С.Мишигийг хэрхэх нь С.Даваазулаас шалтгаална

11-22-3М.МӨНХЦЭЦЭГ

“Эрдэнэт Чандмань” ХХК-ийн захирал С.Мишигийг 2-28 дугаар байрны оршин суугчид шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ. Харин АТГ-аас шалгаж үзээд, С.Мишигтэй холбоотой иргэдийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгах бүрэлдэхүүнтэй хэрэг байна гэж үзэн Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн. С.Мишиг яагаад хууль хяналтын байгууллагын үүд сахих болов. Түүнийг Мэргэжлийн хяналт, шүүх зэрэг байгууллага дийлэхгүй байгаа гэсэн. Энэ удаад цагдаа хүчрэх болов уу, яах бол гэж түүнд хулхидуулсан 50 гаруй өрхийнхөн сэтгэл түгшиж сууна.

Хэдэн жилийн өмнө орон гэргүй хүмүүс орогнож, хогийн толгой шиг болгосон “Оюут баг” дахь 2-28 дугаар байрыг шинэчлэн засварлаж, 50 гаруй айл энэ байранд нүүн орсон. Гаднаас нь харахад цэвэрхэн, тохилог болов уу гэмээр энэ орон сууцнаас байр худалдаж авсан иргэд өнөөдөр гасалж, толгой руугаа шааж сууна. “Эрдэнэт Чандмань” компанийн захирал С.Мишигийг тохьтой, томоотой хүн гэж хүмүүс үнэлдэг байх.

Тэгвэл энэ хүн 2-28 дугаар байрыг худалдаж аван, дахин засварлаж, иргэдэд худалдахдаа ёстой “нүглийн нүдийг гурилаар хуурсан” байх юм. Сантехникийн эд анги, хоолойг нь Хятадын зах зээлээс аль хэдийнэ түрэгдэж гарсан хамгийн хямд, чанаргүй эдээр хийснээс дээрх түмэн зовлон үүсчээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө 2009 оны арваннэгдүгээр сарын 24-нд уг барилгыг хүлээн авсан Улсын комиссынхны дэргэд “Эрдэнэт Амьдрал” ХХК-ийн мэргэжлийн хүмүүс дулаан, цэвэр, бохир усны шугмыг үзэж шалгаад долоон төрлийн ноцтой зөрчил байгааг цаасан дээр буулгаж, арилгахыг С.Мишиг захиралд үүрэг болгосон аж. Тухайн үед С.Мишиг “Дулааны улирал ирэх үеэр бүх доголдлоо засна” гэж ам үүрэг авчээ. Гэсэн ч энэ үеэс өнөөдрийг хүртэл “Эрдэнэт Чандмань” компани оршин суугчдын өргөдөл, гомдол, тус байрыг дулаан, усаар хангаж байсан “Эрдэнэт Амьдрал” компанийн шаардлагыг ч тоохгүй явж иржээ.

Урьд нь архичид, тэнэмлүүд цугларч байнгын хэрүүл, шуугиан дагуулдаг байсан 2-28 дугаар байр дахиад л хэл ам таталж эхэллээ. Эндэхийн айлуудын цэвэр, бохир усны хоолой нь чангахан ханиахад л бараг тас үсэрчихээр хариугүй хуванцар хоолойгоор хийсэн. Байранд подваль байхгүйгээс аль ч давхрын айлын 00-ын өрөөнөөс бохирын ус халихад нэг давхрын айлуудын угаалгын өрөөнд гаргасан нүхээр татаж цэвэрлэдэг учраас тэр айлд ямархуу агаар уурших нь ойлгомжтой. Уг байрыг хариуцдаг байсан “Эрдэнэт Амьдрал” ХХК-ийн ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн “Стандартын шаардлага хангахгүй хоолойгоор халуун ус дамжуулахад хэзээ мөдгүй хаагуур ч гэсэн хагарахад бэлэн тул өгөх ёстой градусаас багасгаж тавьдаг” гэж одоогоос жилийн өмнө ярьж байсан. Зөвхөн нэг жилийн хугацаанд энэ байрны оршин суугчдаас 200 гаруй дуудлага ирж, тэр хэрээр дулаанаар хангагч компанийн ажилд чирэгдэл учруулдаг байж. Зөвхөн хүйтний улиралд ч биш халуун, дулаан үед шугам хоолой нь энд тэндгүй задарч, оршин суугчид олон хоногоор гэрээ эзэнгүй орхих аргагүйд хүрдэг.

Хэрвээ эзгүй үеэр гэрийнх нь шугам хоолой задарч, ус алдвал байрны усыг тэр чигээр бүх айлынхыг хаачихдаг. Бичээд байвал дуусахгүй түмэн зовлон, бэрхшээл энэ байрныханд хангалттай бий. Орцонд нь хоолой хагарч, халуун уур дэгдсэнээс хүйтний улиралд битүү мөсөн бүрхүүл тогтчихдог. Энэ айлууд тав тухтай амьдрах эрх чөлөөгөө “Эрдэнэт Чандмань” компанийн С.Мишиг захирлаар хасуулж, хохирч байна.

С.Мишиг сантехникийн эд ангийг маш чанаргүй зүйлсээр хийж, хуурснаас өнөөдөр дээрх 50 айлыг түр нүүлгэн шилжүүлж байгаад алдаагаа засаж, дахин засварлах уу, эсвэл худалдан авсан мөнгийг нь буцаан төлж хохирлыг нь барагдуулах уу гэдэг хоёр сонголт үлдээд байна. Гурван жилийн хугацаанд оршин суугчид С.Мишиг захирлын компанийг шүүхэд өгч, “Эрдэнэт Амьдрал” компани мөн шүүхэд гомдол гарган, Хотын Захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа гомдол гаргажээ. Яаж ч ярьсан, хэлсэн нэмэр болдоггүй. Одоо бүр цагаандаа гарч, С.Мишиг захирал шаардлага тавьсан дулаанаар хангагч компанийнхныг дарамталсан үг шидээд сууж байх болжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга ярьсаар улиг болсон энэ сэдвийг бид дахин сөхөж байна. Шинэчлэлийн Засгийн газраас хариуцлагагүй барилгын компаниудын “чихийг мушгисан” явдал үнэхээр цаг үеэ олсон сэдэв. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ч тэднийг хөдөлгөж, сахилга хариуцлага ямар байх ёстой, иргэдийн эрх ашгийг хохироосон аливаа үйлдлийг таслан зогсоохыг мэдрүүлсэн. Хотын Захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Шүүх зэрэг хууль хяналт, төр захиргааны  байгууллагууд С.Мишиг гэдэг нөхрийг дийлэхгүй байна. Хуучнаар “Эрдэнэт Амьдрал” компанийнхан аймгийн удирдлагад хандаж, орон нутгийн төсвөөс энэ байрны сантехникийн засварыг хийлгэх талаар асуудал дэвшүүлж байсан.

Иргэдийн эрх ашиг хохирсон ч гэсэн хэн нэгэн хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүсийн бурууг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж болохгүй байх.  Дөрвөн давхар байранд мансард нэмж, таван давхар болгосон “Эрдэнэт Чандмань” компанийнхан дээд давхрынхнаа усан далайд умбуулж байгааг хэвлэлийн хуудсаар дайх гэсэн юм. Оршин суугчдыг хохиролгүй болгоход одоо ганцхан аймгийн Цагдаагийн газрын дарга С.Даваазулд л найдах үлдэж байх шив. Олон хүний гомдлыг барагдуулан, С.Мишигт хуулийн хариуцлага тохоож, иргэдийн талд шийдвэр гарах болов уу. Монголд төрийн хууль шударга үйлчилдэг эсэхийг 2-28 дугаар байрныхан хүлээж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих