Алтайн хөх өвгөд
Надтай хууч хөөрч буй өндөр өвгөнийг Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Булгантогтохын Дашзэвэг гэдэг ажээ. 1939 онд төрсөн, дал хол гарсан хүн гэхэд дурсамж яриа нь тодхон.
Өврөөсөө ихэд нандигнан боосон хэдэн бичиг баримт гаргаж ирсний дотор “В.И.Лениний мэндэлсний 100 жил, Ардын хувьсгалын 50 жилийн ой угтан ҮЭ-ийн тэргүүний идэвхтэн шалгаруулах аймгийн ҮЭ-ийн Зөвлөлийн нэгдүгээр үзлэгт шалгарсан тул тэргүүний идэвхтэнээр бүртгэж энэхүү гэрчилгээг өгөв. Говь-Алтай аймгийн ҮЭ-ийн зөвлөл. 1970.4.22.” гэсэн нэгэн гэрчилгээ байлаа.
Тэрбээр манай ҮЭ маш том, нөлөө бүхий байгууллага байсан. Одоо ч эгзэгтэй асуудлууд дээр тэмцэл, хөдөлгөөн өрнүүлж үр дүнд хүрч байгаад баярлаж явдаг гэж яриа өрнүүлсэн юм.
Түүний нандигнаж хадгалсан үнэмлэх, баримт бичгүүдээс харахад наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай гэдэгчлэн юм юмтай, ажилсаг, ямар ч ажлыг үр дүнг нь үзэж, чинээнд нь тултал хийдэг хүн юм даа гэж бодогдлоо.
Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд арван хэдхэн настай ногоочин байхдаа аймгийн аварга ногоочин болж байжээ. Тэгээд удалгүй 1959 онд цэрэгт явж бага даргын сургууль, ариун цэврийн зааварлагчийн нэг жилийн сургууль дүүргэжээ.
Цэргээс халагдаад Ховд аймгийн Цэцэг суманд эмч болж зэргэлдээх Дарви, Мөст, Мөнххайрхан сумыг хариуцан ажиллажээ. Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн төлөө ёстой л нойр хоолоо умартан зүтгэж, болохоос нь болохгүйг нь хүртэл хийж, оролдож явсан гэдэг.
Тэгээд хожим 1970-аад онд Алтай хотын Анагаах ухааны сургууль төгсжээ. Ингэж явахдаа ард түмэндээ зөвхөн эрүүл мэндийн туслалцаа үзүүлээд зогссонгүй өрх, сум орноо соёлжуулах, гэгээрүүлэх үйлсэд ихэд чармайн ажиллаж Зэрэг сумаа 1979-1982 онд аймгийн “Соёлч, ариун цэвэрч сум” болгож, өөрөө 1982 онд Ховд аймгийн аварга эмч, улсын тэргүүний ухуулагч болжээ.
Үлгэр дууриалалтай сайн ажилласан гэж Ю.Цэдэнбал даргын илтгэлд “Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын намын хэсгийн зохион байгуулагч Б.Дашзэвэгийн туршлагыг анхааран судалж дэлгэрүүлүүштэй байна” хэмээн нэр заан сайшаагдаж, Улс төрийн товчооноос туршлага дэлгэрүүлэх тогтоол гарснаар хүмүүсийн хөлд нэг хэсэг дарагдсан байна. Дашзэвэг гуай энэ бүхнийг хуучлахдаа байн байн “баримт нь энэ”, “баримттай л юм ярина” гэх ажээ.
Аймгийн бат хүчит манлай заан, аймгийнхаа таван сумын түрүүг авч явсан гэх түүний хүч тэнхээг сум орныхон нь шагшдаг байжээ. 1961 онд юмдаг уу даа. Эмнэлгийн “69″ машин эвдрээд гагнах гэтэл хажуу тийш нь харуулж чаддаггүй. “Би түлхчих үү” гэвэл хүмүүс “Чадвал тэг” гэхээр нь түлхэж хажуулдаад, гагнуур хийлгэж билээ.
Цэцэг суманд ажиллаж байхдаа зургаан настай атан тэмээг хэвтүүлэх гэтэл зөрүүдлээд байхаар нь хоёр бөх рүү нь алгадчихсан чинь уначихсан. Дараа нь босгоод үзтэл дор нь дарагдсан төмөр дөрөө хагарчихсан байсан. Миний чадал тэнхээ эхээс минь уламжлалтай юм гэв.
Түүний ээж Ховд сумын уугуул Бандийн ганц охин Мөнхөө, нөхөрт гараад Умайсаны Шаргай гэгдэх болсон байна. Тэрбээр сааж байгаа үнээг нь сарлагийн бух мөргөөд байхаар хөтөлж холхон аваачиж газар эврээр нь хатгачихаад үнээгээ сааж дуусгадаг, том харганыг булга татаад тэгнэчихдэг, тэмээ байхгүй бол өөрөө үүрээд түүртэлгүй ирдэг байсан гэдэг.
Гэвч энэ эмэгтэй цэл залуугаараа бага насны хоёр хүүхдээ орхиод нас баржээ. Ээжээсээ есөн настай хоцорсон Дашзэвэгийг дүүгийнх нь хамт Зэрэг сумын малчин, авга Бадарчийн Булгантогтох өргөж авч хүн болгожээ.
Б.Булгантогтох маш хөдөлмөрч, малч, хямгач, малд хайртай хүн байсан бөгөөд 1946 онд улсын сайн малчдын зөвлөгөөнд оролцож, “Улсын сайн малчин” цолыг маршал Х.Чойбалсангаас гардан авч таван хошуу малын дүрстэй цул мөнгөн цар, мөнгөн хуц, мянган мал гэсэн бичигтэй хувин, хоёр талдаа “БНМАУ-ын Засгийн газраас дурсгал болгов” гэсэн бичигтэй эрээн майхнаар шагнуулжээ.
Харганы болон хотонд унасан ноосыг түүж бурантаг, аргамж томдог, ямааны хүзүүгээр гурав хоногийн хоол хийдэг, тэр ч байтугай зулбаа, хонь, үнээний хагаар хаврын урт өдрүүдэд хүүхдүүдээ хооллодог хүн байжээ. Харамч, нарийндаа тийм байсан уу гэвэл үгүй.
1953 онд сумандаа хөдөө аж ахуйн нэгдэл санаачлан байгуулж, нэгдэлдээ хөдөлмөрч гэж нэр өгөөд 1500 гаруй малаа нийгэмчлэн, зургаан ханатай, бүрэн тавилгатай гэрээ контор болгон, дээр нь сайн малчны шагнал эрээн майхнаа өгч байсан.
Түүнээс өмнөхөн Зэрэг сумынхаа малгүй, ядуу 36 айлд амьжиргаагаа өөд татаарай гэж мянган мал хуваан өгч байсан гэдэг. Хатуу үгтэй, ширүүн төрхтэй ч хүний өөрийн хэдэн хүүхдийг хямгач, ажилсаг хүн болгон хүмүүжүүлсний нэг нь Дашзэвэг гуай юм.
Дашзэвэг гуай 1954 оноос аймгийнхаа “Хөдөлмөр” сонинд мэдээ, сурвалжилга бичиж нийтлүүлж эхэлснээс хойш 30 жилийн дотор гурван мянган материал бичсэн гэсэн. Тэрбээр 2011 онд “Амин хайртай алтан нутаг” шүлгийн түүвэр, “Алтан тээлийн алдартнууд” номоо хэвлүүлжээ.
“Алтан тээлийн алдартнууд” номонд Ховд аймгийн Зэрэг сумаас төрсөн алдартан 170 шахам хүний товч намтар орсон байна. Тэдгээрийн хамгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн намтар бий. Мөн энд Алтантээлээс төрсөн ахмад дайчид, цуутай бөхчүүд, аймаг цэргийн цолтон, хурдан ажнайнуудыг ч холбогдох он цаг, алдар цолтой нь жагсаасан байна.
Төрөлх сумынхаа тухай түүний хийсэн энэ ном их хөдөлмөр, судалгаа, хууч яриа, намтар түүх агуулжээ. Сумаа ийм сайхан номтой болгосон нь хэдэн арван сая төгрөгөөр босгосон хөшөө, суваргаас үнэтэй санагдана.
Тэрбээр одоо Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үр хүүхэд, ач зээгийн хамт амьдарч байна. Алтайн хөх салхинд гандсан өвгөчүүдийн үр садын нэг түүний яриа буянтай буурал аавыг минь эрхгүй санагдуулж билээ.
Ж.Сэлэнгэ
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Thank you
natural