, 2013 оны Эрдэнэтунгалаг мэдээж өөрчлөгдсөн. 2003 онд би амьдралыг хараахан таньж чадаагүй байсан. 20 насыг дөнгөж гэтэлж байсан болохоор бараг хүүхдээрээ байлаа шүү дээ. Тиймдээ ч би их л дэврүүн, бүх зүйлийг “алаад” өгөх юм шиг санаж явсан. Одоо ч гэсэн амьдралыг бүрэн таниж чадсан уу гэвэл бас л үгүй. Гэхдээ тэр дэврүүн үетэйгээ харьцуулбал арай өөр болсон. Хүний л амьдрал хойно бүдэрч, босч явж ирлээ. Тэгж тэмцэж явахдаа залуу хүмүүсийн адил үргэлж өөрчлөгдөх гэж зүтгэсэн үе олонтой. Оносон ч юм их.
-Уран бүтээлийн хувьд хэрхэн өөрчлөлт оров. Таныг “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болон дуучин Quiza-тай хамтарч уран бүтээл хийх гэж байсныг чинь сонссон. Нийтийн дуучин тэдэнтэй хамтарна гэдэг бас л таны хэлдгээр өөрчлөлт шүү…
-Д.Болдод санал тавьсан үе маань 2008 он шиг санагдаж байсан. Охиноо төрүүлсэн жил бил үү дээ. Д.Болдын “B” продакшнд ороод энэ саналаа хэлэхэд тэр их сайхан хүлээж авсан. Би маш их урамшсан. Учир нь би “Камертон” хамтлагийн дууг хүүхэд байхдаа их сонсдог байлаа. Их ч хүндэлдэг. Тийм хүн надтай асар их хүндлэлтэй харилцаж, зөвшөөрсөн саналаа хэлэхэд би маш их баярласан. Яг үнэндээ би тэр саналаа тавих гэж зорьж очсон хэрнээ их сандарч, айж байсан. Магадгүй намайг хүлээж авахгүй ч байх юм бил үү гэж бодсон шүү.
-Гэтэл Д.Болд танд ямар хариулт өгсөн юм бэ?
-Болд маань “Хамтарч ажиллахад хэзээд бэлэн. Гэхдээ та өөрийнхөө стилээр уран бүтээл хийж тодорхой байр суурь эзлэх хэрэгтэй. Тэгсний чинь дараа хоёулаа хамтаръя” гэсэн.
-Харин Quiza-гийн хувьд?
Бас л надад нээлттэй хариу өгсөн. Гэхдээ одоогоор боломжгүй гэдгээ хэлсэн. Тэр үед бид хоёр хэн хэнийгээ сургаар л таньдаг байсан л даа. Хааяа ямар нэгэн тоглолтын үеэр таардаг байсан ч ярилцаж байгаагүй. Харин 2010 онд Ардчилсан намын “Монгол хүн-2020” нэртэй тоглолтын баг орон нутгаар аялахад Quiza надад “Чиний үргэлж шинийг эрэлхийлдэг чанар чинь надад маш их таалагдсан. Хоёр жилийн өмнө хамтран уран бүтээл хийх санал тавихад чинь л мэдрэгдсэн. Нийтийн дуучдаас хамгийн түрүүнд надад тийм санал тавьсан хүн бол чи. Үүнд чинь би одоо болтол баярладаг” гэж хэлсэн. Тэр үг нь ч надад маш их урам өгсөн. Би тэднээс мөнгө гуйгаагүй, зөвхөн хамтарч ажиллах саналаа сэтгэлээсээ хэлсэн болохоор сэтгэлээс гарсан үг сэтгэлд нь хүрдэг юм байна гэж ойлгосон. Ер нь би мөнгө гуйгаагүй болохоор хэнд ч уран бүтээлийн санал тавихдаа айдаггүй ээ.
-Нэг бөх оролцох сураг байсан. Чухам хэн бэ?
-Уг нь би үүнийг их нууцлахыг хичээсэн юм. Сэтгүүлч та нар нуугаад байхад л мэдчихсэн байх юм аа. Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ ах нэг сайхан дуу дуулна.
-Таныг Т.Батсайхантай хамтарч дуулахыг уншигчид маань ойрд хараагүй. Тэгэхээр сонирхолтой санагдаж байна л даа?
-Бид хоёр өдөр бүр таардаг. Чухал арга хэмжээнд ч хамтарч дуулж байгаа. Гэхдээ олон нийтийг хамарсан тоглолтод бид хамтдаа дуулахгүй байгаа болохоор уншигчид маань биднийг бүр таарах ч үгүй байгаа юм байна гэж ойлгож байгаа байх. Бид өдөр бүр хэн хэндээ уран бүтээлийн зөвлөгөө өгдөг. Баагий ах маань их нуруутай, миний хамгийн их баярлаж явах хүний нэг. Оюутан байхдаа сургуульдаа хамгийн мундаг тенор байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Би энэ хүнтэй хамтарч дуулснаар өнөөдрийн зэрэгт хүрэх шалтгаан болсон гэж боддог. Миний энэ тоглолтыг үзсэн хүмүүст ч бидний дууг анх хэрхэн хүлээж авч байсан, тэр бодлоо сэргээх байх. Тэгэхээр зүгээр дуулаад өнгөрөх биш дурсамж сэргээсэн үдэш байх болов уу.
-Таны хайр, ханийн тухай олон дууг сонссон залуучууд дурлалт бүсгүй, залуудаа сэтгэлээ илчилсэн байх даа?
-Тийм шүү. Нэг зүйл санаанд орчихлоо. Баагий ах бид хоёрын дуулсан “Ханьсахын жаргал” дууг хит болж амжаагүй байхад нэг залуу эхнэрээ гомдоочихоод байж. Гэхдээ тэр залуу их сэргэлэн байгаа юм. Бидний энэ дууны гуравдугаар бадгийг хаанаас ч юм олж бичээд мессежээр эхнэр рүүгээ явуулсан гэсэн. Гэхдээ өөрөө зохиосон юм гээд. Тэгсэн эхнэрийнх нь сэтгэл хөдөлсөн юм байлгүй уучилж. Гэтэл удалгүй бидний дуу нийтэд түгээд эхэлсэн чинь эхнэр нь “Энэ шүлгийг чи зохиогоогүй л юм байна шүү дээ. Дууны шүлэгнээс хулгай хийчихэж” гээд инээлдсэн гэж Т.Батсайхан ах бид хоёрын “Ханьсахын жаргал” тоглолтын үеэр ирж ярьж байсан. Нэгэнт нөхрийгөө уучилчихсан юм чинь яах ч аргагүй болсон байгаа биз дээ. Ёстой хөөрхөн. Хамгийн гол нь аливаа сэтгэлээс гарсан зүйл бусдад тэгтлээ шингэдэг байх нь.
-Энэ тоглолтын дараа орон нутгийн үзэгчид маань таныг хүлээнэ байх. Тэдэнд хүрч тоглох боломж бий юу?
-Бодол байгаа. Одоогоор шийдээгүй байна. Нэг зүйл хэлье л дээ. Саяхан Ховд аймгийн Мянгат сумын нэг эгч над руу ярьсан. Миний утсыг яаж ч олсон юм бүү мэд. Ямар ч байсан их хичээл зүтгэл гаргасан нь мэдээж. Тэр эгч “Өөрийн чинь тоглолт болох гэж байгааг дууллаа. Би дууг чинь сонсох дуртай. Тиймээс эгч нь очиж үзнэ ээ” гэсэн. Тэгэхээр нь би “Зардлаас эхлээд тэр холоос ирэх танд хэцүү шүү дээ. Таны энэ их сэтгэлийг дүү нь ойлгож байна, баярлалаа” гэсэн. Тэгсэн “Үгүй ээ, эгч нь очихоор төлөвлөчихсөн байгаа” гэсэн. Хамгийн гоё нь тэр эгч “Эгч нь нэг хонины мах аваад очино. Охиндоо шөл хийгээд өгөөрэй” гэсэн. Тэгэхээр нь надад яг л миний ээж эсвэл ах дүү ч юм шиг санагдсан.
-Та сүүлийн үед нэлээд жин хасч байгаа бололтой, тэгж анзаарагдаж байна. Зарим эмэгтэйд жин хасах нь бараг толгойны өвчин болдог юм билээ. Магадгүй тэд таныг яаж жин хассан юм бол гэж бодож байж болох?
-Яг үнэндээ би эцэг, эхээс заяасан эрүүл саруул сайхан биеийг өнгөрсөн хугацаанд гамгүй эдэлж байж ээ. Болох болохгүй хүнс хэрэглээд л. Үүнээс шалтгаалж жин нэмэх үүсвэр тавигддаг юм байна. Өнгөрсөн есдүгээр сараас эхэлж хоёр сарын хугацаанд “Сарангуа” фитнесст хичээллэсэн. Өмнө нь явдаг байсан ч алдаг оног л хичээллэдэг байлаа. Сая хичээллэхдээ 10 гаруй кг хасч 73 кг жинтэй болсон.
-Тоглолтондоо зориулж жин хасав уу, ер нь гоо сайхандаа анхааръя гэж бодов уу?
-Дуу хуур гэдэг бол хүний сэтгэлээс урган гардаг зүйл. Түүнээс биш зүс царайтай холбоогүй. Миний сэтгэлийн гоо сайхан эвдрээгүй цагт сайхан уран бүтээл хөвөрсөөр л байна. Сонсогчид ч миний биеийг хархаас илүү дууг минь мэдрэхийг хүсч байгаа байх.
-Таныг одоо нийтийн дуучдын дунд үе гэж хэлнэ. Сүүлийн үед залуучууд гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан, дуучин Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг шиг болно гээд их л хичээх юм. Хамгийн гол нь тэдний уран бүтээл таны сэтгэлд хэр нийцдэг вэ. Ер нь манай улсад ийм олон нийтийн дуучин байх шаардлага байна уу?
-Тэдний уран бүтээлийг үзэгч, сонсогчид л шүүнэ. Мөн цаг хугацаа. Ер нь уран бүтээлч болъё гэж сэтгэл нь шулуудсан хүн л тунаж үлддэг. Энэ бол амьдралын хууль.
-Таны аав ээж уран бүтээлч. Тэгэхээр та нарыг байнга уран бүтээлийн яриа өрнүүлдэг болов уу гэж бодлоо?
-Яг ийм дуутай болъё гэж ярилцдаггүй. Гэхдээ ерөнхий санааг нь би дандаа гаргадаг. Тэгж байж тэднийгээ хөглөдөг. Надаар нэг дуу дуулуулахын тулд намайг хөглөх хэрэгтэй. Тэгж байж сайн уран бүтээл төрнө. Сүүлийн үед ээжээс маань улам сайхан бүтээл төрж байгаа.
-Танд хамгийн их хөг шаардагдсан ямар уран бүтээл байдаг вэ?
-“Тэнгэрлэг эрчүүд”. Энэ дууны аяыг зохиосон Р.Билэгт намайг дуул гээд өгөхөд би бэлэн байгаагүй. Дуулах гэж оролдоод ч үнэхээр хөглөгдөж чадахгүй байсан. Яагаад гэвэл тэр үед би эр хүнд дэндүү их гомдсон байсан. Эр хүнийг ч хайрлах орон зай надад өчүүхэн ч үлдээгүй байлаа. Тэгж явахдаа би сайхан хайртай учирсан. Тэр агшинд л би хөглөгдөж жил гаруй хүлээгдээд байсан дуугаа дуулсан. Би ч өөрөө тэр хайрын мэдрэмжийг алдаагүй дээрээ дуулахыг хичээсэн.
Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин наснаас эхэлдэг гэж үнэн үү? Таньд өөрчлөлт мэдрэгдэж байна уу?
-Үнэрээх тийм шүү . Зуун хувь санал нийлж байна. Хүний амьдралын 30 нас гэдэг ид хийж бүтээх нас. Үүнээс өмнө аав, ээжийн гараас гарч амьдрал дээр бие хүн болж төлөвшдөг. Яг би хэн бэ? гэдгээрээ цаашаа үргэлжлүүлэн алхдаг. Бид нар юу ч мэдэхгүй гэнэн хүүхдүүд 10 жилээ төгсөөд л оюутан болдог. Үүнтэй адил бас нэг амьдралын мөчлөг эхэлж байна. Амьдралд нухлагдаж, амьдралыг мэдэрч, ямар үед яаж өөрчлөгдөх вэ? гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас тэр мэдрэмжээрээ бүх зүйлд хандах хандлага нь өөр болдог. Энэ утгаараа хувь хүнийхээ хувьд нийгэмтэй харьцах хандлага, уран бүтээлчийн хувьд ч, аливаад хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Яагаад гэвэл би амьдралаас өөрийгөө олж авсан, бүх зүйлээ өөрийнхөө ирж буй шинэ амьдралд бэхжүүлэх гэж тэмүүлж байгаа бие хүн.
-Зохиолын дуучид дундаас нэлээн тод, дуулиантай амьдарсан эмэгтэй нь таныг гэвэл хүлээн зөвшөөрөх үү?
-Би өөрөө сенсааци үүсгэж, олны танил болох юмсан, ингэвэл олон хүний анхаарлыг татах болов уу гэж хэзээ ч бодож байгаагүй. Хийсэн бүтээснээ олонд таниулахсан , миний уран бүтээлийг илүү мэдэрч тэр хэрээрээ надтай хамт байгаасай л гэж хүсдэг. Хүссэн хүсээгүй л миний хувь тавилан юм бол уу? гээд үүнтэй одоо эвлэрчихсэн. Гэхдээ санаа сайхан бол заяа сайн гэдэг. Ний нуугүй хэлэхэд өмнө нь би үзэн ядалт, өшөө авалтаар тархи зүрхээ дүүргэсэн хүн байсан. Одоо бол би уучлал, ухаарлаар аливаа юманд ханддаг болсон учраас санаагаа дагаад миний бодол өөрчлөгдөж, бодлоо дагаад хийж байгаа үйлдлүүд маань хүртэл өөрчлөгдөж үр дүн нь надад мэдрэгдэж байгаа.
-Анхны амьдрал нь бүтэлгүйтлээ, гоо сайхны мэс заслаас хараагүй болох аюулд орсон, мөн Ганц худагт саатуулагдаад гарлаа гэх шуугианууд гарч байсан. Тэр бүхнийг давж туулах амаргүй байсан нь мэдээж?
-Мэдээж хэцүү байсан. Нотлогдоогүй хэрэгт сэжигтэн, гэрчээр татагдаж байцаагдаж, ар гэрийнхэнд нь адлуулаад, найз нөхдийн хувьд үл ойлголцлоос болж заллигч болж хэрэгт холбогдсон. Энэ бүгд бол аливаад өшөө, хорслоор ханддаг өмнөх Эрдэнэтунгалагийн амьдрал байсан. Эцэг, эхийн гараас гараагүй нялх шахуудаа хүүхэд төрүүлээд, нялх биетэй энэ бүгдийг давж гарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ энэ хугацаанд хүмүүсийн зан чанар, хэн нь хэн бэ? гэдэг нь үнэхээр танигдсан. Сайн явахад садан мундахгүй гэгчээр муу явахад намайг гэх хүн үнэхээр байгаагүй. Энэ бол амьдралын хууль юм байна гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ намайг харж хандсангүй гэж хүмүүст гомдоллох эрх ч надад байхгүй. Хүн амьдралдаа хэнд ч гомдох ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн үнэнч хүмүүс миний гэр бүлийнхэн байсан. Тэр дундаа миний ээж. Хүмүүс намайг элдэв үгээр загнаж, хичнээн цохиж зодож байсан ч миний ээж л миний хажууд чин үнэнчээр байсан. Одоо ч хэвээрээ. Түрүүн нүүрээ будаад толинд хараад сууж байхад одоо уулзах сэтгүүлч ээжийн минь тухай асуугаасай гэж би бодож байсан. Дараа нь би ээжийгээ яаж баярлуулж байлаа гэж бодсон.Би ердөө хоёрхон удаа л баярлуулсан юм байна гэж бодлоо. Би ээждээ охин нь болж төрсөндөө нэг баярлуулсан, хоёрдахь нь би хүүхэд төрүүлж ээж болж баярлуулсан. Би өөрөөр баярлуулаагүй дандаа зовоож байсан юм байна гээд өөрийн эрхгүй уйлсан. Намайг ингэж хичнээн зовоож байсан ч зовоолоо гэж ээж минь боддоггүй. Үхэвч үрийн төлөө гэдэг. Охин маань том болж байгаа учраас хааяа надтай үг сөрөх асуудал гардаг. Тэр үед миний ээжийн сэтгэл зүй ямар хүнд байсан бол гэдэг надад төсөөлөгдөхгүй байна. Би үүнийг давж гарсан нь чухал биш миний ээж л давж гарсан нь хамгийн чухал зүйл. Хамгийн ихээр бахархмаар, баярламаар олон удаа баярлалаа гэж хэлээд ч багадахаар. 30 насны босгонд бас юуг ойлгосон бэ гэхээр хүн хэлэхдээ биш үйлдлээрээ л бүгдийг илэрхийлж байх хэрэгтэй. Яриад, хэлээд бийх нь гол биш Ээжийгээ олон баярлуулдаггүй юмаа гэхэд үүнээс хойш олон зовоохгүй юмсан гэж бодож байна.
-Гоо сайхны хагалгаанд ороод нилээд эрсдэлтэй байдалд орж байсан ч та зорилгодоо хүрч чаджээ. Та их сайхан харагдаж байна?
-Баярлалаа. Би эцэг эхээс заяасан энэ биеэ гамгүй зовоосоон. Гэхдээ эцэст нь энэ бүхнийхээ учир утгыг маш сайн ойлгосон. Зорилгогүй амьдрал гэдэг ямар ч утгагүй. Хүн болгон зорилготой. Тэр зорилгодоо хүрэх арга зам нь л өөр өөр байдаг. Гэхдээ зорилгодоо хүн бүр хүрдэг гэж би боддог. Амьдрал бол тэр зорилгодоо хүрэхийн төлөөх тасралтгүй тэмцэл. Намайг улсын шалгалтанд орох гэж байхад ээж маань хүний нүдэнд аятайхан, сайхан харагдаасай гэсэндээ аль гайгүй хувцас өмсүүлэх гэдэг байсан. Харин би ээжийнхээ өөдөөс танай сургууль хүний хоолойг шалгадаг юм уу? хувцсыг нь хардаг юм уу? гээд л уурлаж байсандаа их харамсдаг. Ээж минь урлагийн хүн аятайхан хувцаслах хэрэгтэй гэдгийг зааж сургасан. Ер нь би их зөрүүд хүүхэд байсан. Одоо амьдралд нухлагдаад, үзэгчдэд шүүгдээд, өөрөө гоё болохыг их тэмүүлээд ер нь л жин хасах хэрэгтэй, гоё, сайхан болохгүй бол болохгүй нь гэж бодсон. Дуулна гэдэг гоё сайхан сонсогдохоос гадна хүний нүдийг баясгах зүйл юм. Би хүний нүдийг баясгахаар байх ёстой гээд жин хасахаар шийдсэн. Нөгөө талаар эрүүл болох гэж зорьсон. Нүдэндээ давхраа оёулаад гэмтэл авсан. Хөдөлмөрийн чадвараа алдаж 6 cap гэртээ байсан. Нүд өвдөхөд ямар хэцүү байдгийг нүд нь өвддөг хүмүүс л ойлгох байх. Гэхдээ энэ бүхнийг даван туулж ард нь гарч чадсан. Тэр үед гэмтэл маань удаашраад 2 нүд маань хоёулаа хараагүй болох магадлал өндөр байсан. Охиныхоо ТОМ болохыг харж чадахгүй нь гэж эх хүний хувьд их харамсаж, гол минь харлаж байсан.Яах гэж нүдэндээ давхраа оёулав даа ч гэж бодож байсан. Аав маань мөнгө төгрөг гол биш хамгийн гол нь чи хардаг болох хэрэгтэй гэж хэлж байсан. Харах эрхтэнтэйгээ хэрүүл тэмцэл хийсэн хүн хэзээ ч сайхан явдаггүй юм зүгээр л орхичих, аяндаа өөрөө жамаараа үйлийн үр гэж байдаг бол тэр эмч амсана гэж хэлсэн. Иймээс тэр Солонгос эмчийг шүүхэд өгөөгүй. “Солонго” эмнэлгийн Нарангарав эмчдээ маш их баярлаж байна. Энэтхэгээс эмч нар авчирч 2, 3 удаа хагалгаа хийлгэсэн. Сарын өмнө чиний нүд цоо эрүүл болсон байна гэсэн баяртай мэдээг дуулгасан. Энэ бол миний тэмцлийн үр дүн. Би зорьсондоо хүрч гоё, сайхан болсон. Эрүүл болсон учраас олон хүнии зөвлөгөөг хүлээн авч зорьсондоо тэмүүлсэн учраас үр дүнд нь хүрсэн.
-Та ‘Ганц худагт” саатуулагдаж байгаад гарахдаа “гаргахгүй байх чинь яасан?” гээд хаалгыг нь өшиглөж байсан гэсэн. Бас ч шартай юм?
-Яг ч тийм юм болоогүй. Би хаалга өшиглөөгүй. Намайг байцааж байсан байцаагч хүүхэн яг над шиг омголон, шазруун, надтай чацуу, дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн хүүхэн байсан. Би Улаан-Үүд рүү томилолтоор яваад ирье гэхэд чамд хил нэвтрэх хориг тавина гэсэн. Тэгэхээр нь би арай ч хориг тавихгүй байлгүй дээ гэж бодоод явах гэж байхад хориг тавьчихсан байсан. Намайг 22-ын товчоон дээрээс баривчлаад гэрийнхэнд болон, өмгөөлөгчид маань ч хэлээгүй байсан. Энэ бол хууль зөрчсөн асуудал. 24 цаг гэрийнхэнд маань хэлэлгүй намайг хорьсон. Байцаагч намайг чадсан, хорлосон гэж бодож байгаа байх. Гэхдээ би баярлалаа гэж хэлмээр байна. Тэрний ачаар би ганцхан өдрийн дотор маш их юм бодсон.
-Охиноо төрүүлсний дараа та ’’Дуулж л явахаас даа” дууг гайхалтай амилуулсан?
-Намайг бага байхад ээж маань дуулж өгдөг байсан. Тухайн үед анхны амьдрал маань ч бүтэлгүйтэж таарсан . Тийм ч учраас сэтгэлээсээ дуулж чадсан. Аливаа уран бүтээл дуу, шүлэг, жүжиг бүгд хүний сэтгэлээс гардаг учраас юу мэдэрч дуулсан байна гэдгийг нь хүмүүс яг мэдэрдэг. Хэрэв би амьдралаараа мэдрээгүй бол энэ дуугаа төсөөллөөрөө бий болгож арай ондоогоор дуулж хүмүүст бөхөөр хүргэх байсан байх. Гэхдээ бүх хүнийг үүнийг мэдэр гэж байгаа юм биш. Жүжигчин, дуучин хүний уран чадвар үүн дээр гарч ирдэг.
-Та гоо сайхны хагалгаанд орохдоо найзаасаа мөнгө зээлж, өгч чадахааргүй болсноос шүүх цагдаад тулсан.Тэр найзтайгаа одоо холбоотой юу?
-Гоо сайхны хагалгаанд орохдоо найзаасаа мөнгө зээлээгүй. Тэр мөнгө бол өөр мөнгө. Миний найз надад олон удаа тусалсан. Ганцхан тэр удаа ч биш. Энэ найзынхаа тусыг хэзээ ч мартахгүй. Хүн л юм чинь маргалдах үе байна. Найздаа их хэмжээний мөнгө өгч явуулчихаад нөгөө найз нь нүдний хагалгаанд ороод, өртэй ширтэй болоод, өвчин зовлонд баригдаад, бүр алуурчин болж хувирсан.Тэр хүн ирээдүйгээ бодож байгаа учраас надаас мөнгөө буцааж авах нь чухал. Энэ бол амьдралын хууль. Надаас авах ч ёстой. Гэхдээ арай яарсан юм болов уу даа гэж боддог. Юманд уужуу хандах хэрэгтэй, амьдрал бол баян. Тэглээ гээд би гомдоогүй. Ямагт баярлаж явах болно. Одоо бол холбоогүй байдаг. Найз маань хүнтэй суугаад, хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа гэж сонссон. Аливаа болж бүтэхгүй байгаа зүйлийг хүмүүс ярилцаж, ойлголцох хэрэгтэй байдаг.
-Таныг шинэ хайртай учирсан гэж сонссон. Хайрын дуу амилуулдаг дуучнаас асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Хайр, дурлал хүнд яг ямар мэдрэмж төрүүлдгийг илэрхийлэхэд хэцүү байна. Би хүнд хаягдаж шархалж үлдэж үзсэн. Ямар байдгийг нь уран бүтээлээрээ хүмүүст хүргэж, олон хүн тэр мэдрэмжийг мэдэрсэн байх. Сайхан хайртай бол учирсан. Хайр намайг өөрчлөгдөхөд, бие хүн болж төлөвшихөд том нөлөө үзүүлсэн. Эмэгтэй эрэгтэй хэн ч эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж, таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх, буруу зуршлуудаасаа салах, тэр хүний өмнө сайхан харагдахын тулд олон зүйлийг өөрчлөх шаардлага гардаг шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.
З.Одончимэг
URL: