Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит XVII хуралдаан Москвад болно

zh1123-middleЗасгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

“Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г ирэх оны 6 дугаар сараас хэрэгжүүлнэ

Олон улсын нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс өнгөрсөн 10 дугаар сарын 12-нд нэгдсэн. Энэ хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм хамтран хэрэгжүүлэх “Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжиж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.

Үндэсний төлөвлөгөөнд төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлэх, авлигыг бууруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр 11 зорилго дэвшүүлэн 30 орчим үйл ажиллагааг төлөвлөжээ. Үүнд, “Шилэн данс”, “Шилэн тендер”-ийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэг багтсан байна.

Ирэх оны 6 дугаар сараас төлөвлөгөөг хэрэгжүүлэх бөгөөд хоёр жил тутамд Олон улсын нээлттэй засгийн түншлэлд эргэн тайлагнах ажээ.

Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит XVII хуралдаан Москвад болно

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит XVII хуралдаан энэ сарын 26,27-нд Москва хотноо болно.

Энэ удаагийн хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн биелэлт, Монгол Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Хуралдаанаар Засгийн газрын хоорондын дэд комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцана.

Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва ахална.

Товч мэдээ

·“Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, түүний хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 28-31-нд БНАСАУ-д хийсэн төрийн айлчилсан. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

·Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих