Д.Нямхүү Шүүхийг татан буулгаж, СЕХ-ыг худалдаад авчихсан юм уу?

527-1385345282a3c5cda56e45a6ddoriginal
Зарим нэг нь УИХ-ын гишүүнээс татгалзаж байхад нөгөө нэг нь энэ суудалд ямар ч үнээр хамаагүй очихоор улайрч сууна. Тухайлбал, өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш хэрүүл тэмцэл болж байгаа 15 дугаар тойрогт өвдөг шороодсон Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарыг нэрлэж болно.
Хэрүүл тэмцлийн гол шалтгаан нь тус аймгаас өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг сонгуулийн хууль зөрчиж, мөнгө тараасан хэмээн захиалгат нийтлэлүүдийг нийгэмд тарааж, массын сэтгэхүйд хоногшуулах болсноос үүдэлтэй.
Уг нь бол шат шатны шүүхээс тэднийг мөнгө тараасан гэдгийг нотлоогүй, харин урсдаг самбар дээр гаргасан сурталчилгааны цаг хэтэрсэн гэх үндэслэлийг Захиргааны хэргийн шүүхээс гаргасан юм билээ. Мөнгө тараасан гэх мэдээлэл бол албан ёсны бус унасан уураа барьж чадахгүй яваа Д.Нямхүү нарын яриа гэдгийг албаны эх сурвалж нотолж байгаа.
Мэдээжийн хэрэг энэ асуудал гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын буруугүй гэдгийг нотолсон. Гэсэн хэдий ч УИХ-ын суудлын төлөө улайрч байгаа Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын хууль бус тэмцэл тэр шийдвэрийн утга нь Сонгуулийн ерөнхий хороо гэнэтхэн шүүх байгууллагын ажлыг хийхээр болсон явдал юм.
Учир нь гурван шатны шүүхээр яваад шийдэгдсэн асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо бие даан шийдвэрлэх тухай юм. Юу гэсэн үг вэ. Тэгвэл шүүх засаглал байгаад ч хэрэг алга. Ерөөсөө Сонгуулийн ерөнхий хороо л шүүх байгууллагын ажлыг гүйцэтгээд явчихна биз.
Эдийн засаг уруу дорой байгаа үед улс оронд ч аятай юу. Аливаа асуудлыг шүүх засаглал, олонхийн балмад хүчээр шийдэж болдог гэсэн ойлголтыг өнөөдрийн олонхийн бүлэг өгсөн учраас хэн дуртай нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдох болжээ.
Бүр сонгогч олны саналд хүртэл нөлөөлж чадна гэсэн балмад бодол эрх баригч хүчний хаягтай хэн бүхэнд байгаад байх шиг. Үүнд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн зүйл бол УИХ-ын аравдугаар тойрогт нэр дэвшиж өвдөг шороодсон “АПУ”-гийн Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн Д.Зоригт нарын хүч түрэн УИХ-ын гишүүний тангараг өргөсөн явдал юм.
“АПУ”-гийн мөнгөний хөлд сөхөрч унадаг хууль засаглалтай шүү гэдгийг л Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар баталж өгөөд байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын ар талд үйлчилдэг гэж хэлж болохуйц нэгэн хуульчийн байр сууриас хүргэе.
Тэрбээр “Хавтаст хэрэгт юу байгаа, ямар хэргийг нь яаж шийдсэн агуулгыг нь анзаарахгүйгээр дүгнэж болохгүй л дээ. Захир-гааны хэргийн шүүх дээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг сонгогчдод мөнгө тараасан гэдэг асуудал яригдаагүй. Харин урсдаг самбар дахь тэдний сурталчилгаа цагаасаа илүү явсан, төрийн албан хаагчийг штабтаа ажиллуулсан гэдэг асуудлыг л Захиргааны хэргийн шүүх шийдсэн.
Дээд шүүх энэ хэргийг хянахдаа Сонгуулийн ерөнхий хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ гэдэг агуулгатай шийдвэр гаргасан юм байна. Дээд шүүхийн тогтоол долоо хоногийн дотор гарна. Тэгэхээр чухам ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь тодорхой болох байх” хэмээсэн бөөрөнхийдүү хариултыг хүчээр гэмээр өгсөн байна.
Тэгэхдээ “Ерөөсөө шүүхийн шийдвэр гарчихсан байхад Сонгуулийн ерөнхий хороо чимээгүй өнгөрч болохгүй. Хууль биелүүлэхгүй бол Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд хариуцлага хүлээнэ шүү дээ” хэмээсэн арга ядсан зүйлийг хэвлэлээр удаа дараа цацаад л явж байна.
Харин энэ шийдвэр зөв үү, буруу юу гэдэг албан ёсны байр суурийг бас хүргэх нь зүйтэй учраас МАН- ын бүлгийн дарга Н.Энхболдын ярианд анхаарлаа хандуулъя. Тэрбээр хэлэхдээ “СЕХ-ны гол ажил бол сонгуулийг зохион байгуулж, дүнг нь нэгтгээд энэ хүмүүс сонгогдлоо гэдгийг өргөн мэдүүлж УИХ-ын гишүүдийн бүрэн эрх баталгаажсанаар дуусдаг.
Сонгуультай холбоотой маргаан олон газар гарч шүүхээр хэлэлцэгдэж байхад СЕХ “Бид хийдгээ хийсэн. Үүнээс цаашхи асуудлыг шүүх шийднэ. Шүүхээр яаж шийдэгдэхээс асуудал шалтгаална” гэсэн зарчим баримталж байсан. Хоёр гишүүний асуудал бүх шатны шүүхээр яваад буруугүй гэдэг нь тогтоогдсон.
Гишүүдийн хувьд ямар ч асуудал байхгүй. СЕХ-нд ч гэсэн энэ асуудлыг авч хэлэлцэх эрх байхгүй. Хуулиар хүлээсэн тийм эрх байхгүй” гэжээ. Бусад хууль тогтоомжийг ч сөхөж харвал гурван шатны шүүхээр хянагдаж эцсийн шийдвэрээ гаргасан асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо эцсийн байдлаар шийднэ гэж нэг ч үг үсэг алга.
Гэтэл гомдогсодын зүгээс “Улсын дээд шүүх эцсийн шийдвэр гаргасны дараа СЕХ шийдвэрээ гаргах ёстой” гээд Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар бараг л УИХ-ын гишүүний тангараг өргөх шахуу юм ярьж явна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй тэдний бие төлөөлөгч гэх хуульч “Манай хуульд согог байх талтай” гэх мэтээр Үндсэн хуулиа ч нэг чамлаж үзсэн байх юм.
Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол нэхэмжлэл гаргасан гэх 13 иргэн нь өнгөрөгч сонгуулиас хойш Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын “асрамжинд” орсон гэх. Шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөөд тэдний захиалгат хэвлэлийн хуралд суучихаад ажил хийхгүй амар сууна гэдэг сайхан л хэрэг.
Нөгөө талд нутаг зоныхоо сонголтын эсрэг ганц нэгэн хүний эрх ашгийн төлөө үзэл бодлоо худалдаж, ахан дүүсийнхээ итгэл үнэмшлийг уландаа гишгэж явна гэдэг бол хүнийхээ хувьд байж боломгүй хандлага. Гэтэл Д.Нямхүү нар захиалгат нийтлэл болон ярилцлагадаа дээрх 13 хүний тухай л байнга ярих юм.
Тэр ч бүү хэл хуулиараа бол нэхэмжлэл гаргасан 13 хүнд урамшуулал олгох ёстой гэх мэт эсрэг тэсрэг зүйл ярьж суугаагийн ар талд юу байна вэ гэдгийг надаар хэлүүлэх юун. Ямар ч гэмт хэргийн шинжгүй гэдгийг хууль хүчний байгууллага тогтоож өгөөд байхад хууль бус тэмцэл улам бүр ширүүсч байгаагийн ар талд эрх баригчдын намынхаа гишүүдийг гэсэн амь татуу сэтгэл байгаад байна уу.
Эсвэл Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар нь “АПУ”-гийн Г.Батхүүгээс их мөнгөтэй болчихсон хэрэг үү гээд олон асуудал хөндөгдөх болно. Уг нь бол шүүх хурал дээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар тус бүрдээ 60, 60 сая төгрөг гаргаж иргэдийн орон байрыг түрээслэх болон 1093 ухуулах байрны гэрээ хийснээ хэлсэн шүү дээ.
Ямар ч нэр дэвшигчдээс мөнгө төгрөг авахгүйгээр орон байр түрээслэхгүй гэдгийг шүүх хуулийн байгууллага Д.Нямхүүгээс арай илүү мэдэх байх. Гэтэл Д.Нямхүүгийн хувьд бараг л УИХ-ын гишүүн болчихсон мэтээр ярьж явна. Яг л өнөөх Өвөрхангайн хоёр “луйварчин” шиг.
“АПУ”-гийн Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн Д.Зоригт нар эрх баригчдын өлмийг долоож шүүх эрх мэдлийг хахуульдсаар байгаад УИХ-д ороод ирсэн. Тиймээс Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар Г.Батхүү, Д.Зоригт нарын тактикийг л хэрэглэж байгаа санаа нь энэ.
Д.Нямхүүгийн хэвлэлээр өгч байгаа ярилцлага ч хууль зүйн үүднээс биш зүгээр хувийн жижиг амбицын үүднээс байгааг уншигч та анзаарч байгаа болов уу. Тодотгож хэлбэл түүний ярилцлага “АПУ”-гийн Г.Батхүүтэй барьцсан, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарт гоморхсон аяс цухалзаж байгаа юм.
Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл эрх баригчид аа, намын журамт нөхдөө та нар эрх барьсан цагаасаа хойш дандаа хууль зөрчсөн шүү дээ, миний төлөө яагаад болохгүй гэж гэсэн л гуйлт шүү дээ. Ингэхэд Д.Нямхүү шүүхийг татан буулгаж, СЕХ-г худалдаад авчихсан хэрэг үү.
С.Баяр
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих