Н.Номтойбаярын дэлгэсэн тогтоол хууль бус байв уу, андуурал уу

20131124111105УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Мунзуй” хэмээх Г.Нямдоржийг яллагдагчаар татах мөрдөн байцаагчийн тогтоолыг твитр хуудастаа тавьж жиргэсэн нь багагүй шуугиан тарьж байна. Учир нь түүний энэ жиргэсэн тогтоол нь зөвхөн хуулийн байгууллагынханд байх ёстой баримт бичиг. Мөн хавтаст хэргийн нууцад хамаардаг. Нөгөө талаар яллагдагчаар татах тогтоолын он сар нь 2013 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр хэмээн бичигджээ. Гэтэл найман өдрийн өмнө буюу 21-ний өдөр энэ хуудас твиттерт тавигдсан нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуулийнханд нөлөөлж, эрх мэдлээ урвуулан ашиглав уу гэсэн хардлагыг бий болгоод буй юм. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүн мөрдөн байцаагчтай үгсэн тохирч Г.Нямдорж гэдэг хүнийг яллагдагчаар татахын тулд цаг хугацаанаас нь өмнө албан бичиг үйлдсэн байж болзошгүй гэх таамаг гарав.

Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Сүхбаатар дүүргийн прокурорын хэлтэс гэсэн байгууллагуудад мөрдөн байцаагчийн гаргасан тогтоол, түүний он сар УИХ-ын гишүүний твиттертээ жиргэсэнтэй адил эсэхийг дотоод хяналт шалгалтаараа тогтоох тухай асуудал өрнөв. Энэ тогтоол хэрхэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гарт орсныг нягтлах тухай ч яригджээ. Харамсалтай нь энэ талаар шуудхан хэлээд өгөх албан тушаалтан олдсонгүй. Бүгд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтнуудаас асуу гэв. Тус төвийн дарга Б.Төгсжаргал “ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтаар энэ асуудлыг шалгаж байна. Яллагдагчаар татах тогтоол үйлдсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч Х.Мандах энэ хэргийн тогтоолыг энэ сарын 7-ны өдөр прокурорт шилжүүлсэн байна. Энэ хэргийг хянаж байсан прокурор нь ажлаар хөдөө явсан. Тэгэхээр яллагдагчаар татах тогтоолын эх хувийг харж байж энэ талаар мэдээлнэ” гэсэн хариу өглөө.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Номтойбаярын өмгөөлөгчийг мөн Мандах гэдэг гэнэ. Энэ хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчийг ч бас Х.Мандах гэдэг. Тэгэхээр Мандах гэсэн нэрээр УИХ-ын гишүүн олон нийтийг төөрөгдүүлж, хуурамч тогтоол твиттерт дэлгэсэн байж болзошгүй гэж үзэж буй нэг хэсэг бий бол нөгөө хэсэг нь тогтоолыг өмгөөлөгч нь гар утсаараа татаж авч, УИХ-ын гишүүнд өгч Н.Номтойбаяр твиттерт жиргэсэн байх гэсэн таамаг гаргажээ. Хэрэв энэ таамаг нотлогдвол хуулийн байгууллагын нууцыг задруулсан хэмээн өмгөөлөгчтэй нь хариуцлага тооцоод зогсохгүй, УИХ-ын гишүүн, хууль тогтоох байгууллагад ажилладаг хүн өөрөө олон нийтэд хэргийн нууцыг задруулсан нь тухайн гишүүний ёс зүйн асуудлыг ч хөндөхөд хүргэж болзошгүй гэнэ.

Харин   Сүхбаатар дүүргийн нэгдүгээр чиглэлийн ахлах мөрдөн байцаагч Х.Мандах ЦЕГ-т өөрийнх нь тогтоол цахим ертөнцөөр дэлгэгдсэн тухайд илтгэх хуудас бичсэн гэнэ. Энэ илтгэх хуудаст “Томилолтоор явсан прокурорыг ирэхээр яллагдагчаар татах тогтоолын эх хувийг харж байж тайлбар хийе. Энэ тогтоолыг энэ сарын 7-ны өдөр прокурорт шилжүүлсэн. Тогтоолын хуулбар байхгүй тул эх хувиа харъя” гэсэн утгатай зүйл бичсэн байна. Албаны эх сурвалжийн ярьж буйгаар бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гарт орсон тогтоол жинхэнэ бөгөөд мөрдөн байцаагч он сарыг андуурч бичсэн. Энэ нь техникийн алдаанд тооцогдоно. Тэгэхээр мөрдөн байцаагчийг ажлаас нь халах ч юмуу ямар нэгэн хариуцлага тооцохгүй. Харин захиргааны арга хэмжээ аваад өнгөрөх байх” гэсэн юм. ЦЕГ-ын даргын зөвлөл мөрдөн байцаагчийн тогтоол жинхэнэ бөгөөд аравдугаар сарын 29-ний өдөр гэж бичихийг андуурч арваннэгдүгээр сарын 29-нд гэж бичсэн байх магадлалтай гэж үзэж буй аж.

Г.Ялгуун
TV5

URL:

Сэтгэгдэл бичих