Хилийн боомтын тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт дахин ярилцахаар хойшлуулав

   УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг гишүүн М.Батчимэг танилцуулсан юм.
  Засгийн газраас 2013 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2013 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
  Тус Байнгын хороод 2013 оны 7 дугаар сарын 03, 11 дүгээр сарын 20-ны өдрүүдийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёр байнгын хорооны хамтарсан тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй 58, найруулгын шинжтэй 8 саналыг хэлэлцэн санал хураалт явуулжээ. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүдээс ирүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
  Боомтын нэгдсэн захиргааг Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах нь зүйтэй гэсэн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй агаад энэ асуудлаар гишүүн Ж.Энхбаяр цөөнх болсон аж.
Харин “Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна” гэсэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
  Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан боомтын хилийн бүсийн талаар тодруулахад ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг энэ хуулиар боомтын бүсэд олгох газрын хэмжээ, хилийн заагийг тогтоох асуудлыг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу УИХ-аас тогтоож байх, харин Боомтын хяналт шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг Засгийн газар тогтоож байхаар болж байгааг хэлэв.
Мөн гишүүн Д.Дэмбэрэл боомтын нэгдсэн захиргаа байгуулснаар орон тоо нэмэгдэх эсэх, олон улсын ангилалтай боомтод эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно гэсэн санал оруулж байгаа юм байна, ийм ангилалтай хэдэн боомт байгааг тодруулсан юм.
Энэ тухайд ажлын хэсгийн ахлагч “Боомтын нэгдсэн захиргаа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд байхаар байнгын хороо дэмжсэн. Одоо энэ газарт боомтын асуудлыг хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч, тодорхой ажилтнууд ажилладаг. Цаашдаа орон тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй, шаардлагатай газарт орон тоо нэмэх нь байж болох асуудал.
Одоо энэ асуудал эзэнгүйдсэн, тодорхой зохицуулалтгүй байгаа юм. Нэгдсэн захиргаа нь цомхон бүтэцтэй, хүнд суртал үүсгэдэггүй байхыг төсөлд тусгасан” гэсэн хариулт өгөв. Мөн тэрээр манай улс одоогоор хилийн 46 боомттой, үүнээс 14 нь олон улсын ангилалтай. Эдийн засгийн чөлөөт бүс нь одоо боомтын хажууд байдаг.
АН-ын бүлгийн саналаар боомтын бүс дотор чөлөөт бүс байж болохоор төсөлд туссан. Цаашдаа Чөлөөт бүсийн тухай хуулиа сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа гэдгээ хэлэв. Мөн гишүүн Ц.Нямдорж хууль батлагдсанаар одоо ажиллаж байгаа хилийн шалган нэвтрүүлэхийн хичнээн ажилтанг энгийн орон тоонд шилжүүлэх, боомтын захиргааны хөрөнгө төсвийн талаар тодруулав.
Энэ талаар гишүүн М.Батчимэг хилийн боомт дахь нэгдмэл улсын зарчмаа төр хэрэгжүүлэх ёстой. Энэ талаар тодорхой хэмжээний хөрөнгө зардал гарч таарна гэсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг энэ чиглэлийн салбарын яамд, мэргэжлийн бүх байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарч, тухайн боомтын ачаа эргэлт, зорчигч эргэлт, байшин барилга нь ямар байх, хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх гээд хилийн боомт бүрээр судалгаа гаргаж байгаа.
Одоогоор 6 боомтын талаарх судалгаа бэлэн болоод байгаа. Боомтын нэгдсэн захиргаа байгуулахад одоо ажиллаж байгаа байгууллагуудын хүн хүчний нөөцөд тулгуурлах зарчим баримтална гэдгийг хэллээ.
  Ингээд асуулт хариулт дууссан тул хоёр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 44, найруулгын шинжтэй 8 саналын томъёолол, мөн уг хуулийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоор санал хураалт явуулж эхлэв.
Тухайлахад, хуулийн төсөлд “боомтын бүс” гэж төрөөс боомтын хэрэгцээнд эзэмшүүлэхээр олгосон тусгай хэрэгцээний газрыг, “олон улсын боомт” гэж олон улсын гэрээний дагуу иргэний харьяаллыг үл харгалзан зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлэх боомтыг, “хоёр талын боомт” гэж хөрш оронтой боомтын асуудлаар байгуулсан олон улсын гэрээний дагуу Монгол Улсын болон хөрш орны иргэн, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлэх боомтыг, “байнгын ажиллагаатай боомт” гэж Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар тогтоосон цагийн хуваарийн дагуу байнга ажиллах боомтыг, “түр ажиллагаатай боомт” гэж боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар түр хугацаанд ажиллах боомт гэж өөрчлөн найруулсан байна.
Мөн хилийн бүсийн газар нь улсын тусгай хэрэгцээнд байх учраас Боомтын нэгдсэн захиргаа нь боомтын бүс дэх газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хууль тогтоомжид заасан эрх хэмжээний дагуу хяналт тавьж байх, боомтын бүсэд газар олгох, эзэмшүүлэх асуудлыг боомтын захиргаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
  Харин хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс, түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна” гэсэн ”АН-ын бүлгийн саналтай холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан энэ саналын томъёоллыг өөрчилж боомтын хажууд чөлөөт бүс байж болохоор тусгавал яасан юм бэ, цаашдын үр дагавар нь төвөгтэй байж мэдэх тул энэ асуудалд түргэн түүхий, хөнгөн гоомой хандалгүй сайн ярилцвал зүйтэй байна гэсэн санал гаргасны дагуу УИХ-ын дарга З.Энхболд хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл хойшлуулж, энэ хороонд ажлын хэсэг дээр сайн ярилцаж нягтлахыг үүрэг болгосноор чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
  Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар гишүүн Ж.Батзандангаас Ерөнхий сайд болон Эрүүл мэнд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нарт тавьсан асуулгын хариуг сонсох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

URL:

Сэтгэгдэл бичих