Дундговийн Засаг дарга С.Сүхбаатар хууль зөрчиж хурал гацааж сууна

ac45a438c6fe18bcbigДундговь аймгийн ИТХ болон одоогийн Засаг дарга С.Сүхбаатартай холбоотой хэрүүл маргаан өнөөдрийг хүртэл асуудал дагуулж явна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өнгөрсөн орон нутгийн сонгуулиас хойш тус аймгийн АН-ын хороо болон МАН-ын хороод өөр хоорондоо үл ойлголцон тэмцэлдсээр өнөөдрийг хүрсэн явдал юм. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дундговь аймагт нийтдээ 35 төлөөлөгч сонгогдохоос АН 15, МАН 17, бие даагч хоёр төлөөлөгч сонгогдож суудал хуваасан байдаг. Дүндээ бол эн тэнцүүхэн суудал авцгаасан ч МАН-ынхан засгаа авч хүслээ биелүүлжээ. Гэтэл бие даан нэр дэвшигч нар явцын дунд АН-ыг дэмжих болсон нь МАН-ын хүчийг сульдуулсан хэрэг болсон аж.

Мөн дээр нь өнгөрсөн хавар 4-р сард нэг тойрогт нөхөн сонгууль болж АН-аас нэр дэвшигч ялалт байгуулж намдаа нэг суудал авч ирэв. Гэтэл АН-аас сонгогдсон н.Уранчимэг гэгч төлөөлөгчийг ИТХ-д оруулж ирэлгүй, ИТХ-аараа хуулийн дагуу батламжлалгүй хойшлуулсаар хамаг ажлыг гацааж эхэлсэн байна. Нэг төлөөлөгчийг нь ИТХ-д оруулж ирэхийг намынхан нь удаа дараа шаардсан боловч одоогийн удирдлагууд нь асуудлыг огтхон ч шийдвэрлэлгүй муйхарлажээ. Аргаа барсан АН-ын хорооныхон нь олонхоороо хурлаа хийж үлдсэн нэг төлөөлөгчөө батламжилсан байна. Харин Засаг дарга С.Сүхбаатарын зүгээс ИТХ-ын дарга н.Буджавт нөлөөлж хурал хийхгүй байхыг үүрэгдэж суугаа гэнэ.

Түүнчлэн хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэх гэж яваа АН-ын дарга С.Од-Эрдэнийг Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар элдвээр дарамталж эхэлжээ. Ингэхдээ тэрээр АН-ын хорооны даргыг “Чам дээр хүнд хар чулуу буулгана шүү, аятайхан байгаарай” хэмээн удаа дараа сүрдүүлдэг болсон гэнэ. Энэ мэтчилэн бусдыг сүрдүүлж дарамталдаг явдал нь Засаг дарга С.Сүхбаатарын хувьд анхны тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн намар гэхэд аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Р.Цэрэндоржийг өрөөндөө дуудаж, хууль ёсны үүргээ гүйцэтгэсний нь төлөө хууль ёсны бус аргаар шаардлага тавьсан гэх үү, үүрэгдсэн гэх үү, ямар боловч биед нь гар хүрч, танхайрсан удаатай.

Ямартай ч Дундговийн удирдлагууд сандал ширээгээ алдахаас айн элдэв арга чаргыг хэрэглэсээр өнөөдрийн байдлаар төсөв, мөрийн хөтөлбөрөө ч батлуулалгүй зуун задгай жаран хагархай гэгчийн үлгэрээр бусдыг дарамтлан сууж байгаа юм байна. Ийнхүү өөрийнхөө хийгээд намынхаа эрх ашгийн төлөө зүтгэж төрийн ажлыг гацаадаг хувиа бодож довоо шарлуулагчид сүүлийн үед олширсон нь тус аймагт үүссэн асуудлаас бэлхэнээ харагдаж байгаа юм.

Ц.БОЛД


URL:

Сэтгэгдэл бичих