УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлөөс мэдээлэл хийв
Улсын Их Хурал дахь бие даагч гишүүдийн зөвлөл өнөөдөр /2013.11.25/ ээлжит мэдээллээ хийж, Улсын Их Хурлаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, “ Нийтийн ашиг сонирхлын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Бид хуулийн төсөл санаачлагч Ж.Батзандан, О.Баасанхүү нартай адил байр суурьтай байгаа.
ҮАБЗ-д ажиллаж байсан хүн гадаадын компанид ажиллаж болохгүй гэсэн заалтыг О.Баасанхүү гишүүн оруулсан байна. Энэ бол зүйтэй юм. Оюутолгойн гэрээ хэлэлцэж байх үед төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс “Дэлхийн өсөлт” гэж компани байгуулаад, гадаадын санхүүжилтээр ард түмний тархийг угаах ажилд оролцсон.
Одоо тэр компани байхгүй болсон. Мөн Нийтийн ашиг сонирхлын хуульд офшор бүсэд данс нээх тухай асуудлыг хөндсөн байна. Төрийн албанд ажиллаж байсан хүн ажилласан хугацаанаасаа хоёр жилийн дотор офшор бүсэд данс нээхгүй байх, гаднын компанитай хамт хөрөнгө оруулалт хийхгүй байх гэсэн зүйлийг Ж.Батзандан гишүүн санаачилсныг дэмжиж байна.
Алтны ил тод байдлын тухай хууль энэ долоо хоногт үргэлжлэн хэлэлцэгдэнэ. Энэ хуулийн төслийг бид дэмжихгүй байгаа. Энэ жил Оюутолгой 28 тонн алт экспортолно. Дэлхийн зах зээлд нэг кг алт 50 мянган ам.доллар байгаа гэж үзвэл таван хувь нь 75 сая доллар болох юм.
Энэ жил бид Оюутолгойгоос 164 тэрбум буюу 94 сая ам.доллар оруулахаар төлөвлөж байгаа. Бид нөөц ашигласны төлбөрийнхөө 40 хувийг чөлөөлөөд өгвөл 37 тэрбум төгрөг болж байгаа юм. Тийм учраас алтны роялтагийн таван хувийг хөнгөлөх асуудалд манай зөвлөл эсрэг байр суурьтай байна. Хэрвээ хөнгөлчихвөл Ирэх жил Оюутолгойгоос авах 94 сая ам.долларынхаа 34 сая-ыг нь буцааж өгөх болчихоод байна” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Сонгуулийн хууль болон Газрын тосны хууль энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэгдэнэ. Газрын тосны хуулинд ашиг сонирхлын зөрчил явдаг. Ажлын хэсгийн явцад ашиг сонирхлын зөрчлөө тулгах, хэрэгтэй заалтыг хасах гэсэн зүйл ажиглагдаж байна.
Газрын тосны хууль зөвхөн ажлын хэсэг, гишүүд гэлтгүй олон нийтийн оролцоотой сайн хууль гарах ёстой гэж хэлмээр байна. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдана. Сонгуулийн хууль хир сайн гарснаас улс орны хөгжил шалтгаална.
Нийт УИХ-ын гишүүдийн 30 хувь нь намын жагсаалтаар сонгогдсон. Үүнийг 50 хувьд хүргэх санал цухалзаж байна. Намаас ард түмний сонголтыг авахыг эсэргүүцэж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, “Энэ долоо хоногт Соёлын өвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Үүн дотор аман өвийг бага оруулсан байна. Үлгэр, домог, тууль өнөөдөр үндсэндээ хаягдаж байна. Телевиз, радиогаар нэг орны соёлын талаар мэдээлэл 40 хувиас хэтэрсэн тохиолдолд тухайн ард иргэдийн өв соёл алдагдах аюулд ордог. Тэр дундаа биет, биет бус, үлгэр домог ярьдаг байдал туйлын багассан байгаа. Тийм учраас энэ талаар ЕБС-ийн хичээлд оруулдаг болох санал оруулж байгаа” гэлээ.
Мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: