С.Дэмбэрэл: Зах зээлийн жамаар ард түмнийг хохироож болохгүй

aee3fb6094051020a55efd322fc79264_x3Ж.ЦОГЗОЛМАА

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ам.долларын ханш 1748 төгрөгт хүрлээ. Үүнээс болж ам.долларын зээлтэй хүмүүс, компаниуд ихээхэн алдагдал хүлээж, зарим нь үүдээ барихад ойрхон байна. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Энэ асуудал бүр долдугаар сарын сүүл­чээс л эхэлсэн юм шүү дээ. Тэр үед МХАҮТ компаниудаасаа мэдээлэл авч байлаа. Харин улс төр амарч, компаниуд ажиллаж байлаа. Валютын ханш өссөөр байгаад одоо 1760 болчихлоо. Хараад байхад аль аль талаасаа арга хэмжээ авах шинжгүй.

Холбогдох хүмүүсийнх нь өгч байгаа тайлбар нь “Зах зээлийн жамаараа явж байгаа” гэнэ. Тэгвэл зах зээлийн жамаар ард түмнийг хохироож  болдоггүй юм. Валютын ханшийн тодорхой төвшин юмны үнэд нөлөөлөөд, зугуухнаар өсөөд ирэх үед төгрөгийн худалдан авах чадвар унадаг юм. Түүнчлэн бизнес хийж байгаа хүмүүст ч хохиролтой болж ирдэг юм. Одоо экспортлогчдод ч ялгаагүй хохиролтой тусч байна. Экспорт хийхийн тулд импортын орц авдаг л байхгүй юу. Тиймээс нийт бизнест хохиролтой болчихлоо. Ялангуяа импортоор худалдаа хийдэг, завсрын бүтээгдэхүүн авч үйлдвэрлэлээ явуулдаг, дээрээс нь валютын зээлтэй, тендерт оролцсон компаниуд одоо зовж байна. Хажуугаар нь татварынхаа орлогыг биелүүлэх гээд компаниудыг дарамталж эхэллээ. Бас компаниудыг эрүүгийн хэрэгт татах хуулийн заалтууд байна. Энэ мэтчилэн хувийн хэвшлийнхэнд очих дарамт их байгаа учраас Ерөнхийлөгч бизнесмэнүүдийг хамгийн их дарлагдсан ард түмэн гэж хэллээ шүү дээ.

-Тэгвэл валютын ханшийн өсөлтийг хэрхэн зохицуулах вэ. Бизнесмэнүүдийн алдагдлыг яах вэ?

-2014 оны мөнгөний бодлогод энэ талаар өөрчлөлт оруулсан. Би өөрөө ажлын хэсгийн ахлагч байсан. Бас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны ажлыг хянах ажлын хэсгийн ахлагч нь байсан. Валютын ханшийн тухайд анхны төсөл дээр ганцхан л заалт орж ирсэн байсан юм. Тэр нь “Макро эдийн засгийн нөхцөлтэй нийцсэн валютын ханш цаашид уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтална” гэсэн нэг л өгүүлбэр байсан. Жил бүр л ийм өгүүлбэр орж ирдэг. Тиймээс энэ жил тэр өгүүлбэрийг нь өөрчилсөн. Валютын ханш бодитой тогтох нь зүйтэй. Гэхдээ төр гэж байгаа бол валютын ханшийн эрсдэлээс хамгаалдаг дэлхий дахины хэрэгжүүлж байгаа арга хэрэгслийг ашиглах бодлого хэрэгтэй. Бодлого гэдэг маань зүгээр сул тавьчихыг хэлдэггүй юм аа. Гэтэл валютын зах зээлд оролцогчдын тоо цөөн байна. Тиймээс ирэх оны мөнгөний бодлогод валютын зах зээлийг өөрчлөхөөр тохирсон.

-Яаж өөрчлөх юм бэ?

-Нэгдүгээрт, валютын үүсмэл хэрэгслийн зах зээлийг бий болгох, хоёрдугаарт, валютын ханшийн зах зээлд оролцогчдын тоог банк бус санхүүгийн байгууллагууд, томоохон экспортлогчид, импортлогчдыг оролцуулсан онлайн дуудлага худалдаа хэлбэрээр явуулах боломж байна. Гуравдугаарт, валютын нэрлэсэн болон бодит ханш тогтож байгаа үйл явцад дүгнэлт хийх, түүнийгээ макро эдийн засгийн бусад үзүүлэлттэйгээ уях чиглэлээр Монголбанкны мөнгөний бодлогын талаар гаргасан УИХ-ын тогтоол, нэг хэсэг заалт нь орж өгч байгаа. Нэг хэсэг заалт нь Эдийн засгийн байнгын хорооны хурал, протокол, Монголбанкны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд суух гэж байна. Тэгэхээр ирэх онд Монгол Улс валютын өөр бодлоготой явна. Ханшийг дур зоргоор нь тавих биш, харин удирддаг байх юм. Зөвхөн интервенцээр биш. Ингэх нь урагшлахгүй байна. Нөөцөө бараад дуусах нь. Тиймээс интервенцээс гадна валютын ханшийн эрсдэлээс хамгаалсан механизмыг нийт зах зээлд оролцогчдод бий болгох хэрэгтэй байна.

-Одоо 2013 он. Таны хэлж буй санаа ирэх онд хэрэгжинэ гэсэн хаягтай байна шүү дээ. Эдийн засагчид яг одоо л үр дүн хүлээж байна?

-Тийм ээ. Ирэх онд хэрэгжих бодлогыг зүгээр хараад суух уу гэсэн асуулт гарч байгаа юм. Валютын дотогшлох урсгалд ойрын 3-5 сард өөдрөг дүр зураг харагдахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтынхаа хуулийг дөнгөж саяхан баталлаа. Бас л өөдрөг дүр зураг харагдахгүй байна. Гэтэл одоо “Гадаадаас л мөнгө орж ирвэл валютын ханш тогтворжино” гээд байна шүү дээ. Тиймээс шаардлагатай бүх арга хэмжээг дараагийн зургаан сард хэрэгжүүлэхээр төлөвлөх ёстой. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх хуулийн заалтыг сайжруулах, сайн хянадаг болгохоос гадна компаниудаа, түүний дотор экспортын орлого оруулдаг компаниудаа янз бүрийн татварын шалгалт, мэргэжлийн хяналтынхны дарамтаар дарамтлахаа болих хэрэгтэй. Аль ч улсад хямралаас авч гардаг хүмүүс нь хувийн хэвшлийнхэн л байдаг. Энэ үед Монголбанкнаас валютын ханшид стандарт бус аргыг хэрэглэж болно шүү дээ. Ийм аргуудыг нь ч МҮХАҮТ-аас санал болгож байгаа.

-Дээрх арга хэрэгслүүдийг авлаа гэхэд компаниудын алдагдлыг нөхөж, иргэдийн амжиргаанд нөлөөлж амжих уу?

-Үнэхээр анхаарлаа хандуулж чадвал ханшийг гааруулахгүй байж болно. Ямар ч гэсэн одоо энэ арга хэрэгслүүд, стандарт бус аргуудыг ашиглахыг МҮХАҮТ түрүүлж дуугарч санал болгож байна. Ханшийн эрсдэлээс хамгаалах механизм чинь нэг өдрийн дотор хийгдчихдэг эд биш шүү дээ. Хугацаа авна. Энэ хооронд цаг алдахгүйн үүднээс валютын ханшийг удирдах арга хэрэгслээ ашиглах хэрэгтэй.

-Танхимынхан түрүүлж дуугарсан гэлээ. Гэхдээ олон хүн харин ч танхим оройтож байр сууриа илэрхийллээ. Ниргэсэн хойно нь хашхирав гэгч болж байна гэж үзэх нь ч байна лээ?

-Үгүй ээ үгүй. Бид аль хэдийнэ дуугараад эхэлсэн. CEO форумд би 650 бизнесмэний өмнө “Валютын ханшаас болж хохирсон хүн байна уу” гэхэд тэр хүмүүс бүгд гараа өргөж байсан юм. Өмнө нь бүр нэгдүгээр сард, ноднин жил, бүр тэгж яривал ирэх оны мөнгөний бодлогод санал болгосон шиг саналуудыг бид байнга тавьсаар ирсэн. Харамсалтай нь, тэр үед би УИХ-ын гишүүн байсангүй. Ямартаа ч УИХ-ын гишүүн болоод макро эдийн засаг, мөнгө, төсвийн бодлогод  анхаарал тавих ёстой гэж ажилласан. Мөнгөний бодлогын ажлын хэсгийг ахлаад ямар ч гэсэн зарчмын хувьд огт өөр мөнгөний бодлого орсон. Энэ бол зөвхөн инфляцийг онилох биш, эдийн засгийн оролцоотой өсөлтийг томъёолох гэж би хэлдэг юм. Тэр нь бизнесийн орчныг сайжруулах, санхүүгийн орчныг сайжруулах, бизнесийн санхүүжилтийг сайжруулах явдал. Энэ талаар дуугардаг ганц байгууллага нь МҮХАҮТ л даа. Танхим оройтож дуугараагүй ээ. Харин засаг оройтож ойлгож байна. Танхим байнга эртэч шувуу шиг дуугарч байсан бол засаг шар шувуу шиг орой ойлгож байна л даа.

-Тэгвэл та УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэзээ анх удаа ам.долларын ханшийн талаар, бас ам.долларын зээлтэй хүмүүсийн талаар мэдэгдэл хийсэн юм бэ?

-УИХ-д орж ирснээсээ хойш “2013 оны төсөв хагас халамжийн төсөв байх нь. Валютын ханшийг удирдах ёстой шүү” гэдгийг байнга л дуугарч байна. Ер нь энэ чиглэлээр юм хийх шинжгүй, урсгалаар тавих гээд байна. Тиймээс ирэх  оныг хүлээлгүй арга хэмжээгээ авч эхэлье гэж өнгөрсөн лхагва гаригт Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк Эдийн засгийн байнгын хороон дээр хуралдлаа. Өнгөрсөн хугацаанд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дэх байгууллагууд валютын ханшийн талаар тодорхой ажил хийгээгүй. Зөвхөн Монголбанк интервенц хийж, ханшийг тогтоох гэж оролдож байна. Тиймээс дээрх болсон уулзалтаар ерөнхийдөө ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг дараагийн зургаан сард ханшийг гааруулахгүй байх, ханшийг 2000 хүргэхгүй байх, 1700 гэсэн ханшийг бууруулах бүх арга хэрэгслийг хэрэглэнэ.

-Зарим бизнесмэн таныг УИХ-д сонгогдсон учраас ам.долларын ханшийг зохистой төвшинд барих бодлогод нөлөөлж, шийдвэр гаргуулах байх гэж харж байсан гэдэг. Гэтэл ханш 1700 давж, 1800 руу дөхөж, ам.долларын зээлтэй хүмүүс хохирлоо. Та тэдэнд ямар хариулт өгөх вэ. Эсвэл ганц хүн дуугараад санал нь цуурай болоод байна уу?

-Нэг хүн нөлөөлж болно л доо. Нөлөөлж эхэлж байна. Ингэвэл онгирсон хэрэг болчих байх. Мөнгөний бодлогод валютын ханшийн талаар нэг өгүүлбэр байдаг байсан бол би зургаан өгүүлбэр болголоо. Бодлогынх нь чиглэлийг гаргаад өглөө. Гэхдээ Дорж гэдэг иргэн, Дондог гэдэг бизнесмэн хохиролтой байгааг шууд Дэмбэрэл гэдэг хүн хэлээд л болчихдог эд биш шүү дээ. Би өөрийнхөө хэмжээнд л, УИХ-аас гишүүний хувьд олгогдсон эрх мэдлийн хүрээнд, надад байгаа хуримтлуулсан туршлагынхаа хүрээнд нөлөөлөх бодлогынхоо баримт бичигт нөлөөлөөд сууж байна. Дээр нь шуурхай байдлынхаа талаасаа өөрөө санаачлаад дээр дурдсан байгууллагуудын удирдлагуудыг уриад, Эдийн засгийн байнгын хорооны дарга нь сууж байгаад дараагийн зургаан сард валютын ханшийг гааруулахгүй байх, тогтвортой байлгах, бууруулах боломжуудыг гаргаад ир гэж ярилцлаа.

Энэ бол хожимдсон арга хэмжээ биш. Яагаад гэвэл өмнө нь бүр тавдугаар сард энэ чиглэлээр Эдийн засгийн байнгын хороо тогтоол гаргаж байсан. Энэ оны нэгдүгээр сард хүртэл “Хэрэв ийм байдлаар Засгийн газар хариуцлагагүй явбал валютын ханш асар их сулрах нь байна шүү” гэж Монголбанкны хурлын протоколд гурван удаа сануулсан байдаг юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, манай төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо их муу байна. Ханшийг суларна гэдгийг мэдэж байсан хэрнээ арга хэмжээ аваагүй л байхгүй юу. Тэр байтугай валютын ханш ид суларч байх үед буюу долдугаар сард бүх хүн амарчихсан байхад Монголбанк өөрт хуулиар олгогдсон интервенцээ хийж байхад Засгийн газрынхан байхгүй байсан. Ерөнхий сайд тухайн үед ярьж байсан л гэж байна. Гэхдээ тэр нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн протокол дээр нь байдаггүй. УИХ-ын дарга ямар сайндаа Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргыг дуудаж олны өмнө загнаа биз дээ. Гэтэл тэр шалтгаан биш байхгүй юу. “Найман шарга” шалтгаан биш. Тэнд ханшин дээр тав, арван төгрөг нэмж зардаг хэдэн хүн л бий. Санхүүгийн зах зээлийн 96 хувьд нь биш, дөрвөн хувьд нь л байдаг хүмүүс. Хамгийн гол нь засгийн төсвийн бодлого юм. Хөрөнгө оруулалтын бодлого нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш уялдаа холбоогүй явж ирлээ. Монголбанкны дүгнэлтээр бол энэ оны нэгдүгээр сарын 20-ны хавьцаа үеэр Засгийн газарт сануулж байсан. Тухайн үедээ захидал бичиж байсан.

-Засгийн газар гэснээс Ерөнхий сайд валютын ханш өсгөсөн хэргийн эздийг олчихсон, удахгүй зарлана гэснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Та ажлын хэсгийн ахлагчийн хувьд, бизнесмэнүүдийн төлөөллийн хувьд энэ тухайд чих тавьж л байгаа биз дээ?

-Хөөрөгдсөн хүмүүсийг олсон гэж байгаа нь хувь хүмүүсийн асуудал биш байхгүй юу. Энэ бол институцийн үр ашгийн асуудал. Тэрнээс биш А гэдэг валют солилцооны цэг дээр ханшийг нэмж зарж байгаа биш, банкуудын 7-9 дүгээр сар хүртэлх өдөр бүрийнх нь ам.долларын гүйлгээ, банк бус санхүүгийн байгууллагууд буюу валютын цэгүүдийн өдөр бүрийн гүйлгээг харахаар сонин юм ажиглагддаг юм. Валют солилцооны цэгүүд чинь арилжааны банкуудын зарласан ханшин дээр 10-15 төгрөг нэмж байна. Гэтэл зарим үед дамын хүчин зүйл нөлөөлөх нь байна. Зарим үед ханш 50-80 төгрөгөөр хүртэл нэмэгдчихсэн байдаг юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр валютын ханшид дамын хүчин зүйл нөлөөлсөн гэсэн үг. Олон тендер зарлахад л валютын эрэлт нэмэгдэнэ шүү дээ. Ирэх оны төсөв батлагдлаа. Удахгүй шинэ жил болно. Энэ хэрээр дахиад л эрэлт нэмэгдэнэ. Тиймээс тэвчиж болох валютын зарлагын захиргааны арга байж болно. Ингэснээрээ хөрөнгө оруулалтын ажлууд зогсоно. Гэхдээ валютын ханш тогтворжино.

Ерөнхий сайдын хувьд үнэхээр тэр дөрвөн хувьд нь багтаж байгаа хүмүүсийг хэлсэн бол энэ хаяг нь биш. Валютын ханш өсөөд байгаа шалтгаан нь манай эдийн засгийн суурь шалтгаан буюу гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого багассанаас гадна валютын ханшийн бодлого, Монгол Улсын мөнгөний болон төсвийн бодлогын уялдаагүй байгаагаас л болж байна. Түүнээс биш эзэн гэж байхгүй. Эзэн гэвэл өөрөө төр. Хөрөнгө оруулалт яагаад багассан билээ, буруу хууль батлаа биз дээ. Сая түүнийгээ заслаа шүү дээ. Экспортын орлого яагаад багассан юм, “Чалко”, Хятад гээд бөөн юм болоо биз дээ. Ийм субьектив шалтгаанууд их байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Дорж, Дулмаа гэсэн буруутныг хайхаасаа илүү төрийнхөө үйл ажиллагааг л сайжруул гэсэн үг. Ерөнхий сайд тэгж хэлснийг би мэдэхгүй. Гэхдээ эзэн нь хэн юм гэхээр төр өөрөө.

-Ерөнхий сайд “Ам.долларын зээл авсан хүмүүс нь ам.долларын орлоготой учраас алдагдал хүлээх зүйлгүй” гэж хэлсэн байна лээ. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Манай бизнесмэнүүдийн маш цөөхөн хэсэг нь ам.долларын орлоготой байгаа. Хэдийгээр экспортлогчид ч гэсэн тэд импортоор бараа бүтээгдэхүүнээ авдаг л байхгүй юу. Тэгэхээр ханш өнөөдөр зөвхөн импортлогчид гэлтгүй экспортлогчдод ч алдагдалтай болгож байна. Тэгэхээр ханш нь өсчихвөл импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өсчихвөл яах вэ.

-Тэгвэл Ерөнхий сайд ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болох юм уу?

-Энэ бол хариуцлагагүй мэдэгдэл биш. Энэ бол дутуу мэдээлэл дээр суурилсан зүйл. Засгийн газар мөнгөний бодлогыг сайн судлаад төсвийн бодлоготой нь уялдаж байна уу гэж харах асуудал. Өнгөрсөн хугацаанд ханшийн өсөлтийг экспортлогчдод ашигтай мэтээр тайлбарлаад байсан. Энэ бол сурах бичиг дээр л байдаг зүйл. Бодит амьдрал эсрэгээрээ байна. Өнөөдөр бүгд хохирч байна. Ялангуяа, хувийн хэвшлийн олонхийг бүрдүүлдэг жижиг, дунд бизнесмэнүүд. Импортлогчид бас их хохирч байна. Импортлогчдыг үзэн ядаад байх юм байхгүй шүү дээ. Тэд чинь ард түмэнд хэрэгцээтэй барааг хурдан оруулж л ирдэг байхгүй юу.

-Ингэхэд яг одоо валютын ханшийг гааруулахгүй байхад ямар ажил хийх гэж байна вэ?

-Валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын талаар байнгын хорооны тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулсан. Энэ бол гурав дахь ажлын хэсэг нь. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтарсан нэг ажлын хэсгийг нь би ахалсан. Хоёрдугаарт нь, Мөнгөний бодлогыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг бас ажиллалаа. Одоо нэмж валютын ханшийг тогтворжуулах талаар юу хийж болох вэ гэдэг дээр Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд нь ороод, Эдийн засгийн хөгжлийн сайд нь ороод, би, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, А.Тлейхан орсон, намуудын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдаад Д.Зоригт гишүүн ахалж байна. Тэгэхээр төр, УИХ зүгээр суухгүй байгаа биз дээ.

-Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх тухай хуулиар зээлийг ам.доллараар авч болдог хэр нь бараа бүтээгдэхүүнийг ам.доллараар зарж болохгүй гэж байна. Ингэхээр энэ хууль нь өөрөө валютын ханшийг өсгөхөд нөлөөлөөд байгаа юм биш үү?

-Наадах чинь л одоо яригдаад байна. Долларжилт бол муу. Энэ тохиолдолд стандарт бус арга хэмжээ авахыг манай танхимаас санал болгож байгаа юм. Ам.долларын зээл, төгрөгийн хадгаламжийн зохистой харьцааг нь тогтоогооч гэж байгаа юм. Өөрөө хэлбэл, хадгаламж эзэмшигч болон компаниуд аль болохоор төгрөгийн зээл авах сэдэл, санааг нь өрнүүлэх зохистой харьцааг арилжааны банкуудад эхний ээлжинд заагаад өгчих. Төвбанк нь үүнийг хэлээд өгвөл арилжааны банк дагахаас аргагүй л болно. Тэгвэл ард түмэн чинь төгрөгөө ам.долларт шилжүүлэх гэж ханш дахин өснө гэсэн хүлээлттэйгээр гүйхээсээ илүү монгол төгрөг тогтвортой байх юм байна. Яагаад гэвэл Төвбанк ийм арга хэмжээ авч эхэлсэн юм байна. Арилжааны банкууд ч үүний дагуу ажиллаж байна гэж үзсэний үндсэн дээр төгрөгтөө итгэх итгэл эргэж сэргэнэ. Нөгөө талаас энэ хууль чинь өөрөө сайн хэрэгжихгүй байгаа. Манай зарим хуульд ам.доллараар тооцоо хийхийг гааль, онцгой албан татвар дээр зөвшөөрчихсөн байгаа. Энэ хуулиудыг яаралтай өөрчлөх үүрэг өгөгдчихсөн. Энэ хуулиудыг ердийн хууль шиг авч үзээд, нэг их удаан хүлээлгээд байх юм байхгүй. УИХ-ын хийх ажил бол урт  дараалал дундуур дайрж ороод л иймэрхүү шинэчлэлийн чанартай хуулиудыг хурдан батлаад өгөх хэрэгтэй.

-Ер нь энэ хуульд байгаа ам.доллараар зээл өгнө гэсэн заалтыг нь бүр хасчихаж болдоггүй юм уу. Хүмүүст хүү нь бага болохоор ам.долларын зээл ашигтай юм шиг харагдаад байдаг юм билээ?

-Тийм амархан байсан бол эдийн засаг, онол ч гэж байх хэрэггүй л дээ. Нэг хэсэг нь хожиж байхад нөгөө хэсэг нь хохирно шүү дээ. Төвбанк өөрийнхөө харьяанд байгаа 13 арилжааны банкинд бодлогоороо иргэдийн хадгаламжаа төгрөгөөр хийх сонирхлыг нь, зээл авах сонирхлыг нь өдөөх арга хэмжээг албаны бус зөвлөгөө маягаар хийж өгмөөр байгаа юм. Дээр нь энэ үзүүлэлтүүдийг маш сайн хэрэгжүүлсэн банкуудаа заавал байлгах нөөц ч гэдэг юм уу, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтэд нь уян хатан байхаар урамшуулж болно. Энэ бол уян хатан бодлогын л асуудал юм.

-Таныг харахад зөвхөн МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байсан үеэсээ илүү зөөлөрсөн мэт санагдлаа. Засгийн газрыг ч хатуухан шүүмжилдэг байсан шүү дээ. Харин одоо бол судалгаа муутай байна гээд л жаахан бөөрөнхийлөөд байна уу?

-Үгүй үгүй. Харин ч би илүү хүчтэй байгаа. Дотор нь ороод бодлогын алдаануудыг нь олж харж байна шүү дээ. Өмнө нь би мөнгөний бодлогыг шүүмжилдэг байсан. Таван жил шүүмжиллээ. Гэтэл энэ жил өөрчилчихлөө шүү дээ. Харин энэ жил би төсөвт орж чадаагүй. Чадах хэмжээгээрээ санал гомдлоо өгөөд, цаасан дээр “Хариуцлагагүй төсөв” гэж бичээд явж байсан. Дараа жил би төсөвт илүү гүнзгий оръё гэж бодож байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих