Монгол эмэгтэйчүүдийн боловсролыг үнэллээ

 

Бидний амьдарч буй ертөнцөд нийт 774 сая хүн бичиг үсэггүй, үүний 64 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин монголчууд бүгд бичиг үсэг тайлагдсан бөгөөд эмэгтэйчүүдийн боловсролын үзүүлэлт хавьгүй илүү байгааг манай парламентын эмэгтэй гишүүд онцолж байлаа. Тэдний санаачилгаар Зүүн хойд Азийн бүс нутгийн  эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өчигдөр Төрийн ордонд болж, эмэгтэйчүүдийн боловсролын асуудлыг бүс нутгийн хэмжээнд онцлон ярьсан юм. Чуулга уулзалт хоёр үндсэн сэдэв хэлэлцэхээр төлөвлөсний эхнийх нь “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдэв байв. Чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ-ын төлөөлөгчөөс гадна НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцлоо. Харин Японы эмэгтэй парламентчид ирэхээр товлож байсан боловч хойшлуулшгүй чухал ажил гарсны улмаас ирж чадахгүй болсноо илэрхийлж, илгээлт ирүүлжээ. Мөн манай эмэгтэй парламентчдаас гадна улс төр, нийгэм, эдийн засаг, сэтгүүл зүй зэрэг хэл салбарын төлөөлөгч оролцлоо.

Чуулга уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд нээхдээ “Өнгөрсөн 2012 онд болсон парламентын ээлжит сонгуулиар 11 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон. Өнөөдөр УИХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал санаачилга томоохон үүрэг гүйцэтгэж байна” хэмээв. Мөн тэрээр манай оронд төдийгүй бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүд улс орныхоо амьдралд улам их үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргах төвшинд олноороо ажиллах болсон нь нийгмийн дэвшлийн илрэл гэж үзэж байна. Цаашид манай орны хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог улам нэмэгдүүлэх томоохон орон зай, боломж байгаа гээд УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зохион байгуулагдаж, бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ард түмний төлөөлөл-парламент хоорондын сайн харилцаа, түүний дотор эмэгтэй гишүүдийн үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлов.

Гадаад харилцааны сайд Л.Болд   “Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг манай бүсийн бүх орон, түүний дээр НҮБ, түүний системийн байгууллагууд дэмжиж байгаад бид сэтгэл хангалуун байна. Зүүн хойд Азийн зургаан оронд тулгарч буй нийтлэг асуудлууд, бидний нийтлэг ашиг сонирхлын сэдвүүдээр яриа хэлцээ өрнүүлж, эдгээр асуудлаар хамтран ажиллавал бие биендээ харилцан туслаж, хамтын хүчээр улс орноо хөгжүүлэх боломж илүү их байх юм” гэв.

УИХ-ын ги­шүүн М.Батчимэг эмэгтэйчүүдийн хувьд үн­дэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн гээд бүхий л төрлийн ялгаанаас үл хамааран гэр бүл, үр хүүхдийн маань сайн сайхан, улс орны амгалан тайван амьдрал хамгаас чухал байдаг билээ. Тийм ч учир хаана улс төр, шийдвэр гаргах төвшин дэх эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна, тэнд амьдралын чанар сайжирч, ахиц дэвшил гардаг гэдгийг цаг үе харуулж байна хэмээн онцолсон.

Хуралдааны үеэр төлөөлөгчид Ардчиллын боловсролын асуудлаар НҮБ болон ЮНЕСКО-гоос гаргасан тогтоолууд, Энх тайван ба хөгжил дэвшлийг урагшлуулахад дэлхийн иргэнийг төлөвшүүлэх ЮНЕСКО-гийн зорилтын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэв. Монгол Улс Ардчиллын боловсролын тухай тусгай тогтоолыг 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 67 дугаар чуулганаар батлуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн нийт 193 орны дэмжлэг авчээ. 49 орон хамтран зохиогчоор орсон энэхүү тогтоол нь ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-аас гаргасан анхны тогтоол бөгөөд үүнийг “Түүхэн тогтоол” хэмээн олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн юм байна.

Мөн ЮНЕСКО-гийн төлөөлөгч Еөнис Смит энх тайван ба хөгжил дэвшлийг урагшлуулахад дэлхийн иргэнийг төлөвшүүлэх ЮНЕСКО-гийн зорилтын гүйцэтгэх үүргийн талаар илтгэл тавьсан юм. Тэрээр Монгол Улс ардчиллын боловсрол, иргэний оролцоог хөхиүлэн дэмжихэд манлайлж байна хэмээн илтгэлдээ дурдсан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол эмэгтэй парламентчдын хувьд нийгэмд тулгараад байгаа дөрвөн гол асуудалд анхаарлаа хандуулан, идэвх санаачилга гарган ажиллах нь илүү үр дүнтэй болно гэдгийг онцолсон. Гэр бүлийн гишүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн үнэлэмжийг өсгөх агуулга бүхий бодлого, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэй хууль тогтоогчид санаачлан оролцох учиртайг хэлсэн.  Түүнчлэн эмэгтэйчүүдийн цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэт­­­гэхэд эмэгтэй пар­ламентчид түлхүү анхаарах шаардлага тулгарч байгааг онцолж байлаа. Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх зөв бодлого, хөтөлбөр хэрэгжүүлбэл эмэгтэйчүүдийн ядуурал, цаашлаад нийгмийн ядуурал буурна гэж үзэж байна гээд эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж, үлгэрлэх, тэднийг урам зоригоор тэтгэж байхыг уриалсан. Чуулга уулзалт өнөөдөр үргэлжилнэ.

 

М.ЦЭЦЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих