АН-ын жигүүр дэвэн дүүлэх тохироо бүрджээ

Одоогоор АН дотор отгонд тооцогдох УИХ-ын гишүүн асан А.Мурат нарын жигүүр Н.Алтанхуягийн Засгийн газрын ажилд томоохон дүгнэлт өгч олонд дэлгэх гэж байгаа тухай чих дэлсэв. Үүнийгээ хэзээ мөдгүй хэрэгжүүлж, туйлын муу ажилласан гэх үндэслэлээр Засгийн газартай тооцоо бодох тухайгаа ч нуусангүй. Эх сурвалжийн хэлснээр тэдний энэхүү ажил нь “шинэчлэлийн” хэмээх Засгийн газрыг анх байгуулагдсан мөчөөс эхлээд өнөөдрийг хүртэлх ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн томоохон “төсөл” юм байх. Ёгтолж хэлбэл их л том “эрдмийн ажил” бололтой. Юутай ч жигүүрийнхэн ажлын хэсэг байгуулж, түүндээ томоохон эдийн засагчид, нэр бүхий улстөрчдийг багтаасан нь хэн нэгэнд түгшүүр төрүүлж байгаа нь ойлгомжтой. Улстөр тэгтлээ үймээгүй байх халуун намраар УИХ-ын гишүүн асан А.Мурат, Ша.Батбаяр, ҮЗХ-ны гишүүн Д.Аззаяа нар болон зарим орон нутгийн гишүүдээс бүрдсэн жигүүр байгуулагдаж, мэдэгдэл хийснийг уншигч та санаж байгаа. Тухайн үед тэдний дэвшүүлж байгаа зорилго нь намаа цэвэрлэх явдал гэж байв. Учир нь АН дотор албан тушаал тойрсон сүлжээ бий болж, авлигын шинжтэй албан тушаалын халаа сэлгээ бий болсон гэх. Тэгэхээр энэ байдал цаашид даамжирвал аюулд хүргэнэ хэмээн хэвлэлээр мэдэгдэж байв даа. Харин жигүүр ургуулагсдын ар талд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа, түүнээс биш жигүүрлэгсэд улс эх орныхоо төлөө санаа зовсондоо бус гэдгийг ч баттай эх сурвалж мэдээлж байсан. Харин тус жигүүрийнхэн намаа чухам юунаас гэхээсээ илүүтэй хэн нэгнээс цэвэрлэж салгаж авах зорилго ч байж болохыг олонхи ярьж байгаа.

АН доторхи тус жигүүрийг АН-ын толгой гэх улстөрчид дэмжсэн нь яагаад сонирхол татахгүй гэж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р .Амаржаргал, М.Батчимэг, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Г .Баярсайхан, Д.Ганбат нарын гишүүд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн төдийгүй намынхаа даргыг ил тод шүүмжилдэг болсоор өнөөдөртэй золгож байна. Жигүүрийнхний алгаа ташиж хүлээж авсан нэг зүйл бол Р .Амаржаргалын УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлт. Яагаад гэхээр А.Мурат нарын хүсэлтэй Р .Амаржаргалын хүсэлт яв цав нийцэж байгаа учраас тэр. Тэгэхээр энэ жигүүр нь намаа хэнээс цэвэрлэж, хэнээс салгаж авах гэж байгаа нь тун ч тодорхой. Магадгүй, Р .Амаржаргал, А.Мурат нар Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагана гэсэн нэг цэг дээрээс хоёр өөр замаар хөдөлж, мөн Ц.Элбэгдорж гэсэн нэг цэг дээр уулзах болзоо дөхөж байгааг илчилсэн хэрэг болов уу. Үүнээс өмнө цахим хуудаснаа ноёлж байсан зүйл бол Р .Амаржаргал гишүүний Засгийн газарт хаягласан 15 асуулт юм. Тус асуултад Засгийн газрын шинэ бүтцийг боловсруулахаас эхлээд МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал, УИХ-ын даргыг ямар учраас яаран сандран томилсон гэх зэрэг АН-ын Засгийн газар, бүлгээс хүч түрэн гаргасан шийдвэр бүхний цаана ямар улстөр нуугдаж буйг ч илчилсэн нь өнөөдрийн их улстөрийг хөдөлгөх нэгэн үндсэн суурь тавигдаж байсныг үгүйсгэх аргагүй. Жигүүрийн энэхүү дүгнэлт хэрхэн гарч, ямар донсолгоо гарахаас Засгийн газрын хувь заяа шийднэ гэх өнгө аяс ч цухалзаж байгаа нь нэгийг өгүүлж, хоёрыг бодогдуулахад хүргэнэ. Нөгөө талаар өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН Засгийн газар байгуулах гэж фракц хоорондын дайн өрнүүлж байв даа. Засгийн газраа байгуулж чадах уу үгүй юу гэмээр дотооддоо дайтсан. Энэ дайн дажныг фракц хоорондын тохироогоор цэгцэлж засаг бүрдсэн. Тодотгож хэлбэл, АН фракц фракциараа Засгийн газраа хоёр жилээр ээлжлэн барина гэсэн нууц гэрээ байгуулж байж сая тохиролцоонд хүрсэн гэдэг. Үүнээс үзэхэд дараагийн ээлжийн засаг барих хугацаа хараахан болоогүй ч Н.Алтанхуягийн явуургүй улстөр, дараагийн ээлжийн яаравчлал хоёрын огтлолцол дээр энэ Засгийн газар унаж магадгүй болжээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй хоёрдугаар ээлжийнхэн хамраа сөхөх болсон тухай ч ярьж сууна.

Ийнхүү Н.Алтанхуягийг Засгийн газраа эмхлэн байгуулахтай зуузай холбож далд пиараа эхлүүлсэн хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо” орохыг яаравчлах болсон. Энэ нь төлөвлөгөөт ажил нь дуусах шатандаа ирчихсэн гэдгийг хэлж байгаа хэрэг болов уу. Сайтар ажиглах юм бол эрэмбэ дараатай явж байгаа энэ ажлыг саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үргэлжлүүлсэн нь Засгийн газарт чангахан ташуур өгөв. Ерөнхийлөгч энэ сарын 16-ны өдөр Төрийн ордноо “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулав. Хэдийгээр түүнийг “оройтсон гэмшил”, “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” мэтээр бичиж ярьж байсан ч төрийн албыг зад шүүмжилсэн нь яах аргагүй зөв байв. Тэгэхдээ гол төлөв өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааг туйлын муу байгааг дахин дахин дурдахын зэрэгцээ Н.Алтанхуяг сайдад хаягласан өгүүлбэрийг ч харамгүй хэлж байсан юм. Магадгүй энэ нь алсуураа Р .Амаржаргал болон А.Муратын жигүүрт хүргэж буй том тус ч байж магад. Юутай ч үүгээрээ Ц.Элбэгдорж үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд буруу замаар явж байгаа засагтай эвлэрэхгүй гэдгээ хэлээд авсан байх. Ийнхүү жигүүр дэвэн дэлэх тохироо улам бүр бүрдэж байгаа ч жигүүрийг гэмтээх хүсэлтэй маш олон хүмүүс байгааг бас л дурдахгүй өнгөрч болохгүй. Эдгээр хүмүүсийн тэргүүлэгч нь мэдээжийн хэрэг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга. Х.Баттулгын хувьд өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Ц.Элбэгдоржид санхүүгийн болон сэтгэл санааны хамгийн том дэмжлэг үзүүлсэн тухай яриа бий. Нөгөө талаар олон талаасаа дэмжлэг авах хамгийн бодит хүн бол Х.Баттулга. Харин Ц.Элбэгдорж чухам хэнээр нь засаг толгойлуулна гэсэн тохироо хийснийг таах аргагүй.

С.БАЯР

URL:

Сэтгэгдэл бичих