МАН-ын зарим гишүүн Увсын хоёроо эргүүлэн татах ёстой гэдэгтэй санал нийлжээ
Ардын намынхан сүүлийн үед нэгэн тойргийн маргааны асуудлаар хоёр хуваагдаж буй гэх мэдээлэл дуулдах боллоо.
Шалтгаан нь Увсаас сонгогдсон хоёр гишүүнээ УИХ-аас эргүүлэн татах уу, болих уу гэдэг асуудлаар ийн “талцаад” байгаа аж.
Тэдний нэг хэсэг нь “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-аас эргүүлэн татах хэрэгтэй. Эс тэгвэл манай намаас сонгогдсон гишүүдэд “халдварлаж”, мөнгө тарааж сонгогдсон хэмээн ойлгогдож мэдэх юм” хэмээн болгоомжилж байгаа гэнэ.
Харин эсрэг тал нь “УИХ-аас хоёр гишүүнээ “алдана” гэдэг “хүнд гарз хохирол” болно. Тэд бол санхүүгийн асар том хүч. Ийм үед тэр хоёроос зүсээ буруулах нь 2016 оны сонгуулиар “Салхины эсрэг хараад сарихаас ч эвгүй үр дүнд хүргэж мэднэ шүү” хэмээн анхааруулсан сурагтай.
Товчхондоо энэ бүхэн тус тойрогт болон тэндээс сонгогдсон гэх хоёр гишүүн “асуудалтай” гэдгийг илтгэж байна.
Тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын хувьд тэгтлээ улайрсан, шүүхдсэн нөхцөл байдал үүсээгүй байхад яагаад ийм маргаан үүсэв. Тэр тусмаа асуудал МАН-ын талд шийдэгдчихээд гишүүд нь тангарагаа өргөчихөөд байхад шүү.
Юуны өмнө нэр дэвшигчийн өмнөөс тэдний шадар туслах, бие хамгаалагч нар ял эдэлж байгаа нь олон нийтэд таалагдаагүй. Энэ нь ирэх сонгуулиар сонгогчдод жигших сэтгэгдэл төрүүлэх нь лавтай. Тэр ч байтугай “Ар гэрийг чинь жаргаая, эрх чөлөөгөө эрх мэдлээр минь сольчих” гэх санал тавьсан тохиолдолд ард түмэн тэднийг хүндэлж хайрлах болов уу гэдэг эргэлзээтэй.
Тэгвэл энэ тохиолдолд Ардчилсан намынхан ямар байр суурьтай байна вэ гэдэг бас сонирхолтой. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт Увсын тойрогт АН-аас нэр дэвшигчид намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бас бус чухал албаныхантай уулзсан гэнэ.
Ер нь Ардчилсан намынхан олсон ялалтдаа бардаж илтэд ялсан зарим тойрогтоо төдийлөн анхаарал тавилгүй, “Би л сонгогдсон бол боллоо” гэсэн харь хөндий сэтгэлээр хандсан гэдгийг жирийн гишүүд, дэмжигчид хэлсээр байгаа.
Түүнчлэн АН-ын даргын зүгээс тэртэй тэргүй фракци хоорондын тэнцвэрийг хангах, дээр нь хамтарсан намуудынхаа эв нэгдэл гээд Ерөнхий сайд болсноосоо хойш “үсээ бууралттал” толгойгоо өвтгөж буй. Дээр нь нам дотор нь жигүүр байгуулагдаж, тэд “Дарханы Засаг даргын асуудлыг яах гэж байна”, “Хөвсгөлийн Засаг даргыг солихгүйгээр алдарт шинэчлэлээ хийх юм уу” хэмээн амыг нь асуусаар байгаа билээ.
Үүний дээр “МАН-ын зарим гишүүн хүртэл Увсын тойргийн сонгуулийг маргаантай болсон гэж үзсээр байхад чихнийхээ хажуугаар өнгөрөөж сөрөг хүчнээс хоёр суудал хасах хүсэлгүй байгаагийн шалтгаан нь ямар тохироо байж таарах вэ” гэдэг шинэ тааврыг дэвшүүлээд байна.
Нээрээ, үүний цаана юу байж болох вэ. “Кроун” фракцийн шинэ төлөөлөл намын даргад чухал асуудал биш байж болох ч УИХ-ын сонгууль шударга явагдсан байх ёстой. Үүний төлөө ардчиллын тод төлөөлөл, АН-ын дарга, Ерөнхий сайд маань зүтгэнэ гэж бодож байна. Тэр шинэчлэл нь ч үүнээс эхлэх учиртай. Фракци хоорондын маргаан ч мөн адил. “Олон намын тогтолцоотой, ардчилсан оронд байдаг л асуудал” гэж тэд шууд хариулдаг. Тэгэхээр нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар хийгээд тэдний харьяалагддаг фракци, жигүүрийнхнийг дэмждэг үзэл санаа зэргээс үл хамааран намынхаа хоёр нэр дэвшигчийг дэмжиж таарна биз ээ.
Өнөөдөр УИХ дахь Увсын төлөөллийг хар даа. Туршлагатай, тулхтай парламентч Ц.Нямдорж л гэхэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан бүр дээр шинэчлэлийн Засгийн газрын хийсэн болон хийх гэж буй ажил үйлсийн өөдөөс “хар будаг” цацах болсон. Учир нь түүнийг хамгийн шударга хүн гэж итгэдэг хүн олон учраас ярьсан бүхэндээ үнэнээс гажсан хачир нэмээд байж болно гэж бодсон бололтой. Тэрбээр шинээр сонгогдсон зарим гишүүнийг хайр найргүй шүүмжилж хатуу үгээр загнадаг ч өөрөө мөн л пропорциональ системийн “ач”-аар парламентад багтсан билээ.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын тухайд өмнөх парламентад байснаа бодвол харьцангуй цөөн дуугарах болсон “шаналан” нь төсөв батлах үеэр арилж мэддэг сэдвээрээ ам нээж олон нийтэд нүүр хагараад байгаа. Гэхдээ л олон нийт тэдний бие хамгаалагч, туслах асан, эдүгээ ял эдэлж буй тэр залуусыг эзэндээ хэлэлгүйгээр эд бараа тараасан гэдэгт хэзээ ч итгэхгүй биз ээ. Харин тэд ямар аргаар АН-ын даргын “амыг үдэв”. Хэчнээн завгүй байсан ч намын дарга хүн парламентад хоёр суудал нэмэх асуудлыг хойш тавина гэж баймааргүйсэн.
Дээр нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуралдааныхаа дүнг асуудлаа шийдүүлэх гэж буй маргааны эздэд танилцуулахгүй байгаагаас болж тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Яг ийм байдал УИХ-ын 26 дугаар тойргийн маргаан дээр ч бас ажиглагдаж байсан. Үр дүнг нь санаж байна уу. Энэ бүх асуудлаа ойрын үед шийдэхгүй бол Дархан, Хөвсгөл, Увс гээд энд тэндгүй Ардчилсан нам дахь бослогууд “шил даран гарч мэдэхээр дүр зураг харагдаж байна. Тодорхойгүй бүхний цаана “но” байдаг учраас ямар ноцтой зүйл нуугдаж буйг олон нийт сонирхоод байгаа хэрэг.
У.Оргилмаа
URL: