МАН-ын залуу генсек харизматик лидер болох уу
Ардын намын арванхоёр дахь Ерөнхий нарийн бичгийн даргад шинээр сонгогдсон Ж.Мөнхбат хэвлэлийнхэний төдийгүй олон нийтийн сонирхолыг хамгийн их татсан фигурээр тодроод байна. УИХ-ын даргын туслах, Ерөнхийлөгчийн Тамгын газрын референтээс монголын хамгийн том намын нөлөө бүхий залуучуудын байгууллагын генсек, улстөрийн байнгын хорооны дарга, Үнэн сонины эрхлэгч, нарийн бичгийн дарга гээд барагтай аавын хүүгийн гуйгаад ч олддоггүй албан тушаалуудыг гуядан авч, гучин дөрөвхөн насандаа энэ том намын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг атгалаа, тэр.
Сэтгүүлчдийн дундаас төрсөн генсек гэж хэвлэлийнхэн ч түүнд ам сайтай байгаа. Тус намын анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар 28 насандаа сонгогдож байсан Ю.Цэдэнбал агсны дараа тодорсон хамгийн залуу генсек хэмээн түүхэнд бичигдэж байна. 1996 онд болсон генсекийн өрсөлдөөнд гучин найман насандаа залуугаараа сонгогдсон гэгдэж байсан Н.Энхбаярын амжилтыг ч эвджээ.
“1999 онд МАН-ыг ялагдал хүлээсэн сөрөг хүчин байх үед нь гишүүнээр элссэн хоёрдугаар курсын оюутан хүүгийн, өнгөрсөн он жилүүдэд энэ намын төлөө хөдөө хөхөрч, гадаа гандаж, яв, хий,жагс, тэмц гэсэн бүхэнд нь хоёргүй сэтгэлээр зүтгэсэн зүтгэлийг хамт олон маань үнэллээ” хэмээн тэрээр сонгогдсоныхоо дараа даруухнаар хариулсан. Үнэхээр түүний үеийнхэн дотроос энэ намын төлөө сайн муугаараа хэлүүлж, жагсаал, сонгууль бүхэнд нь хоолойгоо сөөтөл зүтгэсэн хүн ховорхон. Саяхан болж өнгөрсөн ширүүн өрсөлдөөнд түүний ард хуучин том дарга нар нь биш хэдэн бор найзууд нь, халтайтлаа хамт зүтгэсэн намын нөхөд нь байж тууштай дэмжсэн гэдэг нь ч нууц биш.
Охид хүүхнүүдтэй нэр холбогдож, казино тоглосон гэгддэгийг нь эс тооцвол сөрөг имиж багатай. Олон арван хит дуу, хоёр жүжиг, түүхэн том кино бүтээж, “Болор цом”-д түрүүлтлээ шүлэг бичсэн тэрээр хэн бүхэнтэй адилгүй этгээд содон намтартай.
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалаас эхэлдэг тус намын генсекүүдийн намтрыг сөхөхөд “чанга”, “зөөлөн” гэсэн дараалал харагддаг. Нам төрийг 44 жил удирдаж ХХ зууны Монгол улсыг босгож ирсэн МАН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал агсныг зарчимтай чанга удирдагч байсан гэдэг. Харин түүний дараа болсон Ж.Батмөнх гуайг аядуу зөөлөн, аливаа асуудлын голыг нь олж, нурууг нь барьж шийдвэрлэдэг хүн байсан гэлцдэг. Тиймдээ ч 1990 оны ардчилсан өөрчлөлтийг нэг ч буун дуугүй, нэг ч амины гарзгүй хийсэн гавьяа хүндлэл энэ хүнтэй салшгүй холбоотой.
Ж.Батмөнхийн дараа Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Г.Очирбат намаар хүмүүжсэн чанга дарга байсан гэдэг. Намын төв хороо, Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажлыг хийж байсан хүн тийм ч байхаас биш яахав. Дараачийн дарга Даш-Ёндон философич хүн учраас дэндүү зөөлөн байсан бөгөөд төвийг сахих Нагаржунайн онол гэгчийг намынхаа улстөрийн үзэл баримтлал болгосон нь тус намыг улстөрийн гэхээсээ илүү гүн ухааны шинжтэй болгож улмаар 1996 оны сонгуульд анх удаа ялагдал хүлээжээ.
1996 онд болсон шинэчлэлийн өнгө аястай хурлаар залуучуудын нүүрээ буруулж байсан МАН-ын генсекээр Н.Энхбаяр гучин найман насандаа сонгогдож нэг жил орчим ажиллаад 1997 онд ерөнхийлөгч болсон Н.Багабандийн оронд намын дарга болсон байна. Н.Энхбаяр чанга гараар МАН-ыг /тухайн үеийн МАХН/ барьж хүчтэй сөрөг хүчин болсноор 2000 оны сонгуульд 72 суудал авч үнэмлэхүй ялж байв.
Н.Энхбаяраас генсекийн суудал хотын намын хорооны дарга байсан Энэбишт шилжсэн бөгөөд намын даргатайгаа ана мана үздэг байсан тэрээр 2000 оны сонгуулийн дараа УИХ-ын дарга болсон. УИХ-ын дарга хийж байхдаа Засгийн Газрын асуудлыг хөндөх хэмжээнд чангарч чаддаг зангарагтай улстөрч байв.
Харин түүний дараах генсек Д.Идэвхтэн зөөлөн хүн байсан бөгөөд бүхнийг “базаж” байсан хүчирхэг намын даргынхаа сүрэнд дарагдаад өнгөрсөн. МАН-ын хяналтын хорооны даргаас бүлгийн дарга болтлоо дэвшсэн түүний ажлыг тухайн үед Оросод элчин сайд байсан С.Баяр авсан юм. Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2007 онд намынхаа дарга М.Энхболдоос намын дарга, Ерөнхий сайдын албыг нь авсан С.Баяр МАН-ын чанга генсекүүдийн нэгд зүй ёсоор тооцогдоно.
Түүний ажлыг хотын намын хорооны дарга, намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр авсан бөгөөд 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа БСШУ-ны сайд, УИХ-ын гишүүн болж дэвшсэн ч МАН-ын “зөөлөн” генсекүүдийн эгнээнд харьяалагддаг. Ё.Отгонбаяраас Ардын намын “чанга” генсекүүдийн фронтыг тэргүүлэх У.Хүрэлсүх хэмээх гал цогтой эр ажлыг нь хүлээж авчээ. Намынхаа нэрийг сольсон, чуулганы танхимд халдашгүй эрхт гишүүнийг “шанаадсан”, гэр бүлийнхээ төлөө УИХ-ын гишүүнээс татгалзсан гээд түүний намтар сонин содон түүхтэй.
Тэрээр ажлаа Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар найздаа өгсөн. МАН-ын түүхэн дэх ялагдлын хамгийн хүнд хэцүү үед намынхаа гал тогоог барьсан Г.Занданшатарын хувьд шуудайтай үхрийн эвэр шиг зөрчилдсөн намаа эвлүүлэх гэж дипломатчийн ур чадвар, хувь хүнийхээ аядуу зөөлөн аргаар чадлынхаа хэрээр зүтгэсэн гэж хэлж болно. Зөөлөн нь хатуугаа дийлдэг ч гэсэн дараалсан ялагдлын шокноос гарах хугацаа МАН-д дэндүү богинохон байсан гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Одоо бол Үнэн сонины эрхлэгч, улстөр судлаач мэргэжилтэй, яруу найрагч “чимэгтэй” арванхоёрдахь генсек Ж.Мөнхбатын цаг ирж байна. Нэгэн цагт Г.Занданшатартай хамт намын дэргэдэх залуучуудын холбоог тэргүүлж, У.Хүрэлсүхтэй хамт жагсаал удирдаж, С.Баяртай хамт намынхаа шатсан байрыг хамгаалж явсан, намынхаа төлөө галд орохоос ч буцдаггүй гэгддэг цэл залуухан генсекээс намын нөхөд нь ч, нийгэм ч хүлээлттэй үлдлээ.
Оросын үе үеийн удирдагчид халзан, үстэй гэж ээлжилдэг шиг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар “чанга”, “зөөлөн” гэж ээлжилдэг болохыг дээрх баримтууд харуулж байна. Сөрөг хүчин болсон МАН-д тэмцэгч дайчин удирдагч хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Хэлэх гэснээ хэнээс ч айхгүй Ж.Мөнхбатад “чанга” генсек байх хонины ээлж таарч буй бөгөөд зангараг, зарчимтай харизматик лидер болох уу, эсвэл аядуу зөөлөн нэгэн байх уу гэдгийг цаг хугацаа харуулна.
URL: