Ч.Сайханбилэгбидний 20 жил туулсан замыг Ардын нам хоёр жил туулах нь уу, эсвэл арай хэдэн жил үү…
УИХ-ын эрхэм гишүүн, парламент дахь АН-ын бүлгийн дарга Ч.САЙХАНБИЛЭГ “Ярилцъя” буланд уригдлаа.
-Ч.Сайханбилэг гишүүнтэй уулзаагүй удсан байна. Асууж лавлах зүйл нэлээд байгаа болохоор таныг зориод ирлээ?
-Та нэгэнт Сайханбилэгтэй гэж онцолж байгаа учраас би таны асуултуудад хувь Сайханбилэгийн үүднээс хариулаад явъя гэж бодож байна. Бүлгийн байр суурь гэдэг бол тусдаа өөр асуудал. Албан ёсоор мэдээллээ хийдэг. Тийм учраас би хувь хүн, хувь УИХ-ын гишүүнийхээ үүднээс байр сууриа илэрхийлмээр байна. Тэгж тохирох уу.
-Болж байна. Сая сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлаар танай намын бүлэг дотооддоо хуралдлаа. Хачирхалтай нь олонхиороо огцруулахын эсрэг санал өгчээ. Энэ явдал үзэгдлийнхээ хувьд үнэхээр сонирхолтой харагдаад болдоггүй. Яг яаж л хүлээж авмаар юм бэ дээ?
-Д.Зоригт сайдтай холбоотой асуудал дээр би бүлгийнхээ хурал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хэрвээ бид улс төр хийх гэж байгаа бол утга учиртай улс төр хийцгээе гэж. Миний хамгийн түрүүнд тавьсан санал энэ. Хэрвээ АН Засгийн газраас гарах хэрэгтэй гэж үзвэл тэр асуудлаа ҮЗХ-оороо шийдэж нэг тийш нь болгох ёстой. Учир нь ҮЗХ-ны шийдвэрээр нам хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа.
Гарах бол тэр шийдвэрийг гаргасан байгууллага нь өөрөө авч үзэж эцсийн шийдийг гаргах ёстой. Зүгээр хэн нэг сайдтай хариуцлага тооцох гэж байвал энэ улс төр нь өөрөө хаана очиж зогсох вэ гэдгээ тооцсон байх ёстой. Тэгэхгүй сүүлийн үеийн сонин хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллүүд шиг манай гурван гишүүн Д.Зоригт сайд руу онилоод л, ардын намын гурван гишүүн дараа нь манай хэн нэг сайд руу онилоод л ийм улс төр явах юм бол үнэхээр зохисгүй. Ийм хувь хүмүүсийн ааш араншин, хүсэл зорилгод хөтлөгдсөн улс төр Монголын төрд цаашид өрнөж болохгүй. Би үүний эсрэг л байр суурьтай. Би улс төрийн тоглолтыг багийн тоглолт гэж ойлгодог. Баг гэдгээ би аль нэг фракц гэдэг утгаар хэлээгүй шүү. Энэ их улс төрийн өрөг дээр бүхэл бүтэн улс төрийн намын тоглолт гэж л байх ёстой. Тийм байж энэ өөрөө зөв улс төр, зарчимтай улс төр болно. Түүнээс биш хувь гишүүд популизмаа хийх гэж юм уу, эсвэл улс төрийн оноо цуглуулах гэж юм уу, эсвэл хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэсэн хувийн шинжтэй тоглолтууд хийгээд, түүгээрээ эргээд тухайн намынхаа бүлгийг татаж авчраад байх юм бол үнэхээр утга учир гэж алга болно. Ийм зарчимгүй улс төр рүү намыг, намынхаа бүлгийг нохойнд барьдаг саваа шиг бариад гүйгээд байж болохгүй гэж би үздэг. Би ийм л байр суурь илэрхийлсэн. Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг өргөн барихдаа манай гурван гишүүн намын удирдлагууддаа, намын даргадаа, Ерөнхий нарийн бичгийн даргадаа, бүлгийн даргадаа, бүлгийн дэд ахлагчдаа, УИХ-ын дэд даргадаа ч юмуу эсвэл намын аль нэг байгууллагатай зөвшилцсөн зүйл огт байхгүй юм байна лээ. Зүгээр л өөрсдөө санаачилга гаргаад өргөн барьчихсан.
-Зөвшилцөх ч шаардлагагүй биз дээ?
-Ер нь бол эрхийнхээ дагуу хийж байгаа алхам. Зөвшилцөх шаардлага байхгүй л дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх. Одоо энэ гурван гишүүн маргааш ч ахиад өргөн барих бололцоотой. Гэхдээ зарчимтай улс төр явмаар байна. Жаахан тааламжгүй санагдсан нэгийгээ ингэж өлгөсөн улс төр хийгээд явах юм уу, эсвэл утга учраа ойлгоцсон, зарчимтай, эхлэх цаг хугацаатай, бас дуусгах цаг хугацаатай, хүрэх үр дүнтэй, хариуцлагатай улс төр хийх юм уу гэж л би ярьж байгаа юм. Түүнээс биш тухайн сайд л ажлаа сайн хийж байна уу, хийхгүй байна уу гэдэг бол бүгдээрээ харьцангуй асуудал. Би асуудалд энэ утгаар л хандсан.
-Өргөн барьсан гишүүд бол их өөр байр суурьтай байгаа юм билээ. Ерөнхийдөө хамтарсан гэдэг нэрийн дор бүх юм гоё хөшигний ард, хэт эвлэлдэн найрссан арга замаар явж байна. Зарчмын дагуу асуудал тавихаар популизм хийгчид, оноо цуглуулагчид, нэр төр хөөгчид гэсэн иймэрхүү онцгүй нэр хоч зүүж өгөөд л, хүний өөрийн нийлсэн алаг бүлэглэл олонхиороо даапаалаад өнгөрдөг. Тэвчих арга алга гэж тэд хэлж байгаа. Нийгэмд ч гэсэн асуудлыг тавьж байгаа нь илүү эрүүл, илүү зарчим сануулж харагдаж байна?
-Бүх юм найрсгаар яваад байгаа юм бол яагаад өнөөдөр бид нар Тавантолгой дээр эцсийн шийдвэр гаргачихаж чадахгүй байгаа юм бэ. Тийм их эв найртайгаар, бүх юмыг гараа ярс хийтэл өргөж санал нэгдээд яваад байдаг юм бол бид нар хамтарснаасаа хойш бүтэн хоёр жилийн дараа Оюутолгойг яагаад арай гэж шийдэж чадав. Яагаад өнөөдөр аягүй олон асуудлаар АН завсарлага авахаас өөр аргагүй байдалд ороод байгаа юм. Энэ бүх асуудлууд чинь эргээд бид хэдий хамтарч байгаа ч гэсэн, хэдий албан ёсны сөрөг хүчин байхгүй ч гэсэн тодохой төвшний ойлголцолд хүртлээ тэртэй тэргүй хүчтэй олонхи, хүчтэй цөөнх байснаас ялгаагүй саад бэрхшээлийн дунд явж байгааг л харуулж байгаа биз дээ. Тийм учраас тэр найрсаг, найзан дундаа явж байна гэдэг шүүмжлэл маань өөрөө бодит үнэн дээр онож буудаж чадаж байна уу, үгүй юү.
-Түрүүн та хэлсэн. Ерөнхийдөө хэдэн хүн санал нийлээд хувийн гэмээр тоглолтууд хийгээд явж байдаг. Хариуд нь нөгөө нам нь зөрүүлээд манай нэг сайдаар оролдож тоглох маягаар энэ улс төр цаашид явах юм уу гэж. Зарим хэвлэлээр С.Баярцогт сайдаар МАН-ынхан эргүүлээд оролдоно гэсэн мэдээллүүд явж байсан. Ийм барьцаалсан хандлага парламент дотор илэрч байна уу. Эсвэл зүгээр л нэг хэвлэлийнхний таамаг юм уу?
-Тийм, бас үгүй гэж хэлж болно. Одоо та бид хоёрын ярилцлага өгч байгаа энэ цаг хугацааг харъя л даа. Одоо УИХ-ын дараагийн сонгууль болоход нэг жил л үлдчихсэн байгаа. Манай сонгуулийн тогтолцоо маань өөрөө хувь хүмүүсийн популизм дээр маш их суурилж сонгогчдын саналыг хуваадаг. Одоо миний болгоомжилж байгаа зүйл Монголын төр энэ үлдэж байгаа нэг жилийн хугацаанд дээрх хэлбэрийн популизмуудыг хэрхэн тэсвэрлэж гарах бол гэдэг асуудал. Одоо ингээд хар даа. Малчдын зээлийг бүгдийг нь төр хариуцдаг байя гэдэг санал ороод ирлээ. Хуучин бидний том том жишээнүүд байна ш дээ. ХЗХ-ны бүх ачааг төр үүрсэн. Хэдхэн хүний хийсэн хариуцлагагүй ялыг төр үүрсэн. Дээрээс нь хувийн арилжааны банк дампуурсны бүх хариуцлагыг төр үүрээд явж байгаа. Ямааны асуудал гээд ороод ирэхэд л бид төрөөрөө үүрүүлдэг. Одоо малчдын тавьсан бүх өрийг даах гэж байх шиг байна. Энэ бүх популизмыг Монголын төр өөрөө эргээд даах уу. Энэ их хариуцлагагүй популизмын төлөө Монголын төр хичнээн их хөрөнгө гаргав. Энэ асуултдаа бид зайлшгүй хариулт өгөх шаардлага гарч байна шүү дээ. Тийм учраас сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол нөгөө л 76 тойрог дээр, нөгөө л аймаг, жалга довон дээр очиж санал авдаг гишүүдийн популизмын тоглолтод Монголын төр өөрөө тэсэхгүй байдалд хүрээд байна. Энэ эмгэнэл биш үү. Энэ рүүгээ анхаарлаа хандуулмаар байна шүү дээ.
-Нөгөө нам сонгуулийн хуулиа ер нь яаж шийдэж байгаа юм бэ. Одоо болтол эцэслэж шийдээгүй байна уу?
-Яахав ажлын хэсгийн гишүүний хувьд бүх тогооных нь юмыг янзлаад, хуулийнхаа үг үсгийн төвшин дээр ажиллаж байгаа хүний хувьд ямар ч байсан сайн хууль батлагдаад гарчих нь дээ гэсэн хувь хүний итгэл найдвар бол байна. Гэхдээ эргээд том тогтолцооны асуудал дээр бид намаа сонгох уу, хүнээ сонгох уу гэдэг ч юмуу том асуудлууд дээр хүссэн ч, хүсээгүй ч улс төрийн шийдвэр, улс төрийн зориг гаргах л асуудал шүү дээ. Энэ дээр санаа зовж л байна. Гэхдээ эрхбиш монгол хүн байна даа гэдэг шиг Монгол Улсын төр байна даа бас нэг төрөө бодсон шийдвэр гаргачих болов уу гэсэн өөдрөг бодол тээгээд л явж байна. Хэдхэн жилийн өмнө л бид одоогийнхоос 10 дахин бага төсөв ярьдаг байсан. Одоо хэмжээ нь яаж томров. Энэ их хөрөнгийг дахиад л 76 жалга руугаа татах, энэ уралдаанд хэн нь овсгоотой вэ гэдгээ харуулах гэсэн ийм байдлаар улс орныхоо хөгжлийг тарамдуулж явах юм бол бид хаа хүрэх юм. 200-хан өрх рүү хоёр гурван тэрбум төгрөг үрээд цахилгаан татаж байна. Тэнд нь бас сургууль, эмнэлэг байгуулах ёстой гэсэн дэндүү үрэлгэн хэлбэрээр явж байна шүү дээ. Тэгээд ийм юм хийснээрээ УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө ажлыг дүгнүүлж байна. Эргэж мандатаа олж авч байна. Тогтолцоо маань сууриараа ингэж буруу яваад байна. Тийм учраас энд төв дээр байгаа шийдвэр гаргагчид нь Монгол орныхоо хөгжлийн бодлогыг, цогцоор нь нэг мөр хардаг ийм тогтолцоотой, тэр эмнэлэг, сургууль, цэцэрлэгээ орон нутгийн иргэд нь өөрсдөө шийддэг эрүүл тогтолцоо руу орохгүй бол болохгүй нь. Энийгээ л бид шийдмээр байна. Тогтолцоогоо зөв хийж авахгүй бол ахиад л юм энэ байдлаараа явна.
-Түрүүн Д.Зоригт сайдын асуулт дээр нэг зүйл дутуу орхичихож. Ер нь яагаад Засгийн газрын нэг сайдын асуудал хоёр удаа босч ирэв ээ. Улс төрд шинэхэн намтартай, нас нь залуу, эрч хүчтэй хүнд гол тулгуур яамыг атгуулсантай холбоотой, нэг байдаг л хувь заяаны атаархал дээр суурилсан юм яваад байна уу. Эсвэл олонхи улстөрч, зарим сэхээтнүүдийн ярьж байгаа хувийнх нь зан төлөвт эгдүүцсэн эгдүүцлээс улбаатай юу. Энгийн үгээр хэлэхэд сайдыг их өөрчлөгдсөн гэж ярих юм билээ?
-Би бол арай өөр өнцгөөс нь харж байгаа. Засагтай асуудал ярихыг хүсвэл мэдээж хамгийн асуудалтай байгаа хэсэг рүү нь л явах ёстой ш дээ. Үнэхээр түлш, эрчим хүч гэдэг салбар бол өөрөө бас олон асуудалтай салбар мөн үү гэвэл мөн. Үнэхээр проблем байгаа юу гэвэл байгаа. Эргээд улс төрд 20 жил явсан түүхээ харъя. Асуудал ойлгомжтой шүү дээ. Онилбол хамгийн асуудал ихтэй салбар толгойлж байгаа сайдыг л онилдог. Энэ чинь бараг хүний байгалийн инстинкт биз дээ. Тэгэхээр зөрөөд нөгөө хүчин хариу реакц үзүүлж таарна. Юм ингэж л явна. Гол агуулгаар нь хар даа. Яах аргагүй зарчим алдагдаж эхэлж байгаа байхгүй юу. Нөгөө асуудалтай байгаа салбар чухал уу, АН-ыг төлөөлж ажиллаж байгаа сайд нь чухал уу гээд ингээд буруу зарчим руугаа эргэх л тоглоом. Та түрүүн С.Баярцогт гэж онцолж асууж байх шиг байна лээ. Манай зургаан сайд засагт байгаа. Алин руу нь ч асуудал тавихыг үгүйсгэхгүй. Ингээд эхлэхээр энэ хамтарсан Засгийн газрын асуудал утгагүй болж эхэлнэ биз дээ. Танхимаас нь шүд сугалж байгаа юм шиг нэг нэг сайд сугалах тоглолт явагдахад л ямар гинжин урвал үүсдэг билээ. Ямар зовлон төрд нүүрлэдэг билээ гэдгийг сэтгүүлчид та нар хамгийн сайн мэдэж байгаа. Улстөрчид бид ч мэдэж байгаа. Энэ өөрөө тийм сүрхий нууц тоглоом биш шүү дээ. Ингээд л яваад байх юм уу. Хэн нэг гурван гишүүн нь гал асаах гэж оролддог. Тэрийг нь тойрч баахан хэрэлддэг. Үр дүнд нь төр ганхдаг. Улс төр ийм хэлбэрээр цаашаа яваад байх юм уу. Хоёр нам өөд өөдөөсөө харж сууж байгаад жинхэнэ улс төрийнхөө байр байдал дээр үнэлэлт дүгнэлт өгөх юм уу. Ерөөсөө Засгийн газар хангалтгүй ажиллаж байна уу, ер нь юу нь болохгүй байна. Тэрийгээ ярья. Зарчимтай улс төр л хийе гээд байна шүү дээ.
-Одоо ер нь та нар салбал яасан юм бэ. Салаад сонгуульд орвол нөгөө намын дотор үүсээд байгаа шинэ нөхцөл байдал дээр суурилсан ашигтай өрөг бэлэн тавигдчихаад байгаа юм биш үү?
-Яг таных шиг энэ байр суурийг манай намын нэг хэсэг гишүүн илэрхийлдэг. Нөгөө хэсэг гишүүн нь бас эсрэг байр суурь илэрхийлдэг. Улс үндэстнийхээ эрх ашиг гэдэг юмыг бодоцгооё оо. Ингэж хамтарч байх үедээ хийхгүй бол хэзээ хийж цэгцлэх юм бэ гээд янз бүрийн л байр сууриуд байдаг. Улс төрийн намынх нь өөрийн оршин тогтнодог үндсэн зарчим юу юм бэ. Ялангуяа ийм ардчилсан нийгэмд. Бид шийдвэр гаргах байгууллага дээрээ олонхиороо сууж байгаад л шийдвэрээ гаргадаг. Хамгийн олон санал нь хаанаа гарч байна. Түүгээрээ шийдээд л явдаг. Өнөөдрийг хүртэл тэр шийдвэрийнхээ дагуу л ажиллаж байгаа.
-ҮЗХ ямар шийдвэр гаргасан. Түүнийгээ л мөрд. Мөн биз дээ, таны хэлж байгаа зүйл?
-Ерөөсөө улс төрийн намын өөрийнх нь зарчим тэр ш дээ. Би нөгөө нам дээр ч гэсэн тийм байдаг болов уу гэж бодож байна. Өнөөдөр бид АН-ын ҮЗХ-ны баталсан хамтарсан засагт ороод энэ улс орны төлөө ажиллаадах, тодорхой үр дүн гаргаадах гэсэн шийдвэрт л захирагдаад явж байгаа.
-Ерөнхийдөө айлын гэрийн доторхи түжигнээн ашигтай улс төр хийх бэлэн өрөг бий болгочихлоо. Хэдийгээр Ардмын нам хүчтэй хуваагдал явагдахгүй гэж тайлбарлаж байгаа ч цаашаа тэдний доторхи дажин өргөснө. Улстөрчийнхөө хувьд энэ талаас нь ярих сонирхол танд алга уу?
-Би бусдын дотоод асуудлын талаар элдвийг яриад байх дургүй. Гэхдээ бүх процесс дунд явсан хүнийхээ хувьд эргээд ажиглахад хуучин эднийх чинь (МАХН) 80 жил нэг цул явлаа шүү дээ. Нийт урсгалаараа маш бол том машин байсан. Бид бол бүх юмыг шинээр эхэлсэн. 20 жилийн өмнө “0”-ээс эхэлсэн. Шинээр төвхнөсөн болохоор энэ бүх зовлон жаргал, хуваагдал, салалт, нийлэлт, ялалт ялагдал бүх юмны дундуур бид явсан байхгүй юу. Бүх зовлонг нь үзсэн.
Цаг хугацааны эрхээр нөгөө цул явсан хүчин маань бид нарын өнгөрсөн 20 жил явж ирсэн тэр юмны дундуур одоо орж ирж байгаа байхгүй юу. Яг энэ утгаараа АН улс төрийнхөө институцын хувьд, төлөвшлийнхөө хувьд, хал үзсэнийхээ хувьд, туршлагынхаа хувьд Ардын намын арай урд нь явж байгаа. Бид бол бараг өөрсдийн туулж ирснээрээ улс төрийн намын сурах бичиг зохиочихсон хүмүүс шүү дээ. Энэ сурах бичгийг ашиглаад өөрийнхөө дотоод нөхцөл байдлыг үнэлээд нөгөө нам маань бид нарын 20 жил туулсан замыг хоёр жил туулах нь уу. Эсвэл арай илүү хэдэн жилийг туулах нь уу гэдэг бол тэдний асуудал. Төлөвшлийнхөө хувьд бол өнөөдөр АН, МАН-ынхаа урд нь явж байгаа. Тийм учраас манай нам асуудлаа илүү нээлттэй ярьдаг, хоорондоо үзэл бодлынхоо зөрүүг илүү хурц хэлбэрээр илэрхийлж, зөв шийдлийг гаргаж ирж чаддаг. Ойлголцол, нэгдэл нягтралын төлөөх энэ бүх процессуудын дараа байр суурин дээрээ нэгдэх чадвараараа бол АН хамаагүй илүү улс төрийн төлөвшилтэй нам. Энэ бол манай илүү тал юм даа.
-Айлын дотоод зовлонгийн талаар түншиж асуусан юм уг нь. Та бол ерөөсөө хүссэн хариултыг минь өгөхгүй байна. Цэвэрхэн бултаад л онолын улс төр яриад байна. Хамтарсан засагт байх тохиолдолд ийм л байх ёстой юу?
-Айл гэр дээр ч гэсэн амьдрал адилхан шүү дээ. Амьдрал үүслээ, замынхаа дунд асуудал хурцадлаа. Хоёр л арга зам байдаг биз дээ. Нэг бол асуудлынхаа ард шийдээд л гардаг. Нэг бол хоёр тийшээ л явдаг ш дээ. Өнөөдөр бид гурван жилийн өмнө гаргасан тэр шийдвэрийнхээ дагуу урагшаа явахын төлөө эцсийнхээ бололцоотой бүх аргыг хэрэглэх ёстой л гэж би жишээ нь үзэж байна. Энэ бүх юм нь явахгүй нь ээ. Одоо тоглоомын дүрэм нь өөр болчихлоо. Одоо ойлголцол байхгүй гэвэл тэгээд нөгөө талд асуудал шийдэх ийм л юм байгаа ш дээ. Тэрийгээ хаана хаанаа зарчимтай л гаргая гэж байгаа юм. Тэрнээс биш энд тэнд үсэрсэн очноос гал авалцаж өөрсдөө асцгаах юм бол тэр нь өөрөө зарчимгүй, утгагүй, улс орондоо ашиггүй улс төр болох юм болов уу.
-Ж.Энхбаяр гишүүн жишээлбэл Д.Зоригт сайдын асуудал дээр нэг тийм залуу насан дээр нь суурилсан хамгаалалтын үг хэлсэн байна лээ. Тийм сүрхий юм бол тэр Ц.Нямдорж, Н.Алтанхуяг гэсэн архагуудыг огцруулъя гээд ороод ир л дээ гэх маягаар. Эндээс жишээ нь ямар нэг зарчим харагдахгүй байгаа биз дээ?
-Сүүлийн үед залуу гэдэг юмыг тойрсон хоёрын хооронд хөнгөн яриа хэл их явдаг болсон юм шиг. Гэхдээ Монголынхоо улс төрийг бод доо. Гаднынхантай харьцуул. Би зүгээр залуучуудын байгууллагын удирдагч байхдаа Солонгосын залуучуудын байгууллагын удирдагчтай уулзаж байснаа дурсая л даа. Би тэдний залуучуудын байгууллагын удирдагч гээд 70 настай өвгөн хүнтэй уулзаж байсан байхгүй юу. Бусад улсын парламентынх нь дундаж нас хэд байна. Монгол шиг ийм залуу парламенттай орон байна уу. Манайх бол харьцангуй дэндүү залуу улстөрчдийг парламентдаа оруулж байгаа орон байхгүй юу.
-Та бол одоо хэт залууд орохгүй биз дээ?
-Би бол хүссэн хүсээгүй энэ тогоон дотор бараг 20 жил явж байна ш дээ. Тэр утгаар нь залуу гэж хэлж байгаа хүмүүст би баярладаг. Аятайхан комплемент гэж ойлгодог.
-40 нас гараад явж байгаа төдий л биз дээ?
-Насаа яг тоогоор нь хэлэх ч хаашаа юм бэ дээ.
-Наадах чинь эмэгтэйчүүд дээр л яригддаг зүйл ?
-Тэгвэл хэлье ээ. Би 42 настай.
-Ерөнхийлөгчөөс зургаа л дүү юм байна?
-Тэгэхээр манай Ерөнхийлөгч залуухан байгаа биз.
-Хамтарсан засагт ажиллаж байгаа хүмүүс илүү зовлон амсдаг л даа. Илүү нэр төрийн хохирол амсдаг. Илүү сэтгэл санааны дарамт туулдаг. Тэр утгаараа та нар руу нэлээд л юм чулуудаж байх шиг харагддаг. Хамгийн сүүлд ямар билээ шүүхээр буудуулах 15 хүний нэгээр тодорсон байсан. Ямар сэтгэгдэл төрдөг юм байна?
-Ямар сэтгэгдэл төрөх вэ дээ. Манай АН-ын үндсэндээ засагт ажиллаж байгаа бараг бүх сайдыг оруулчихсан байсан. УИХ-ын дарга, дэд дарга нар орчихсон байсан. Монгол Улсын баатар маань орчихсон байна. Дээрээс нь би. Хэрвээ би УИХ-ын сул гишүүн Сайханбилэг байсан бол тэнд орохгүй л дээ. Өнөөдөр ямар ч байсан АН-ын 27 гишүүний төлөө ингээд үүрэг хариуцлага хүлээгээд ажиллаад явж байгаа хүний хувьд, бүлгийн ахлагчийн хувьд бол тэнд онилогдоод л орчихсон байна лээ. Цэвэр улс төрийн нүдээр л би харж байгаа юм. Тэрнээс биш олигархи гэдэг сонгодог утгаар нь харах бололцоогүй юм билээ. Энэ бол цэвэр улс төр шүү дээ.
-Ер нь таныг хөрөнгөтэй чинээтэй болчихсон овсгоотой хүний нэг гэж ярьдаг. Гэхдээ 15 олигархийн нэг гээд харахаар ил бол эхнэрийн тань салоноос өөр юм харагддаггүй. Ерөнхийдөө бол та хүнээс гуйхгүй, улсаас хулгай хийхгүйгээр явчих эдийн засгийн хүчтэй хүн биз дээ?
-Хувийнхаа амьдралыг зохицуулаагүй хүн улс төрийн амьдрал зохицуулна гэдэг үлгэр л дээ. Би өөрийн гэр бүлийн өмнө хүлээсэн үүргээ давгүй биелүүлж яваа хүн байх. Хүүхдүүдийхээ боловсрол, гэр орны бусад асуудалд бусдаас дэмжлэг туслалцаа аваад байдаггүй. Өдөрт яаж ч идээд гурваас илүү удаа идэж чадахгүй. Яаж ч арын хаалгадаад монголчуудын дундаж наснаас илүү наслахгүй. Би хэдэн саяар нь, тэрбумаар нь хурааж цуглуулах гээд яваа хүмүүсийг хувь хүнийхээ хувьд ойлгодоггүй. Хүн өөрийн өдөр тутмын ухаалаг хэрэглээгээ хангаж чадаж байхад л хангалттай гэж үздэг. Хүүхдүүддээ бол би мөнгө төгрөг үлдээхгүй. Хүүхдүүддээ боловсролыг нь л үлдээнэ.
-Та эхнэрийнхээ салоноор үйлчлүүлдэг үү?
-Яасан. Одоо Сайханбилэгийн хувийн амьдрал гэдэг сэдэв рүү орж байгаа юм уу.
-Аль түрүүн орчихсон?
-Тийм үү. (инээв)Загасчны морь усгүй гэдэгтэй адил даа. Хүсэл бол их л байдаг. Хааяа орж массаж хийлгэх дуртай. Тэрнээс илүү гарахгүй юм. Би нэг их мундаг гоо сайхан, хумс хуруу гэж явдаггүй л дээ.
-Таны гэргий Байгаль бол манай загварын ертөнцийн нэгэн үеийн алдартай топ моделиудын нэг. Бас кино, тайз дэлгэцийн урлагт хүчээ сорьж байсан чадварлаг жүжигчин. Та тэр хүнийг бүх юмнаас нь холдуулчихжээ дээ. Тэр танд хааяа энэ талаар гомдоллодог уу?
-Би бол тэгж хэлэхгүй. Намайг сайд байхад хүртэл манай эхнэр кинондоо тоглоод л явж байсан. Одоогийн амьдралынх нь хэв маягийн тухайд ерөнхийдөө өөрийнх нь гаргасан шийдвэр л дээ. Манай хүнийг зодог тайлах гэдэг юм уу даа урлагийн амьдралаасаа холдох шийдвэрийг гаргах үед драм өөрөө уналтын үед байсан. Үзэгчгүй болчихсон. Тэгээд л би ер нь ингэж байж болохгүй юм байна. Гэр орноо авч явах, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх тал дээр илүү анхаарлаа хандуулъя, өөртөө тохирсон бизнес эрхэлье гэдэг шийдвэрийг гаргасан байх. Шийдвэр нь өөрийнх нь байсан. Би эхнэрийгээ эзэмшсэн мэргэжлийнх нь хувьд нүцгэлэх, үнсэлцэх, өөр бусад юу байдаг юм тэр жүжигчнийх нь хийдэг хамгийн хязгаарын юмнууд дээр ч хэзээ ч хориг тавьж байгаагүй. Энэ бол тэр хүний мэргэжил. Тийм болохоор манай хүн ажлаа чөлөөтэй хийж байсан байх. Залуу насаа дэлгэцнээ мөнхөлсөн зөндөө олон сайхан дүрүүд нь байж байна. Нэг их эргэж харж харамсдаггүй болов уу гэж боддог. Ер нь манай гэрт нэг дүрэм байдаг. Би жишээлбэл урлаг уран сайхан, гоо сайхны ертөнцийн талаар тэг, ингэ гэж эхнэртэйгээ юу ч ярьдаггүй. Манай эхнэр надтай улс төр ярьдаггүй.
-Та хоёр манай хотын гоё хосын нэг. Тэр утгаараа сонин сэтгүүлийн байнгын анхааралд байдаг байх. Таныг эмэгтэйчүүдтэй хааяа холбосон харагддаг?
-Бид хоёр ханилаад бараг 20-иод жил болох гэж байна. Дөнгөж суугаад залуу халуун байхад хүн л юм чинь хүндээр хүлээж авах тиймэрхүү үеүд бол байсан. Элдэв ярианд орох бол дөнгөж сая гарч ирсэн асуудал биш ш дээ. Би тоглоомоор ярьдаг байхгүй юу. Залуу насаа би дөнгөж сургууль төгсч ирээд л алдчихсан гэж. Хамгийн анх залуучуудын холбоонд ажиллаж байхдаа телевизэд орж “Агшин” нэвтрүүлгийг хөтөлж эхлээд л нүүр маань илүү их паблик тал руугаа орчихсон. Жирийн залуу шиг дуртай шөнийн клуб рүүгээ орж өөрийнхөө хүссэнээр бүжиглэж ч чаддаггүй. Хүмүүсийн хэлдэг шиг дурын байшин орц энэ тэрээр хэсээд яваад байх бололцоогүй. Эсвэл хэн нэгэн өөрт таалагдсан охиныг аваад олон нийтийн газар хамт суух тийм ч эрх байхгүй. Энэ бүх зүйлээ би 21 насандаа алдчихсан байхгүй юу. Яахав миний өөрийн сонгож авсан амьдрал. Тэрэндээ би харамсдаггүй.
-Хамгийн сүүлд энэ оны “Дэлхийн мисс”-д өрсөлдсөн А.Сарнай гэдэг эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл цацагдсан байсан?
-Зөндөө хүмүүстэй холбодог юм аа. Сонины нэгдүгээр нүүрэнд энэ сэдвээр зөндөө л гарч байсан. Зөндөө л юмны дундуур явж байсан. Амьдрал гэдэг юм чинь ойлголцол, итгэлцэл дээр л явна уу гэхээс биш зарим хэвлэлийнхний гүжирддэг сэдвээр хөөцөлдөөд явах юм бол аль хэдийнэ хоёр тийшээ болчих юм зөндөө л байсан. Нэг ёсондоо манай гэр бүлд дархлаа суусан гэж хэлж болно.
-Тийм ч биз дээ. Цаг гаргасанд баярлалаа. Танд амжилт хүсье?
-Баярлалаа.
URL: