Дэлхийн хогийн сав монгол

694421e6a7deff54bigБид хогийн саванд юу хаядаг билээ. Хэрэггүй болсон бүх л зүйлээ хаядаг. Харин хогоо хаясны төлөө хогийн сав надад мөнгө төлдөг билүү. Яахав уусан ундааныхаа савыг цуглуулж байгаад тушаавал хэд гурван төгрөг болно л доо. Харин хаясан хогны минь тоогоор мөнгө өгдөг хогийн сав байдаг бол сайхан. Гэхдээ тийм хогийн сав байх шиг байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг савнаас арай ондоо, арай ахисан төвшинд. Тэр хогийн савыг Монгол гэдэг. Дэлхийн улс орнууд энэ хогийн саванд хаягдлаа хийдэг. Үйлдвэрлэл олигтой хөгжөөгүй, хэрэгцээгээ хангахын тулд импортод түшиглэхээс өөр аргагүй , ингэхдээ ядуу дорой ардынхаа эрэлтэд нийцүүлэн хямд үнийг гол зорилгоо болгосон улсынхаа дүр төрхийг хогийн савтай зүйрлэсэндээ хүлцэл өчье. Гэвч бодит байдал ийм л байна. Японд хуучин машины асуудал хурцаар тавигддаг байлаа.

Жижиг газар ну­таг­тай улсад хэрэг­лээнээс гарсан машиныг шамшийлгаад хогийн цэгт хадгална. Унаж явсан машинаа хаяхын төлөө шинэ машин авахын дайны төлбөр төлдөг тогтолцоотой. Харин тэрхүү хогийг нь худалдан авдаг орнууд бий болсноор Япон улс энэ асуудлаа шийдэж чадсан гэдэг. Мэдээж төмрийн хаягдлыг нь сайн дураараа авдаг гол худалдан авагч нь Монгол юм. Манайд жилд 60-70 мянган машин импортоор орж ирдэг гэсэн мэдээлэл бий. Тэдгээрийн дийлэнх буюу 70 хувийг Японоос импортолсон хуучин тээврийн хэрэгсэл эзэлж байна. Өөрсдөө машинаа үйлдвэрлээд унаж чадахгүй, дээрээс нь хямдхан шиг үнээр хөл дүүжлэх унаатай болчих сонирхолтой манайхны хувьд өөр сонголт байхгүй. Агаарын бохирдол, авто замын осол гээд тэдгээр хаягдлын байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлж байгаа хор хохирол их байгааг мэдсээр байвч эвдэрчихэлгүй хэдэн жил зүтгэдэгт нь харин ч баярладаг. За тэгээд нөгөө хаягдлынхаа элдэв янзын сэлбэг, дугуйг мөн л үнэ төлж худалдан авдаг. Гадны улсаас аюултай хаягдлыг нь мөнгөөр худалдаж авчихаад, хэрэглээд дуусахаараа зууханд хийж, бөөн бөөн хорт утааг агаарт цацаж, эцсийн шатандаа бидний уушгинд хорт хавдар болон эргээд мэндэлж байгаа хуучин дугуйны асуудлыг манай сонин хөндөж байгаа билээ.

Өдөр тутам хэрэглэж байгаа хуучин автомашинаас гадна Европын орнуудаас жинхэнэ утгаараа хог болж орж ирдэг бүр хуучны машинууд бий. “Чингис” зочид буудлын ард байх талбайд ийм машины бүхэл бүтэн үзэсгэлэн бий. Хүсвэл тэр дундаас сонгоод 4-6 сая төгрөгөөр худалдан авч болно. Харамсалтай нь энэ машинууд нэг жилээс илүү явахгүй л болов уу. Монгол орныг сурталчлах нэрээр жил бүр зохиогддог “Монгол ралли” арга хэмжээний дагуу Английн Лондон хотоос Улаанбаатар хүртэл газраар явуулж, эцсийн хүчийг нь шавхан авчраад хаядаг машины сэг гээд хэлчихэд буруудахгүй л дээ. 2004 оноос эхэлсэн “Монгол ралли” арга хэмжээний хүрээнд жил бүр Улаанбаатарт 500 орчим хог орж ирдэг. Адал явдалд дуртай гэх гадаадын жуулчид маш хямдхан үнээр худалдаж аваад Монголд авчран хаядаг гэсэн үг. Түргэн тусламж, онцгой байдал гээд төрөл бүрийн салбарт хандив болгоно гэсэн нэрээр эдгээр машиныг гаалийн татвараас чөлөөлдөг. Зарим нь бүр 1950 онд үйлдвэрлэгдэж, урт удаан замыг арайхийн туулж ирээд манай нутагт ясаа тавьж буй энэ олон төмрийн сэг жинхэнэ утгаараа хог болж буй нь энэ. Лав л энд тэнд хандивлалаа гэхийг нь сонссонгүй, хотын гудамжаар явахыг нь харсангүй. Харин хөдөөд бол байдаг гэнэ лээ. Хямдхан шиг худалдаж аваад гэр лүүгээ жирийлгэсэн зарим нь замдаа нөгөөх нь эвдэрч, хэмх шатсан тухайгаа ч ярьдаг. Энэ бол гадныхны төмрийн сэгээ далд оруулах хялбархан бөгөөд зальжин арга. Бас хажуугаар нь мөнгө угаах томоохон бизнес нь. Зуучлагч байгууллага нь Монголын талтай хийх гэрээндээ хандивлаж байгаа учир татвараас чөлөөлөхийг онцгойлон сануулж, татвараас чөлөөлөхгүй бол гэрээ нь хүчингүй болох тухай заавал оруулдгийг 2010 онд хийсэн нэгэн гэрээнээс олж харлаа. Уул уурхай, хөдөө аж ахуйгаас эхлээд төрөл бүрийн жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн бараа, “Нарантуул”-ын хаалгаар ороход л хөглөрч хэвтдэг комиссын хувцас гээд “Монгол” хэмээх хогийн саванд хаях зүйл мундахгүй их. Урд хөршөөс их хэмжээгээр орж ирж байгаа хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн, хор, эм нь мэдэгдэхгүй төрөл бүрийн амин дэмүүд, угтаа бол энэ бүхэн ерөөсөө л хог юм. Бид сайн дураараа хог худалдан авч, эцсийн дамжлагыг нь өөрсдийнхөө биеэр явуулж, эрүүл мэнд, байгаль  орчноо золионд гаргаж байгаа хэрэг билээ. Гагцхүү өргөн уудам нутаг дэвсгэр минь гадныханд илүү харагдаж, хямд үнээр хэрэгцээгээ хангах монголчуудын чадал дээрээс нь хүсэл л эх орноо хогийн сав болгож байна. Хогийн савны тухай яриа хамгийн аймшигт хэлбэрээрээ буюу цөмийн хаягдлын тухай өрнөж эхэлсэн нь энэ бүхэн хэрхэн хэмжээнээсээ хальсныг харуулж байх шиг.

 

Б.СОЛОНГО /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Сэтгэгдэл бичих