МАХН-ын олгой тогоондоо хагарсангүй
Тэд ар араасаа хурал цуглаан хийж, нэгдэж нийлэх, салах сарних, огцруулах тухай ам амандаа ярьж эхэлсэн буухиаг МАХН-ынхан үргэлжлүүлэв. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан ням гарагт Бага хурлаа хийв.
Гэхдээ сүр дуулиан болсонгүй. Сүрхий хүлээлт ч үүссэнгүй. МАХН гэх улс төрийн нам парламентад суудалтай ч улс төрийн хүрээлэлд төдийлөн анхаарал татаж чадахгүй байдгийн гол шалтгаан нь албан тушаалын төлөөх өрсөлдөөн, нам доторхи хагарал. Тэдний энэ үйлдэл нь улс төрийн нам гэж харахаас илүү энд тэндхийн намд “гологдсон” нөхдүүдийн цугларал гэж МАХН-ыг харуулдаг, бас харлуулдаг.
Энэ удаад ч тийм л байлаа. Бага хурал эхэлсэн цагаасаа л маргаантай эхэлж, албан тушаал горилогсод намын удирдлагад байгаа хэсэг бүлгийг огцруулах талаар ярьж, шаардлага хүртэл гаргажээ. Хуралд оролцогсод гаргасан шаардлагадаа “УИХ-ын сонгуулиар 16.2 хувийн санал авч байсан нам Ерөнхийлөгчийн сонгуулиар дөнгөж зургаан хувийн санал авлаа. Энэ нь МАХН-ын нэр хүнд өдрөөс өдөрт унаж байгааг харууллаа.
Цаашлаад МАХН-ын удирдлагад байгаа хүмүүс МАХН-ын мянгатын бүрэлдэхүүнийг хайрцаглаж, бодлогоор барьж, тэднийг хор найруулах ажилдаа татан оролцуулж байна. Гүйцэтгэх товчоог хуралдуулахгүй, үлбэгэр сулбагар намыг удирдаж байгаа учраас энэ бүх будлианы эзэн Г.Шийлэгдамба, Д.Тэрбишдагва нарыг огцрохыг шаардаж байна” гэсэн утга бүхий шаардлага аж.
Тэдний хүсээд байгаа нь нэг талаараа зөв. МАХН-ын нэр хүнд өдрөөс өдөрт унаж, намын удирдлагад сууж байгаа хэсэг бүлэг хүмүүс суудлын бөглөө болж, МАН-д хандарч гүйхээс өөрөөр төдийлөн ажиллаж чадаагүй гэдэгт хэн ч санал нэгддэг. Тэд улс төрийн намыг удирдах удирдагчид биш. Парламентад суудалтай, суудалгүй намуудтай ан мана, ач тач үзэлцэж, алдаа оноогоо хэлэлцэх туршлагатай улстөрчид биш гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан.
Гэхдээ энэ нь жинхэнэ улс төрийн эр зориг, намаа гэсэн чин сэтгэл үү, эсвэл албан тушаалд санаархсан хэсэг бүлгийн амбийц уу гэдгийг ялгаж салгах учиртай юм. Энэ удаад тэдгээр шаардлага хүргүүлсэн нөхдүүдийн дүгнэлтийг харахаар зүгээр л од болох гэсэн оролдлого төдий харагдаж байгаа юм. Баримт үндэслэл байхгүй хов живийн хэрүүлээр хийсэн хоёр, гурван удаагийн хэвлэлийн хурлаа тэд удаа дараагийн шаардлага хэмээн тодорхойлсон байна билээ.
Тэд ийм байдлаар Д.Тэрбишдагва, Н.Удвал, Г.Шийлэгдамба нарыг унагаж чадах нь юу л бол. 150 хүн оролцсон хурлын 100 нь эдгээр хүмүүсийг дэмжихэд үлдсэн 50-ын шүүмжлэл үнэ цэнэгүй болно гэдгийг улс төрд болсон болоогүй “чанагдсан” хашир анжигай нар мэдэхтэйгээ биз.
Шаардлага хүлээн авсан нөхдүүд ч зүгээр суусангүй, энэ үеэр. Энэ бүх будлианыг хутгаж байгаа гэх 40 гаруй хүнийг толгой дараалан намын Бага хурлын гишүүнээс хасч хариуг нь барив. Тэдний дотор улс төр судлаач Л.Эрдэнэтуул, МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч н.Оюунбилэг тэргүүтэй хүмүүс байжээ. Гэхдээ эдгээр гишүүдийг хасах болсон шалтгаанаа “Ротаци явуулах үеэр сонгогдож чадаагүй гишүүдийн зүгээс хийж байгаа ажиллагаа” хэмээн тайлбарласан юм. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Харин энэ удаад МАХН-ын олгой тогоондоо хагарч чадсангүй. Энэ үйлдлээрээ тэд ямар өчүүхэн бодолтой, өчүүхэн нам бэ гэдгээ ч харуулж орхив. Энэ Бага хурал намын дарга Н.Энхбаярын эзгүйд болж байгаа гэдгээрээ онцлогтой. Тиймээс ч тэд жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэлээ.
Хамгаалалт гаргаж жүжиг тавьж, олон нийтийн сүлжээгээр О.Баасанхүү гишүүн нь онигоонд орох жишээний. Зүгээр л дэглэлт муутай тавьсан жүжгээрээ тэд Н.Энхбаяргүй бол ямар өчүүхэн бэ гэдгээ хангалттай харуулчихлаа. Н.Энхбаярын нөлөөлөл, удирдлага л энэ намыг нам гэж харуулдаг байж. Н.Энхбаярын хэлсэн үг, хийсэн ажил л МАХН гэх нэрийн нөлөөллийг нийгэмд тод харуулдаг байж. Н.Энхбаяргүй хурлаараа, Н.Энхбаяргүй энэ хугацаанд тэд үнэхээр “жижигхэн” гэдгээ харуулсан.
Албан тушаал, амбийц юунд хүргэдэг, нам дамжсан нөхдүүд ямар үр дагавартай вэ гэдгийг тэд энэ Бага хурлаараа харууллаа. Нийгэмд өдрөөс өдөрт унасаар байгаа нэр хүндээ энэхүү Бага хурлын үеэр тавьсан жүжгээрээ бүр нэг мөсөн дуусгаж тавилаа. Баярлалаа, МАХН-ынханд. Их гоё жүжиг үзлээ. Даанч таалагдсангүй.
Б.Балжир
URL: