Барилгын чулууны импортод жилд 50 тэрбумыг зарж байна

 131125-4t

Г.ГАНЧИМЭГ

Гаалийн ерөнхий газрын судалгаагаар жилдээ 50 орчим тэрбум төгрөг фасад буюу барилгын гадна тохижилтын чулуу авах гэсэн бизнесмэнүүдийн гараар дамжин өмнөд хөрш руу урсдаг. Гэтэл үүнийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой юм байна. Хааш хаашаа нэг метр буюу ойролцоогоор 2.8-3 тонны жинтэй чулууг Хятадаас зөөж, өндөр зардал гаргасаар байна. Юанийн ханшийн өсөлтийн үед үүнийг Монголдоо үйлдвэрлэвэл хямд тусах нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, цаг уурын нөлөөгөөр Монголын чулуу урт настай байдаг. Манай нутгийн чулуугаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн илүү бат бөх болдог нууц нь энэ. Гэтэл манайхны чулуугаа импортолдог Ляажу, Шандунд хамгийн хүйтэн нь хасах 10 хэм хүрдэг байна.

Барилгын түүхий эдээр баялаг манай улсад дээрх төрлийн импорт нь боломжоо үгүйсгэж буй хэрэг гэж олон хүн үздэг. Тэдний нэг нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтайван. Тэрээр оюутан байхаасаа уйгагүй хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө “Үүдэн чулуу” компаниа байгуулжээ. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн “Багш” найраглалд зориулсан боржин чулуун хөшөөг тус компанийн хамт олон бүтээснийг уншигчид санаж байгаа болов уу. Уран бүтээлчид тэднийг орчин цагийн чулууны урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн мэргэжлийн хамт олон гэж үнэлдэг.

Тиймээс “Үүдэн чулуу” компанийн захирал, Монголын чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Ц.Энхтайвантай энэхүү 50 тэрбум төгрөгийн импортын талаар санал бодлоо хуваалцаач хэмээн цаг болзлоо. Гэтэл тус компанийн 40 гаруй уран бүтээлч нийслэлийн зам дээр ажиллаж буй юм байна. Өөрөөр хэлбэл, шороон замаас авто зам руу орж байгаа хэсгийг 10х10 см-ийн боржин чулуугаар хийж байгаа аж. Нэг бүр нь таван тонны даацтай, ус шингээлт сайтай энэхүү бүтээгдэхүүнийг манай улсад анх удаа зам тавихад хэрэглэж байгаа нь тэр. Хатуу хучилттай замын технологи шиг хүйтний улиралд хөлддөггүй болохоор ирэх оны өмнө төлөвлөсөн ажлаа дуусгахаар шамдаж буй гэнэ. Эхний ээлжинд XI хороололд буюу Америкийн Элчин сайдын яамны барилгын урд талаар, мөн Гандангийн дэнжид энэ замыг тавихаар төлөвлөжээ. Зөвхөн “Үүдэн чулуу” компани ч биш дотоодын чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид эдгээр замд үйлдвэрлэсэн чулуун шоогоо нийлүүлж байна. Инженерийн шугам сүлжээтэй газар засвар хийхийн тулд хуучин технологиор тавьсан хатуу хучилттай замаа эвддэг байсан. Харин одоо зам тавихад ашиглаж буй чулуун шоо нь замд эвдрэл гэмтэл үүсгэхгүй. Инженерийн шугам сүлжээнд засвар хийхдээ хуулж аваад дараа нь буцаагаад тавьчихаж болдгоороо давуу талтай. Өөрөөр хэлбэл, үргүй зардал дахин давтан гаргахгүй гэдгээрээ онцлог юм байна.

“Үүдэн чулуу” компанийн захирал Ц.Энхтайван зээл авахаас татгалздаг ч ажлаа явуулахад санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдгийг нуусангүй. Тэрээр “Нийслэлийнхний нэг алдаа дутагдал нь тендерийг 1-2 сарын хугацаатай зарладаг. Гэтэл манай үйлдвэрүүд чулуугаа бэлдэхэд их цаг хугацаа алддаг. Тиймээс ирэх жил тавих замынхаа тооцоо судалгааг эрхтхэн шиг буюу газар хөлдөхөөс өмнө гаргадаг болооч гэсэн саналыг бид нийслэлийн удирдлагуудад тавьсан. Мөн чулуу татах мөнгийг нь үйлдвэрүүдэд гаргаад өгчихдөг болбол хаана хаанаа уялдаатай ажиллаж болно. Саяхан гэхэд л бид нийслэлээс урьдчилгаа мөнгө авалгүйгээр 500 ширхэг чулуу бэлтгэж өгсөн. Уг нь нэг сая чулуу захиалсан юм. Нийтдээ 800 ширхэг чулууг үйлдвэрлэгчид өөрсдийнхөө хөрөнгөөр хийчихээд байна” гэлээ.

Чулуун зам элэгдэл хорогдол багатай тул дэлхийн томоохон хотууд ийм сонголтыг хийх болжээ. Тухайлбал, машин зогсоолыг хатуу хучилттай хийхээр халуунаа дээш өгдөг. Харин чулуугаар хийвэл ийм бэрхшээл гардаггүй аж. Тиймээс авто зогсоол, шороон замаас авто зам руу орж буй жижиг хэмжээний замыг чулуугаар хийх нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого болно гэж тэрээр үздэг юм байна. Манайд чулууны үйлдвэрүүд шинээр байгуулагдаж байгаа. Харин өмнөд хөршид ийм төрлийн үйлдвэр олон байдаг юм байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих