МАН-ын удирдлагууд Төв, Архангайд ажиллав
МАН-ын дарга М.Энхболд, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Су.Батболд, төвийн бүсийг хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, Хяналтын хорооны дарга Л.Цагаанхүү нар өнгөрсөн пүрэв гаригт Төв аймгийн гишүүд дэмжигчидтэй уулзлаа. МАН-ын удирдлагууд намын Их хурлаас гаргасан бодлого шийдвэрийг иргэддээ танилцуулах, жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсох гэж Монгол орны дөрвөн зүг найман зовхист хүлгийн жолоо залж буй билээ.Энэхүү уулзалтын салхийг хагалж МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Юун түрүүнд тэрбээр МАН-ын түүхэн XXVII Их хурлаас гаргасан томоохон бодлого шийдвэрүүдийг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ерөнхийдөө МАН гэдэг их айл улс эх орны жолоог зөв залахын тулд цаашид юу хийвэл зохих тухай яриа болж өнгөрөв. Мэдээж гэрээ засаад төрөө зас гэгчээр намын шинэчлэлийн асуудал хамгийн түрүүнд яригдах нь тодорхой. Тиймээс энэ удаагийн Их хурал шинэчлэлтэй, дотоод ардчилалтай, амжилттай болж өнгөрснийг М.Энхболд ярианыхаа эхэнд дурдлаа. Тэрбээр цааш нь, Их хурлын томоохон шийдвэрийн нэг нь улс эх орны язгуур эрх ашгийн төлөө улстөрийн хүчнүүд зөвшилцөлд дуудаж байгаа явдал гэв. Энэ ажлын хүрээнд намын дарга нартай уулзалт зохион байгуулсан. Эрх баригч АН, ИЗНН-ын дарга нараас бусад нь хүрэлцэн ирсэн билээ. Монголын улстөрийн хүчнүүд ямар асуудалд зөвшилцөхөөр болсныг ч энэ үеэр иргэдэд танилцууллаа. Монголыг хөгжилд түүчээлэх хөгжлийн баримт бичигтэй байх хэрэгтэй гэж намууд үзжээ. Мөн залуусын боловсрол, хүмүүжлийн асуудал, гадаад харилцаа тэр дундаа хоёр хөрштэйгээ харилцах харилцаанд түлхүү анхаарах, Үндсэн хуулийг дордуулсан гэгддэг долоон заалтыг эргэн харах, манайд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрт намууд нэгдсэн байр суурьтай байх зэрэг асуудлыг авч хэлэлцэн санамж бичигт гарын үсэг зурснаа хэллээ. Үүний дараа Их хурлаар намын дарга, генсекийг хэрхэн сонгосон. Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын хорооны шинэ бүтэц бүрэлдэхүүний онцлог юу байв гэдгийг нэгбүрчлэн тайлбарлав. МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дэд даргын хувьд улс орны эдийн засаг, аж амьдрал ямар дүр төрхтэй байгааг иргэдэд ний нуугүй ярьцгаав. Танхимд хүрэлцэн ирсэн настнуудын олонхи нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх үү гэх нийтлэг асуулттай байлаа. Ирэх оны төсөвт үүнийг хэрхэн тусгасан, аймаг орон нутаг ямар бүтээн байгуулалт хийх гэж буйгаа ч ярилцав. Төв аймгийн театрыг 800 хүний суудалтай болгон өргөжүүлэхээр хөрөнгө мөнгийг нь шийдсэн байна. МАН-аас цалин тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмэгдүүлэхийг шаардсаны хүчинд нэмж 35 тэрбум төгрөг хуваарилсныг хэлэв. Юутай ч эрх баригчид хэзээ нэмэхээ хэлээгүй ч 235 тэрбум төгрөг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуулагдах болсон ч үүнийг хангалтгүй гэж үзэж буйгаа сөрөг хүчин хэлсэн. Тэрбээр “Ирэх оны улсын төсвийн орлого 6.9 их наяд, зарлагыг 7.2 их наяд төгрөгөөр тооцсон. Өмнөх жилийнхтэй харьцуулахад орлого буурсан. Хөрөнгө оруулалтын зардалд нэг их наяд төгрөг төлөвлөжээ. 2013 онтой харьцуулбал 400 тэрбумаар багассан. Гэтэл урсгал зардал 5.1 их наяд болж энэ оныхоос 200 сая төгрөгөөр өссөн байна. Валютын ханшийн савлагааг тооцохгүйгээр ирэх онд 1384 төгрөгт барина гэж баталсан. Бид эсэргүүцсэн ч эрх баригчид зөрүүдэлсээр баталлаа. Өргөн нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байхад энэ онд цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмээгүй” гэлээ. Намын даргыг үг хэлж дууссаны дараа танхимд хүрэлцэн ирсэн иргэдийн санал сэтгэгдлийг сонссон юм. Намын удирдлагуудаас ахмадууд цалин нэмэхийг хүсч байсан юм. Өдрөөс өдөрт гурил будааны үнэ өсч байхад бид яаж амьдрах юм. Цалин нэмж өг гэж зандрангуй хэлэх нэгэн ч байв. Түүнчлэн банкнаас тэтгэврийн зээл авахад хүндрэлтэй байгааг ч учирлаж байлаа. Түүнчлэн төр засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй ахмадууд цөөнгүй байсан юм. Тэдний нэг намын ахмад гишүүн Г.Далантай юм. Тэрбээр “Манай улстөрчид сүүлийн үед бонд гэж ярих боллоо. Би мэдэхгүй юм. Монгол хэлний тайлбар толиос харвал луйврын бичиг гэсэн байх юм. Ард түмэнд ашигтай зүйл биш юм. Бондыг авахад урьдчилсан бэлтгэл хэрэгтэй. Газар нутгаа дэнчин тавьж энэ зээлийг авч байгаа. Одоо Японоос “Самурай”, удахгүй Хятадаас “Сү Шү Жан” гэх бонд авчрах нь л дээ. Бидний ач гуч нар өр, зээлд дарагдах нь” хэмээн бухимдангуй хэллээ. Гишүүдийн олонхи нь сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж байгааг онцолж байсан юм. Үүнийг оюутнуудад олгох үндэсний тэтгэлгийг олгоход хувь нэмрээ оруулсан. Улсын өрийн хэмжээг 60 хувьд хүргээгүй зэргийг үнэлж байлаа. Төв аймгаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Су.Батболд гишүүнд хаягласан асуулт цөөнгүй ирсэн юм. Тухайлбал, аймгийн хот тохижуулах газарт хог ачих гурван машин шаардлагатай байгааг олгохыг хүсчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төслийг дэмжиж өгөхийг гуйсан захидал ч ирсэн байна. Су.Батболд гишүүн дээрх асуудлыг зохих шатанд нь уламжилж өгөхөө амласан. Тэрбээр цааш нь Төв аймгийн хүн намын дарга болсонд баяртай байгаагаа хэлээд аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө гар бие хайрлалгүй зүтгэнэ гэв. МАН засгийн эрхийг барихдаа цалин, тэтгэврийг 10-30 хувь хүртэл нэмэгдүүлснийг сануулсан юм. Тухайн үед нэмсэн атал иргэд цалингаа нэм гэж шаарддаг байсныг сануулаад одоо нэг төгрөгөөр нэмэхгүй байхад асуудалд тэвчээртэй, хүлцэнгүй хандаж байгааг хэлэв. Үүгээрээ иргэдийг цалин нэмэхийг шаард гэж турхирсан хэрэг биш. МАН иргэдийнхээ зовлонг илүү ойлгож мэдэрдэг байсан. Хойшид ч энэ хэвээрээ байх болно гэдгийг илэрхийлэхийг хүсчээ. Иргэдийн санал хүсэлтээ илэрхийлж дууссаны дараа МАН-д шинээр элсч буй залууст намын бат илэрхийллийг гардуулсан юм. Мөн намдаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудын энгэрийг мялаалаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан баг XXVII Их хурлынхаа шийдвэрийг ард түмэнд танилцуулахаар арын сайхан нутаг Архангай аймагт ажиллахаар Улаанбаатар хотоос өглөөний таван цагт мордлоо. Өвлийн эхэн сар аль хэдийнээ гарсан ч энэ жил дулаахан сайхан өнтэй өвөл болох шинжтэй. Архангай аймаг нийслэлээс 500 км зайд оршдог. Зам дагаад хөгжил ирдэг гэдэг. Энэ зун зам засварын ажил хийгдсэн болохоор бартаагүй, хар замаар явсаар бид үдэд 13 цагийн үед Цэцэрлэг хотод орж ирлээ. Аймгийн төвд сүндэрлэх Булган уул нутгийн хүүгээ хүлээсэн мэт цаанаа л ихэмсэг, өөриймсөг дүнхийнэ. Их хурлынхаа шийдвэрийг ард иргэдэд танилцуулах баг бүрэлдэхүүнийг Архангай аймгийн МАН-ын болон НАМЗХ-ны гишүүд хүлээн авсан юм. Үүний дараа нутгийн иргэд сонгогчдын уулзалт эхэлсэн юм. Генсекээр удирдуулсан энэхүү багт УИХ-ын гишүүн О.Содбилэг, Я.Содбаатар, Л.Энхамгалан, Бага хурлын гишүүн Ц.Батбаяр нар багтан баруун бүсийн аймагт ажиллаж байгаа юм. Тэднийг Архангай аймагт ажиллах сургаар нутгийн зон олон аль хэдийнээ театраа цугларсан байлаа. Нутгийн хүүгээ МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсонд ард иргэд ихэд бэлэгшээж, амжилтын их уухайгаар алга ташин угтаж авсан юм. Уулзалтын эхэнд Ж.Мөнхбат МАН- ын Их хурлын шийдвэр, хийх ажлын зорилго, бүтэц, зохион байгуулалт болоод хурлын эргэн тойрон дахь шинэ соргог мэдээллийг ард түмэндээ хүргэлээ. Түүнчлэн улстөрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн байдлыг товчхон танилцуулж, иргэдийн амьдрал болоод эх орны хөгжлийн талаар мэдээлэл өгсөн юм. Уулзалтын үеэр архангайчууд ард иргэдийн амьдрал туйлдаа хүрч, доройтсоор байгаа. Өдрөөс Их жанжин Д.Сүхбаатарын санаачилсан үндэсний өдөр тутмын анхдагч сонин өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Шинэчлэлийн Засгийн газар гэж өөрсдийгөө өндөрт өргөмжилсөн эрх баригчид яагаад үнийн өсөлтөнд анхаарал хандуулахгүй байгаа. Тэд ер нь гурил, будаа иддэг юмуу. Гурил, будаа, махны үнэ хэрхэн өсч байгааг эрх баригчид мэдэж байгаа болов уу. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам цалин, тэтгэвэр тэтгэмж болоод оюутны 70 мянган төгрөгийг нэмнэ гэж амлаж гарч ирчихээд яагаад нэмэхгүй байна гэх мэтчилэн гомдлын үгийг ар араасаа унагаж байсан юм. Тэдний авдаг цалин, тэтгэвэр тэтгэмж хаанаа ч хүрдэггүй. Тухайлбал, аймгийн ахмад настан Даваа гуай “ Сүүлийн хэдэн сар манай аймагт бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй нэмэгдэж байна. Тэтгэвэр гэж 100 гаруй мянган төгрөг авна. Авсан мөнгө нь амьдралд хүрдэггүй. Залуу насандаа эх орныхоо төлөө хөдөлмөрлөж явсан. Ахмад настнуудаа анхаарал хандуулахгүй хаядаг төр засаг байгаад нэмэр алга. Иргэдийн амьдрал доройтож байна. Ам бүл олуулаа, ажилтай хүн манай гэрт цөөхөн. Хоногийн хоол, түлээ нүүрсээ ч авч чадаагүй. Энэ жил зутруухан өвөлжих бололтой” гэсэн юм. Архангай аймагт АН гарсан цагаасаа хойш ард түмнээ алагчлах болжээ. Нэг намын дарангуйллаас болж мэдлэг боловсролтой залуус нутагтаа ажиллаж, амьдрах боломж хомсдож байгаа гэдгийг залуучуудын төлөөлөл онцолж байлаа. Түүнчлэн Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого шийдвэрийн талаар иргэд ам уралдан ярьж, зарим ойлгомжгүй зүйлсийг УИХ-ын гишүүдээс асууж тодруулж байсан юм. Иргэдийн ихэнх нь Засгийн газрыг хэдэн хөшөөгөө нааш цааш нь нүүлгэж, “Чингис” бонд гэх их өр тавьж, Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж, бүхий л зүйлсийг Чингис нэртэй болгож, төрийн албыг төрлийн алба болгож байгаад ахмадууд харамсч байгаагаа илэрхийлсэн юм. Эл байдалтай яагаад Ардын нам тэмцэж болдоггүй юм бэ гэж ам асуух иргэд ч олон байна лээ. Ард иргэдийн амьдралын бодит дүр төрхийг төр засгийнханд уламжилж өгөхийг хүсч байсан юм. Энэ үеэр Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын нөхөн сонгуулиар МАН-аас өрсөлдсөн П.Гомбодорж ялсан гэдгийг намын гишүүд Их хурлаас хойш гаргасан анхны ялалт гэж баяртай мэдэгдэж байсан юм. Түүнчлэн МАН-ын удирдлагууд улс орны эдийн засаг, нийгмийн асуудалд онцгой анхаарч, хөгжлийн томоохон баримт бичиг боловсруулан гаргасныг иргэд ихэд сайшааж байлаа. Мөн Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нутагтаа ирэхгүй байгаа энэ үед МАН-ын гишүүд ирж ард иргэдийнхээ амьдралтай танилцаж, санал шүүмжлэлийг сонсч нээлттэй илэн далангүй ярилцсанд талархаж, ажлын амжилт хүслээ.
Ц.ОЮУНТУНГАЛАГ
С.ИЧИНХОРЛОО
С.ИЧИНХОРЛОО
URL: