Ч.Хүрэлбаатар: Ардчилсан намд ард түмнээс нуух юм байна
Д.БОЛОР
УИХ-ын нэгдсэн чуулганаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд алт олборлогчдын төсөвт төлөх татварыг бууруулахаар заасанд олон хүн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцлээ. МАН-ынхан энэ төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны хувьд?
-УИХ дахь МАН-ын бүлэг Алтны худалдааг ил тод байлгах нөхцлийг бүрдүүлэх, хариуцлагыг нь өндөржүүлэх тал дээр дэмжиж байгаа. Энэ хуулиар УИХ нь, Засгийн газар ямар үүрэг хүлээх, Монголбанк ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг нь нарийн тодорхойлж өгсөн учраас дэмжиж байгаа. Ардын намын бүлгийн эсрэг байгаа байр суурь бол Оюутолгойд дахиад татварын хөнгөлөлт өгөх нь гэж. Яагаад гэхээр Оюутолгой 1800 тонн алтын нөөцтэй. Тэгвэл хуульд зааснаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн таван хувийг 2.5 болгож бууруулвал Оюутолгойд хамгийн багаар тооцож үзэхэд гурван тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлэхээр болж байгаа юм. Энэ бол маш их мөнгө. Үүнийг л эргэж хараач гэж байгаа юм. Хоёрдугаарт, алтны худалдааг ил тод болгоно гэсэн хуулийн төслийг хаалттай хэлэлцэх ямар ч шаардлага байхгүй. Ил тод болгоно гэчихээд хаалттай хэлэлцээд байх нь зөв үү. АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийг хаалттай хэлэлцэх санал гаргасан. Тэдэнд ард түмнээс нуух юу байгааг ойлгохгүй байна.
-Хаалттай хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн юм бэ. Улсын нууцтай холбоотой асуудал байсан гэж үү?
-Улсын нууц гэх юм тэнд юу ч байхгүй. Бүгд ил тод зүйл байсан. Эрх баригч хүчинд ард иргэдээс нуух зүйл байжээ гэж харж байна.
-Энэ төсөлтэй давхцаад “Алт” хөтөлбөрийн үр дүнг хүмүүс ярьж байна. Таны бодлоор “Алт” хөтөлбөр хэр ашиг өгөв?
-Хоёр талтай. Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлэх, эдийн засгийг түргэтгэх тал дээр эерэг зүйл бий. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Сөрөг тал нь гэвэл байгаль орчинд үзүүлсэн хор хөнөөл юм. Байгаль орчныг нөхөн сэргээхэд хууль, эрх зүйн зохицуулалт нь дутуу. Төрийн зүгээс ч хяналтаа сайн тавьж чадаагүй учраас байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөө нь эдийн засагт оруулсан эерэг үзүүлэлтээс давах талдаа орчихсон. Тийм ч учраас урт нэртэй хууль ард иргэдийн дунд дэмжлэг өндөр байсан биз.
-”Алт” хөтөлбөр хэрэгжсэнээр байгаль орчин их хэмжээгээр сүйдсэн гэдэг. Хэрэв энэ хууль батлагдвал дээрх сөрөг үр дагавар нь давтагдах уу?
-Хуулиар зөвхөн худалдааг нь ил тод байлгаж байгаа. Бусад нь хэвээр үлдэнэ. Мэдээж татвар буусан тохиолдолд аж ахуйн нэгжийн алт олборлох сонирхол эрс нэмэгдэх байх.
-Монголбанкны ерөнхийлөгч телевизэд “Төсвийн тодотгол хийж, алтны худалдааг ил тод болгочихвол ирэх онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрнэ. Би амалж байна” гэж хэлнэ лээ. Эдийн засгийн өсөлт энэ хуулиас хамааралтай гэж үү?
-Үүнд тооцоо судалгаа хийж үзэж байж хариулт өгөх нь зөв байх. Гэхдээ алтнаас авдаг татвар буурчихвал алтны үйлдвэрлэл өссөн ч төсөвт орох орлого нь бага байна. Тэгсэн атлаа байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл ихтэй, дээр нь эдийн засгийн хоосон үзүүлэлт хэнд хэрэгтэйг ойлгохгүй байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: