Нийслэлээс бусад газар амьдарч байгаа бол татварыг нь хөнгөлнө
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар найман асуудлыг хэлэлцлээ. Юун түрүүнд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна.
Энэхүү хуулийг УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн санаачилсан бөгөөд үндсэн санаа нь говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох болон татварын хөнгөлөлт өгөх тухай юм. Гэвч АН-ын бүлэг эхлээд алслагдсан болон говийн бүсээ аймаг сумаараа тодорхой болгох хэрэгтэй гэж үзсэн аж. Мөн тэнд байгаа Монгол Улсын иргэдээ төрийн албан хаагч мөн бишээр нь ялгах нь зохимжгүй гэж үзсэн байна.
Тиймээс Улаанбаатар хотоос бусад газар амьдарч байгаа хүмүүстээ хүн амын орлогын татварын бодлогоор нийтэд нь зохицуулвал илүү үр дүнтэй юм аа гэсэн саналыг тус бүлгийн гишүүдийн олонх үзсэн гэнэ. Тэгэхээр дээрх хуулийн төслөө эргүүлэн татаж бүлгийн гишүүдийн гаргасан саналыг нэмж оруулж ирэхээр болжээ.
Түүнээс гадна олон хүүхэдтэй эхчүүдэд олгох одонгийн шинэ хууль хуучин БНМАУ-ын цол, одон медалийн зарим заалттай зөрчилдөж байгаа тул БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл орж ирсэн байна. АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж байр суурь нэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байна. Энэ хуулийн дагуу хуучин зохицуулалтгүй байсан ялангуяа авлига, албан тушаалтнуудтай холбоотой, гэнэт хөлжих баяжихтай холбогдуулан эрүүгийн хариуцлага тооцох тухай илүү боловсронгуй болж ирсэн гэж байлаа.
Энэ асуудлыг АН-ын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай бас нэгэн хуулийн төслийг АН-ын өчигдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Энэ нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж сонгууль будлиантуулах нь зэвсэг барьж төрийн эрхийг авахтай адил гэж үзсэн тул энэ чиглэлийн хууль зөрчсөн үйл ажилллагаанууд дээр эрүүгийн хариуцлага тооцож байх юм.
Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг мөн хэлэлцээд таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, илүү боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзжээ. АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх байсан дараагийн асуудал нь Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан юм. Гэвч төрөөс баримтлах бодлого гэдэг нь практик ач холбогдол багатай, УИХ-ын тогтоолоор баталдаг, хуулийнхаа дор нь орчихдог боловч хуулиасаа дээгүүр зохицуулах санаа агуулагддаг баримт бичгүүдийг УИХ цаг заваа гарздаж батлаад явах нь учир дутагдалтай байна.
Хэрэв шаардлагатай гэж үзвэл Засгийн газар тогтоолоор батлаад явж болно гэдэг байр суурин дээр АН-ын бүлэг тогтсон аж. УИХ-аас баталж байгаа хууль бүр төрийн бодлого байдаг. Тиймээс энэ зарчмаараа явъя хэмээн үзэж байгаа аж. Тиймээс цаашид УИХ-аас төрөөс баримтлах бодлогын чанартай асуудал хэлэлцвэл АН-ын бүлэг оролцохгүй гэнэ.
Түүнээс гадна өчигдөр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн тухай хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал дүгнэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.
Б.Энхжаргал
URL: